Categories
мэдээ улс-төр

Энэ сарын 21-нээс хойш бороо орж, ган тайлагдана гэв

Одоо асч байгаа түймрийг унтаарахаар үүлэнд зориудаар нөлөөлнө

Өнөөдөр 11:00 цагаас Төрийн ордонд Шадар сайд У.Хүрэлсүх цаг үеийн асуудлаар шуурхай хэвлэлийн бага хурал хийлээ. Шадар сайд “Говь ХК-ийн зөвхөн дээврийн хөндийн хэсэг шатсан. Түүнээс үйлдвэрийн дотоод техник төхөөрөмж рүү гал огт ороогүй” гэж мэдээллээ.Дээвэрт гарсан галын 80 хувийг унтраагаад байгаа аж. Галыг бүрэн гүйцэд унтраахад дахин 4-5 цаг шаардлагатай байгаа гэнэ.

Шадар сайд мэдээллийнхээ үеэр сүүлийн үед гарч байгаа түймэр болон цаг агаарын төлөв байдлын талаар холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл авсан юм. Онцгой байдлын хурандаа С.Залуухүү хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 53 суманд 95 удаагийн ой хээрийн түймэр гарсан. Түймрийг унтраахаар 4,000 гаруй хүн 583 техник хэрэгсэл ажиллаж байна. Одоо асаж байгаа таван том түймэр байна. Хэнтий, Төв аймгийн таван газар гарсан түймэр талбайн хувьд нэлээд өргөссөн, тиймээс хүн хүч, техник хэрэгслүүд хүрэлцэхгүй байгаа. Нөгөөтэйгүүр очиход их хэцүү, хүндрэлтэй замаар явж очдог газруудад түймэр асч байна. 10-15 км-ийн наана техник хэрэгслээ аваачиж, цааш явганаар явдаг ийм газрууд байна. Энэ таван газрын түймрүүдэд 411 алба хаагч ажиллаж байна. Улаанбаатар хотын дөрвөн дүүрэгт 16 удаагийн ойн түймэр гарсан. Зуслангийн айлууд шар өвсөө шатааж байгаад гал алдсан тохиолдлууд их гарсан. Хуурайшилт ихэссэн, бороо хур багатай байдлаас үүдэн үүлэнд зориудаар нөлөөлөх хэд хэдэн удаагийн оролдлого хийж буудсан. Хур тунадасны агууламжтай үүл орж ирж таарахгүй байгаа. Манай хойд хөрш ялангуяа түймэр ихтэй байгаа.

Түймрийн зургийг сансрын мэдээллээр авч онцгой байдлын газруудад хүргүүлэх шаардлагатай байна. Мэдээллээ хүргэхдээ хугацаа алдахаар түймрийн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байдаг. Түймрүүд ихэвчлэн хувь хүний буруутай үйл ажиллагаанаас болж гарч байгаа гэв.

Харин ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин: Зургадугаар сард бороо хур орохгүй ихэнх нутгаар хуурайшилттай байна. Энэ сарын 9-11-нд Завхан, Хөвсгөл, Архангайд бороо орсон. Төв аймаг, Сэлэнгэ орчмоор бага зэргийн бороо орж, бусад хэсгээр ороогүй. Зуншлага нутгийн 30 хувьд сайн, 50 хувьд дунд, 10 гаруй хувьд муу байна.

Энэ сарын 18-нд зүүн аймгуудын нутгаар бороо орно. 19-ний 20:00 цагийн орчимд зүүн аймгуудаар үүлшиж бороо орно. 20-нд Төвийн аймгуудаар бороо орно. 21-нээс хойш бороо орж ургамлын нөхцөл байдал сайжирч ган тайлагдана. 22,23-нд говийн зарим нутгаар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна.

Энэ жил 1,000 пуужин авах хөрөнгө Засгийн газар шийдэж өгсөн.

Долдугаар сард шинэ пуужингууд ирнэ. Харин одоо асч байгаа түймрийг унтраахаар Онцгой байдлын газартай хамтран үүлэнд зориудаар нөлөөлнө” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *