Categories
мэдээ эдийн-засаг

Энэ оны эхний хагас жилд 328 тэрбум төгрөгийн орон сууц борлуулжээ

Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын компаниуд Санхүүгийн зохицуулах хороонд сар бүр тайлан гаргаж өгдөг болсон юм.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар үл хөдлөх эд хөрөнгө зуучлал өнгөрсөн онтой харьцуулбал сэргэжээ. Өнгөрсөн оны эхний хагас жилд 399 хэлцэл хийсэн бол энэ онд 2485 хэлцэл хийсэн байна. Мөн 328 тэрбум төгрөгийн орон сууц борлуулсан нь 2020 оны мөн үетэй харьцуулахад зургаа дахин өсжээ. Түрээсэлсэн орон сууцны талбай ч өссөн байна.

Нэг жилийн өмнө 103 компани үл хөдлөх эд хөрөнгө зуучилж байсан бол одоо энэ тоо 205 болж, хоёр дахин өслөө. Харилцах, хугацаагүй хадгаламжийн дансны үлдэгдэлд хүү тооцохоо зогсоосон, банкуудын хадгаламжийн дундаж хүү 6.1 хувь болж буурсан нь үл хөдлөх хөрөнгийн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг богино хугацаанд өсгөв. Энэ салбарын хөрөнгө оруулалт 30-40 хувиар өссөн байна. Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар “Энэ бол хэт халалт. Хөрөнгө оруулалт ийм өндөр хувиар өссөн нь удаан үргэлжилбэл эрсдэлтэй” гэж анхааруулсан юм.

ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН НЭГ МКВ-ИЙН ҮНИЙН ӨӨРЧЛӨЛТ ДҮҮРГЭЭР
Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг өнгөрсөн оны үнэтэй харьцуулахад

  • Чингэлтэй дүүрэгт үл хөдлөх хөрөнгө 25 хувиар,
  • Сонгинохайрхан дүүрэгт 15 хувиар,
  • Хан-Уул дүүрэгт 8 хувиар өссөн бол
  • Баянгол болон Баянзүрх дүүргүүдэд орон сууцны үнэ 1 хувиар тус тус өссөн.

Монголбанк ипотекийн зээлийн хүүг хоёр хувиар бууруулсан нь үнийг өсгөсөн бол ковид-19 цар тахлын улмаас барилгын материалын хомсдол үүсэж,үнэ өсөх шалтгаан болсон юм.

Цаашид төвийн дүүргүүдэд үл хөдлөх эд хөрөнгийн үнэ өмнөх онтой харьцуулахад өсөх хандлагатай байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *