Categories
гадаад мэдээ

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди тангараг өргөлөө

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди тангараг өргөлөө. Энэтхэгийн эрх баригч “Бхаратия Жаната” нам дөрөвдүгээр сарын 11-нээс тавдугаар сарын 19-ний хооронд болсон парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулснаар Нарендра Моди Засгийн газрын тэргүүнээр хоёр дахь удаагаа сонгогдож, тангараг өргөж байгаа юм.

Тангараг өргөх ёслолд улс төрийн өндөр албан тушаалтнууд, Болливуудын одод, Бангладеш, Шри-Ланк, Мьянмар, Непал, Бутан зэрэг гадаад улсын төрийн тэргүүнүүд оролцсон бол, зарим сөрөг хүчнийхнээс нь, мөн Пакистаны Ерөнхий сайд Имран Хан зэрэг хүмүүс байлцаагүй байна.

Нарендра Моди сонгуулийн хугацаанд хувийн байр байдлаасаа гадна өнгөрөгч хоёрдугаар сард Пакистаны талтай Кашмирт мөргөлдсөний дараа үндэсний аюулгүй байдалтай холбоотой байр суурь зэргээ хүмүүст илүү харуулахыг чармайж байсныг хэвлэлүүд дурджээ.

Танхимын тэргүүнээс гадна Энэтхэгийн шинэ Засгийн газрын гишүүд тангаргаа өргөөд байгааг ч мэдээлж байна. Хоёр дахь бүрэн эрхийн тангаргаа өргөөд байгаа Засгийн гарын тэргүүн болоод шинэ Засгийн газар Энэтхэгийн эдийн засгийн удаашралыг даван туулах, шинэ ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэх шаардлага шахалттай тулаад байгаа юм.

Үүнээс гадна Энэтхэгийн Сангийн сайд Арун Жетли эрүүл мэндийн шалтгаанаар огцорч байгаагаа зарласнаар сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан Модигийн нам, шинэ Засгийн газар нэгэн шинэ цохилтод орсон гэж хэвлэлүүд бичиж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *