Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулагчид жанжин туганд хүндэтгэл үзүүллээ

Монголын энхийг сахиулагчидын хоёр баг өнөөдөр Афганистан улсад явагдаж байгаа “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаа болон Суданд улсад явагдаж байгаа энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр Монгол цэргийн оройн дээд сүлд болох Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ ЗХЖШ-ын жагсаалын талбайд боллоо.

Цэргийн багуудын Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг нарын БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, энхийг сахиулах дайчид, тэдний ар гэрийн төлөөлөл оролцсон юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг “Шинэ Кабул” баазын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй ажиллана. Багийн захирагчаар дэд хурандаа Н.Ууганбаяр ажиллах бөгөөд энхийг дэмжих ажиллагаанд өмнө нь гурван удаа үүрэг гүйцэтгэсэн, Зэвсэгт хүчинд 17 дахь жилдээ ажиллаж байгаа манай шилдэг залуу офицеруудын нэг юм. Түүний удирдан ажиллах цэргийн алба хаагчдын 80 орчим хувь нь өмнө нь ажиллагаанд оролцож байсан туршлагатай бөгөөд Зэвсэгт хүчний 30 гаруй анги байгууллагын залуус шигшигдэн бүрджээ.

Энэ өдөр Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлсэн өөр нэг цэргийн баг бол Судан Улсад үүрэг гүйцэтгэх монголын эмнэлгийн цэргийн баг юм. Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хээрийн хоёрдугаар шатны эмнэлгийн цэргийн баг нь 2010 оны 12 дугаар сарын 19-нөөс эхлэн Судан Улсын Дарфур муж дахь НҮБ, Африкийн холбооны хамтарсан энхийг сахиулах “UNAMID” ажиллагаанд оролцож эхэлсэн.

Одоогийн байдлаар эмнэлгийн цэргийн багийн нийт 6 ээлж үүрэг гүйцэтгэсэн бөгөөд 2015 оны есдүгээр сараас долдугаар ээлжийн цэргийн баг ажиллагааны газар оронд үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Ажиллагааны өмнөх бэлтгэл сургалтаа амжилттай гүйцэтгэсэн энэхүү цэргийн багийг Зэвсэгт хүчинд олон жил ажиллаж байгаа туршлагатай дэд хурандаа Г.Наранхүү удирдан ажиллана.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *