Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Энэ Засгийн газар Монгол төрийн алтан аргамжийг эвхчихлээ

Төрийн нүд, чих, хэл болон гадна этгээдэд буй түшээдээ монголчууд төрийн алтан аргамж хэмээн хүндэтгэн, чухалчилсаар ирсэн. Элч, элчин төлөөлөгчид бол Монгол төрийн алтан аргамжийн эд эс нь. Монголын хаад алтан аргамжаа бэхэтгэж, эв эеийг сахихын тулд гүнж, охидоо хүртэл харийн улсын ханхүүд эхнэр болгон өгдөг байв. Монгол хаадын агь, хөвгүүд ч заналт дайсныхаа гүнжтэй сүй тавьснаар хоёр улсын хооронд бат найрамдалт харилцаа үүссэн гэгдэх баримт, домгууд бий. Монголчууд ядарсан ч, задарсан ч төрийн алтан аргамжаа эвхэж, гадаад харилцаагаа хөсөр гээж явсангүй. Манжийн дарлалаас ангижирч Богд хаант Монгол Улсыг байгуулахад төрийн алтан аргамжийн бодлогоор гадаад орнуудад элч төлөөлөгч залсны хүчинд хамгийн анх Түвд орон хүлээн зөвшөөрч байсан гэдэг. Ер нь өөр улсаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх, найрсаг хамтын ажиллагаатай болох ямар хэцүү байдгийг монголчууд одоо ч мартдаггүй. Бүтэн зуун дамнан, ямх, чимхээр бэдэчсээр 2016 онд дэлхийн 230 орны 186-тай нь дипломат харилцаа тогтоосон байдаг.

Гэтэл МАН-ын тэргүүлсэн төрийн алтан аргамжийг барьж суугаа Ц.Мөнх-Оргил сайд 2017 оны босгон дээр Бразиль, Индонезид суугаа Элчин сайдын яам, зарим хотод суух Ерөнхий консулын газрыг татан буулгав. Дэлхийн улс төр, нийгэм, эдийн засаг, харилцаа холбоо гээд хаана ч байгаагүй бүдүүлэг авирласан явдал болсныг судлаач эрдэмтэд өнөөдөр ч өгүүлсээр байна. Нөгөө талаар Бразиль, Индонезийг Монгол Улс хэтэрхий дорд үзэж байгаа мэт бодогдохуйц дипломат бодлого болон хэрэгжсэн нь ойлгомжтой. Монголын төрийн гадаад харилцаанд ч томоохон ухралт болсон.
Улайх нүүр олдохгүй, улаан мөнгө олддог гэсэн хуучны хэлц үг бий. Яагаад үүнийг онцгойлон хэлж байна вэ гэвэл элчин, төлөөлөгч зарим оронд ажиллуулах мөнгө хүрэлцээгүй гэдэг шалтгаанаар Бразиль, Индонезиос төлөөлөгчийн газраа татсан. Яг үнэндээ мөнгө гэдэг өнөө, маргаашийн л асуудал болохоос гарах гарцгүй, даван туулах боломжгүй хүндрэл, бэрхшээл биш. Орон тоо цомхотгох, хэрэглээ танах гэх мэтээр ямар нэгэн аргаар шийдэж, асуудлын ард гарч болох л байсан байх. Харин улайх нүүр олддоггүйг Монгол түмний туулж өнгөрүүлсэн бүхэн хэлээд өгдөг. Ямар сайндаа л Монголын хаад гүнжээ харийн орон руу богтлон аваачиж байх билээ. Ингэснээрээ ч алтан ургийн, их, бага хаадын үед төрийн алтан аргамж алдуурч байсангүй. Ямар ч цөвүүн цагт Ерөнхийлөгч, гадаад харилцааны сайдууд, хуучнаар МАХН-ын үе үеийн ерөнхий нарийн бичгийн дарга нар Монгол төрийн алтан аргамжийг эвхэлгүй, хөгжүүлсээр ирсэн байдаг.
Харин одоогийн Гадаад харилцааны сайд хэтээ хараагүй, болчимгүй алхам хийчихлээ. Ингэж төрийнхөө алтан аргамжийг энэ цагт эвхэж байгаа нь гунигтай. Балтаар балбавч арилахгүй гэх яриа бий. Энэ үйл явдал Монголын гадаад харилцааны түүх шашдирт хар толбо болон тэмдэглэгдэн үлдэж Ц.Мөнх-Оргил сайдын нэр үүнийг гардан хийсэн хүнээр үеийн үед бичигдсээр байх болно.
Л.МӨНХӨӨ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *