Монгол Улсын Зэвсэгт хүчний Мотобуудлагын VII батальон ажиллагааны газар оронд хүрэлцэн ирснээс хойш удаагүй байгаа боловч энхийг сахиулах үүргээ амжилттай биелүүлсээр байна.
2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дотоодын дүрвэгсдийн хуаранд орон нутгийн ард иргэд Монгол Улсын Зэвсэгт хүчний Мотобуудлагын батальоны үйл ажиллагаа, ялангуяа 14-нөөс 15-нд шилжих шөнө болсон хэрэг явдалд талархаж баярын цуглааныг зохион байгуулжээ.
Батальоны цэргийн алба хаагчдыг орон нутгийн иргэдийн дунд орж ирэх үед тойрон зогсож байсан хүмүүс “Thank you Mongolia, Thank you MONBATT” хэмээн дуу нэгтэйгээр хашгирч байсан нь манай цэргийн алба хаагчдын үйл хэрэг нэн чухал болохыг илтгэж байлаа.
Баяр хүргэх цуглааны арга хэмжээнд БНӨСУ-ын Юнити мужид суух НҮБ-ын UNMISS ажиллагааны мужийн зохицуулагчХироко Хирахара оролцсон бөгөөд тэрээр энэхүү цуглаан дээр “Монголын батальоны хийсэн бүхэнд баярлалаа, мөн хийх бүхэнд баярлалаа” гэж хэлсэн байна.
Мөн баярын цуглаан дээр дотоодын дүрвэгсдийн хуарангийн иргэд том цаасан дээр “Бид урьд нь маш олон удаа халдлагад өртөж байсан. Гэхдээ одоо биднийг UNMISS ажиллагааны цэргийн багууд хамгаалж байгаа болохоор тайван байна… Баярлалаа, баярлалаа Монбатт”, “Бид бүхэн та нарын ажлыг үргэлж дэмжих болно. Тиймээс биднийг хамгаалсаар байгаарай” гэх зэргээр талархсан сэтгэлээ бичсэн байсан нь өөрийн эрхгүй анхаарал татсан явдал байлаа. Монгол Улсын Зэвсэгт хүчний Мотобуудлагын батальоны хариуцлагын бүс дэх дотоодын дүрвэгсдийн хуаран руу2017 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө зэвсэгтэй этгээдүүд халдсан бөгөөд манай цэргийн алба хаагчид шуурхай, дүрмийн дагуу зөв арга хэмжээ авч ажиллаагүй бол орон нутгийн энгийн иргэдийн амь нас хохирч болох байсан юм.БНӨСУ-д явагдаж байгаа UNMISS ажиллагааны мандатад заагдсан үндсэн үүргүүдийн нэг бол энгийн иргэдийг хамгаалах явдал билээ.
Болсон явдлын дараахан Бентью суурин дахь тус батальоны байрлалд НҮБ-ынUNMISS ажиллагааны Хүчний командлалын штабын дарга бригадын генерал Боед Робэйрт нэг өдрийн ажлын айлчлал хийх үедээ манай цэргийн алба хаагчдыг өндрөөр үнэлж, үүссэн цагийн байдлын үед зөв шийдвэр гаргаж, шуурхай арга хэмжээг мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжүүлсэн болохыг онцолсон юм.
Монгол Улсын Зэвсэгт хүчний Мотобуудлагын батальоны дотоодын дүрвэгсдийн хуаранд зэвсэгт этгээдүүдийн эсрэг явуулсанажиллагаа ньМонгол цэргийн бэлтгэл, мэргэжлийн ур чадварыг илтгэн харуулж, орон нутгийн иргэдийн энхийг сахиулагчдад итгэх итгэлийг нэмэгдүүлсэн бодитой жишээ боллоо.
Дашрамд дурдахад Монгол Улсын Зэвсэгт хүчний Мотобуудлагын батальоны хариуцлагын бүсэд хамаарах дотоодын дүрвэгсдийн хуаранд 120 гаруй мянган орон гэргүй дүрвэгсэд байгаа бөгөөд дэлхийн хамгийн олон дүрвэгсэдтэй хуарангийн нэгд тооцогддог юм. Манай цэргийн багийн бие бүрэлдэхүүний сэтгэл санаа өндөр, үүргээ амжилттай гүйцэтгэж байна.
Н.НАРАН