УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн Энэтхэгийн ард түмэнд туслах хандивын аяныг санаачлан эхлүүлж, иргэн Г.Ганбат болон “Өгөх өдөр хөдөлгөөн” ТББ-тай хамтран зохион байгуулахаар болсон байна.
Тус хандивийн аянд улс төрчид, нэр хүндтэй бизнес эрхлэгчид болон иргэд олноор нэгдэхээ илэрхийлсээр байгаа юм.
Монгол улсад 2021 оны хоёрдугаар сарын 21-ны өдөр БНЭУ нь хамгийн эхэнд 150 мянган тун AstraZeneca вакцины буцалтгүй тусламж ирүүлж байсан билээ.
Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг өөрийн Фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Дэлхий нийтийг хамарсан цар тахлыг эрсдэл багатай даван туулахад covid-19 вирусын эсрэг Оксфордын AstraZeneca 150 мянган тун вакцины буцалтгүй тусламжийг Монгол улсад хамгийн анх илгээсэн Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ард түмний сайхан сэтгэлд Монголчууд бид талархдаг. Хэдийгээр Монгол Eлсад цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа ч өнөөдөр БНЭУ-д цар тахал онц аюултай хэмжээнд хүрч, Энэтхэгийн ард иргэдийн маш хүнд байгаа талаарх мэдээлэл Дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Монгол түмний өнө эртнээс “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэдэг сайхан зүйр үгийг санаж энэ хүнд хэцүү үед Энэтхэгийн ард түмэнд Монголын ард түмнээс туслах аяныг эхлүүлснийг та бүхнээс дэмжхийг хичээнгүйлэн хүсэе. УИХ дахь Монгол-Энэтхэгийн Парламентын бүлгийн даргын хувьд би Монгол Улсын Засгийн газар, Гадаад Хэргийн Яам, Монгол Улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчид сайд Г.Ганболд, БНЭУ-аас МУ-д суугаа элчин сайд ноён Мохиндэр Пратап Сингх болон Энэтхэг улсад төгсөгчдийн холбоо, бусад хүмүүстэй холбогдох ажлыг зохион байгуулж ажиллах болно” гэдгээ өнөөдөр өглөө мэдэгдсэн байна.
Хамгийн сүүлийн мэдээллээр Энэтхэг улсад нэг хоногийн дотор нийт 332730 халдварын тохиолдол бүртгэгдэж, 2263 хүн нас барж, улмаар эмнэлгүүдийн багтаамж дүүрч, хүмүүс эмнэлгийн тусламж авч чадалгүй үүдэнд нь амь насаа алдах, тэр байтугай чандарлах газруудын үүдэнд талийгаачдын цогцос овоорч, зарим тохиолдолд машины зогсоол дээр чандарлах үйл ажиллагаа явуулж байгаа тухай дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.