Categories
мэдээ нийгэм

Энэ онд 249 байршилд газар чөлөөлнө

Нийслэлийн хэмжээнд улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж буй бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, газар чөлөөлөхөд цаг алдахгүй байхыг Нийслэлийн Засаг дарга үүрэг болгосон. 2022 оны хувьд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нөхөн олговортойгоор газар чөлөөлөх 249 байршлыг НИТХ-аар батлаад буй юм. Үүнээс он дамжин хэрэгжиж буй 69 ажил байгаа бол барилга байгууламжийн нөлөөлөлд өртсөн 115, дэд бүтцийн нөлөөлөлд өртсөн зургаа, инженерийн шугам сүлжээний нөлөөлөлд өртсөн 26, авто замын ажлын нөлөөлөлд өртсөн 33 газар байгаа юм байна. 2022 онд шинээр хэрэгжих ажлуудаас 22 авто зам, 22 сургууль цэцэрлэгийн хөрөнгө оруулалт батлагджээ.

Улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлуудыг эрчимжүүлэхийг үүрэг болгов

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын үүрэг чиглэлийг өглөө. Үүнд:

-Нийслэлийн Засаг даргын “2022 оныг “Иргэн төвтэй жил” болгон зарлах тухай захирамжийн хэрэгжилтийг хангаж, холбогдох байгууллагуудаас санал авч, нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж ажиллах.

-Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хариуцсан ажлын чиглэлээр нийслэлийн иргэдэд боловсрол мэдлэг олгох, соёлыг төлөвшүүлэх, орлого нэмэгдүүлэх, амьдрах орчныг сайжруулах, эрүүл мэндийг анхаарах, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодит үр дүнд хүрэхүйц ажлыг санаачлан зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллах.

-2022 онд Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай “Хариуцлагын гэрээ” байгуулах бэлтгэлийг сайтар хангах.

-2022 онд улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлуудыг эрчимжүүлэх.

-Нийслэлийн Засаг даргын эрх шилжүүлсэн захирамж гарснаас ажлын гурав хоногт үнэлгээний хороог байгуулж, худалдан авах ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай материалыг судалж, захиалагч байгууллагатай хамтран ажиллах.

-Нутгийн захиргааны байгууллагууд дотооддоо халдвараас урьдчилан сэргийлж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг тогтмол хийж, дархлаажуулалтыг эрчимжүүлэх.

-Иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг бүх талаас нь нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, иргэнд хуулийн хугацаанд хариу өгөх.

-“Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль”, “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”, “Байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журам” нь шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр удирдлага арга зүйгээр хангаж, сургалт зохион байгуулах.

-Иргэд, олон нийтийн амгалан тайван байдал, нийгмийн хэв журам, гэмт хэрэг зөрчил болон гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг хангах, хяналт тавих ажлыг эрчимжүүлэн ажиллахыг үүрэг болголоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *