Categories
мэдээ нийгэм

Энэ оныг “Иргэний ёс зүйн боловсролын жил” болгон зарлалаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын Удирдах ажилтны зөвлөгөөнийг анх удаа зохион байгуулжээ. Зөвлөгөөнд салбарын 160 гаруй удирдах албан тушаалтан оролцсон байна.

Салбарын хэмжээнд нийт 3,218 байгууллагад 105,291 албан хаагч ажиллаж байгаа нь Монгол Улсын төрийн албан хаагчдын 54.7 хувийг эзэлдэг. Монгол Улсын нийт хүн амын 32.5 хувь нь сургуулийн өмнөх болон бага, дунд, дээд боловсрол эзэмшүүлэх боловсролын үйлчилгээнд хамрагдаж байгаа бол соёл, урлаг, шинжлэх ухаан, спортын салбараар үйлчлүүлэгч иргэдийн тоо давхардсан тоогоор 6 сая орчимд хүрсэн нь тус салбарын үйл ажиллагааны цар хүрээ, үйлчилгээний хүртээмж өндөр байгааг илэрхийлж байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт нийт 18 хууль, 14 олон улсын конвенц, 6 Улсын Их Хурлын тогтоол, 33 Ерөнхийлөгчийн зарлиг, 132 Засгийн газрын тогтоол, шийдвэр, 128 сайдын тушаал хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Цаашид салбарын хууль, тогтоомжийг боловсронгуй болгохоор 13 хууль, 9 Үндэсний хөтөлбөрийг шинэчлэн батлуулах болон нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоомжуудыг боловсруулж, Засгийн газар, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, батлуулах юм

Салбарын хөрөнгө оруулалтын богино болон дунд хугацааны тэргүүлэх чиглэл нь хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах, анги дүүргэлт хэт өндөртэй буюу 3 ээлжээр хичээллэж байгаа сургуулийг 2 ээлжид шилжүүлэх, малчдын хүүхдийг дотуур байранд бүрэн хамруулах, шинжлэх ухаан, технологи, инновацын салбарт дэд бүтцийг сайжруулах, үндэсний урлагийн ордон, байгалийн түүхийн музей, театр байгуулж, соёл урлагийг дэмжих зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байна.

Удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөнд оролцогчид салбарын бодлого, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор нийт удирдах ажилтнуудад хандаж, эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх, санхүү хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд онцгой анхаарах, иргэний ёс зүйн боловсролын жил болгох чиглэлд 19 зүйл бүхий уриалгыг гаргалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *