Categories
мэдээ цаг-үе

Энэ жилийн наадамд Д.Ононгийн уяа дийлнэ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ зуны наадам ойртож, морь ярьдаг цаг эхэллээ. Ер нь монголчууд бөх, морио ярихдаа нутгаар нь, удмаар нь дүгнэж ургуулан бодож, тодорхойлдог зантай улс. Морь ярихдаа уяачаа эхэлж ярина. Монгол Улсын гавьяат, хөдөлмөрийн баатар, зууны манлай, тэргүүн уяач, Д.Даваахүү бол эрлийз, монгол ялгаагүй аль ч насны адууг уяхдаа гарамгай. Тэр дундаа азарга уяхдаа илүү сайн гэнэ. Тэрээр хар нялхаасаа наадмын морь унах, уях ёс жаягаар уяачийн ахуйд хүмүүжсэн болохоор монгол соёлоо дээдлэх, хадгалан өвлүүлэхийг биеэрээ үлгэрлэж яваа хүн. Түүний хүү Баянбатын “наран хонгор” азаргыг түрүү айргаас хасахгүй гэцгээж байгаагаар энэ жилийн наадмын тойм эхэлж байгаа юм.

Наадамд заавал яригдах азарга бол Хөвсгөлийн Болдбаатарын халиун азарга. Улс бүсийн наадамд олон айрагдаж түрүүлсэнийг улс даяараа мэднэ. Худалдаж авсан эзэн нь Болдбаатар. Харин унаган эзэн нь халиун азаргыг өөрөө уяж өгдөг гэнэ. Зөвхөн халиун азргандаа гаршсан. Өөр олон адуу уядаггүй болохоор уяаны алдаа багатай. Олон айраг түрүүнд орсны учир тэр гэдэг. Тиймээс зөвхөн монгол адуугаар уралддаг бол “наран хонгор”, халиун азарга хоёрын аль зөв уяатай нь түрүүлэх бүрэн боломж бий гэдэгт эргэлзэх уяач үгүй л болов уу. Түүнээс гадна монгол хээр, дүү хээр гээд таарсан өдрөө “Та нар арагшаа бай, би түрүүлчихье” гэх нэрт азарганууд олон бий. Огт дуулдаагүй битүү азарга гараад ирэх магадлал тун бага. Ядаж сум, аймаг, бүсийн наадмуудад давхил нь харагдсан, дов үзсэн байж гарч ирнэ. Тийм азарга одоогоор дуулдаагүй байна. Монголжуу дүрстэй эрлийз адуу олон болсон үед энэ талаар тоймлоход хэцүү болжээ.

Монгол наадмын үндэсний морин уралдааны сүр сүлд нь “их насны морь” гэж хүндэлж дээдэлж ирсэн түүхтэй. Богдын “түмэн эх” хээр алаг, Галын хүрэн морь, Данзаннямын хээр, Ононгийн хээр гээд түүхэнд мөнхөрсөн морьд одоо ч яригдсаар хүндлэгдсээр ирсэн. Өнөө цагийн залуу уяачдаас “их насны битүү морь” цоолоод гаргаад ирсэн нь ховор. Харин Бат-Эрдэнийн “даян түмэн эх” хүрэн морийг үрээнд нь “Энэ навсгар” үрээ төрийн наадамд орохгүй… гэж шинжиж байсан манлай уяач Бат-Өлзий их насанд нь улсын наадамд хоёр удаа түрүүлгэж байсан удаатай. Улсын наадмын их насны түрүүг сүүлийн хоёр жилд Хэнтий аймгийн Мөрөн суманд төрсөн унага түрүүллээ. Уржнан түрүүлсэн Буднямын Буяннэмэхийн хээр халзан морь бол олны мэдэх Г.Батхүүгийн толин хулын төрсөн дүү хээр азарганы төл ажээ. Галшарын “мондгой саарал” гэдэг азарганы угшилтай юм байна. Өнгөрсөн жил түрүүлдэг Өвөрхангайн Б.Энхбаатарын хонгор халзан морь болохоор Мөрөн сумын Ганаа хонгорын үр ажээ. Ганаа хонгорын үр Настрагийн хонгор азарга, Өвгөн ноёны наадамд соёолондоо түрүүлдэг Оросоогийн хонгор морь гээд олон хурд төрснийг нутгийнхан ярьцгаан хуучилсаар байна. Ийм угшилтай хурдууд аймаг дамжин тарсан нь өөр олон бий. Их насны морийг уях амаргүй, дөрвөн улирлын уяа хийдэг гэдгийг уяачид андахгүй. Тиймээс хаанаас ч хамаагүй шинэ уяач, битүү морь хоёр цоорч тодорч магадгүй. Азтай уяачийн амны хишиг л мэдэх хэрэг.

Өнгөрөгч зууны 70, 80, 90-ээд оны үед улсын наадмын үндэсний морин уралдааны зургаан насны морьдын тоймыг бүтэн жил ярьдаг байж. Ард түмэн, уяачид, тойруулгын эрлийз адууг тоодоггүй. Монгол ёс зүйгээр хүндэлж дээдэлж байгаагүй юм. Тэднийг хараад бахархаж баярлаж байсан наадамчин харагддаггүй байсан. Албан ажлаараа Улсад батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн удирдлагууд тэр үеийн төр засгийн албаныхан түүн дээр цугладаг байв. Ер нь өмнөх социалист төрийн наадам нь өөрийн үзэл сурталтай байлаа. Эрлийз адууг социалист төрийн адуу гэж улсын баяр наадамд уралдуулж байсан гэдэг юм.Түүнээс өнөөгийнхөн шиг монгол адуугаа сайжруулна, цус сэлбэнэ гэж нийтийг хамарсан буруу ажил хийхгүйгээ мэддэг ёс зүйтэй, шинжлэх ухаанч төр байж л дээ.

Сүүлийн хориод жилийн хугацаанд үндэсний морин уралдааны талаарх төрөөс баримтлах бодлого алдагдаж, хууль байгаад ч хэрэгжүүлэхгүй явж ирлээ. ММСУХ-ны удирдлагаас явуулж байгаа “Үндэсний морин уралдааныг өөрчилж эрлийз адуугаар уралддаг болгох” бодлогыг төрөөс дэмжин хэрэгжүүлж иржээ.

Тухайлбал “Төрийн наадамд зургаан нас уралдуулах” хуулийн заалтыг зөрчин байж эрлийз адуу уралдуулдаг болгон, улмаар төрийн наадамд түрүүлж айрагдсан нэгэн адил тооцож төрөөс цол хэргэм, шагнал олгодог болов. Эрлийз адуу хольж уралдуулах стандарт журам гаргаж хэрэгжүүлж ирлээ. Үүний үр дүнд эрлийз адуутай болж байж төрийн наадамд морь уралдуулах орчинг бий болгожээ.

Монгол төрийн баяр наадмын үндэсний морин уралдаан ийм байдалтай болсон болохоор ялангуяа бага насыг, эрлийз насыг тоймлон тааварлах боломжгүй байдал нүүрлэжээ. Гэхдээ уяачид ярьж байна аа. Энэ жилийн наадамд тод манлай уяач Д.Ононгийн уяа дийлнэ гэж баттай хэлж байна.

Тодруулж лавлавал уяач Д.Ононгийн мэдлэг чадвар, нөхцөл нь дараах байдлаар хангагдсан гэцгээж байна. Хамгийн эхний нөхцөл бол Дорнод аймгийн Ононгийн адуу байгаа нутагт эрт ногоо гарч адуу хамгийн эрт цайрсан гэнэ. Ер нь зуншлага хаана байна тэр газрын адуу тэр жилдээ тэргүүлдэг гэдэг нь хууль л даа.

Уяач Д.Онон хурдны чиглэлийн эрлийз адуу өсгөөд олон жил болж байгаа хүн. Үүлдэрлэг шинжээрээ монгол адуугаа дууриасан эрлийзүүд олон байдаг. Тэднийгээ монгол адуунд уралдуулчихад маргаан гарахгүй. Энэ бол нэг боломж гэнэ. Түүнээс гадна Д.Онон их насны түрүүг авах нэг арга олсон гэцгээж байна. Тэр юу байв гэхээр улс, бүсийн наадамд айрагдаж түрүүлсэн эрлийз азаргануудаа морь болгосон. Тэд түрүүлэх байх гэж байна. Хамгийн гол нь тэнд байгаа Дорнодын уяачид сайн сайн гэхэд уяачийн хувьд Ононгийн хэмжээний уяач тэнд байхгүй юм. Ононгийн хүү Батбилэг, дүү Түмэндэлгэрийн Ихбаяр гэх мэт уяачдын хэмжээний уяач ч Дорнодод үгүй л болов уу. Тэгэхээр адуу нь ижил байж гэхэд уяачаар заавал дутна гэж үзэж байгаа юм. Харин тэд жирийн уяачдад зовлон болдог санхүүгийн болон унаач хүүхдийн хүндрэлгүй болохоор морьдоо тэнд нь уяад наадмын өмнө ачиж авчраад уралдчих юм байна. Тиймээс тод манлай уяач Д.Ононгийн өргөн уяаныхан энэ жилийн төрийн наадмын түрүү, айргийн дийлэнхийг авах нь тодорхой болжээ.

Яг өнөө цагт орон нутагт уяачдыг хямралдуулсан шинэ нөхцөл бий болоод байна. Энэ бол уяачид хаашаа наадах вэ гэсэн сонголт нэг гол ажил болсон. Ер нь уяачдын дунд эрлийз монгол адууны хэрүүл, маргаан яригдахаас монгол соёл, ёс жудаг гэх уламжлалт соёл алдагдсаар байгааг анзаарч ухаарах бодлоготон сураг төдий яригдах болжээ.

Бидний ярьж хэвшсэн “Морин тойруулга”-ын даргаар олон жил ажилласан, морин спортын мастер, манлай уяач Даваадорж саяхан нэг сэтгүүлчийн асуултанд хариулахдаа

-Эрлийз адуунд эрлийзийн хүч гэж 2-3 дугаар үедээ байдаг юм. Морин тойруулгын адууны ид эрлийзийн хүч байх тэр үед тод манлай Даваахүү уяач байсан азтай хүн. Тэр хүч Эрдэнэчулууны шарга азаргаар дууссан. Харин одоо зарим нь тойруулга адууны угшил гээд байгааг гайхдаг юм гэсэн байна. Өнөөгийн англи, араб, будённын эрлийз хүч нь өнгөрөөгүй үе дээрээ байгаа адууг ихэнх малчид уяачид мэддэг болсон болохоор эрлийз адуугүй наадам хийх газар хаана байгааг сурагладаг болж. Өөрөөр хэлбэл ардын монгол наадам хаана байна тэнд тоосоо өргөе гэж сурагладаг болжээ.

ММСУХ-ны удирдлагын-хаа бодлогыг дэмжээд эрлийз адуу өсгөдөг малчин уяач ч бас бий болсон. Энэ жилийн улсын наадамд эрлийз хэрнээ гаднаас нь харахад мэдэгдэхгүй монголдуу адуутай уяачид хотын наадамд ирж уралдах төлөвтэй байна. Өнгөрсөн жил Хэнтий аймгийн Дархан сумын уяач Донойдоогийн эрлийз хул даага улсын наадамд түрүүлсэн. Энэ жил эрлийз нь мэдэгдчихгүй бол шүдлэнд түрүүлэх нь маргаангүй юм. Тэгэхээр монгол адуунд уралдах эрлийз адуу ерөнхийдөө хулгай луйврын хэрэг тул ингэсхийгээд зогсоё.

Төрийн наадамд эрлийз гурван насны уралдаан бий болсоор нэлээд хэдэн жил боллоо. Тэндээс цэнгэлдэхэд орж үзээгүй тод манлай төрлөө гэцгээхийг олон хүнээс сонслоо. Тэгсэн Даш-Өлзий гуай байсан юм билээ. Олон жил эрлийз адууны төлөө зүтгэсэн хүн. Буянтай үйл хийсэн хүн гэж үзээд Ерөнхийлөгч маань тод манлай уяач цолоор шагнасан хэрэг л дээ. Харин монгол адуутай эрлийз уралдуулж будлиан тариад байдаггүй шударга хүн шүү. Уяач нь Түвдэн манлайгийн хүү Батцоож гэх юм билээ. Харин Батцоож гэдэг Онон манлай шиг олон тод манлай уяач төрүүлдэг сайн хүү гарч ирж байгаа бололтой. Энэ зуны наадмын эрлийз насны уралдааныг тоймлоход Даш-Өлзий тод манлайгийн Батцоож уяачийн уясан хурдууд түрүүлж айрагдах нь гарцаагүй. Энэ жилийн төрийн наадмын морин уралдаан, эрлийз адууны тойм товчхондоо иймэрхүү.

Орон нутаг дахь малчид уяачдын наадмын өнгө ямар байдалтай байгааг тоймлохгүй бол болохгүй. Тэнд монгол адуу уралдах газар л наадна гэж байгаа хүмүүс тэр аяараа л байна. Тэд монголд адуугаа дээдэлдэг, түүгээрээ нааддаг монгол соёлоо хөгжүүлж уламжлуулах гэсэн монгол үндэстний сэтгэл, монгол жаягаа алдаагүй байна.

Хэнтий аймагт өнгөрсөн жил бүсийн уралдаан хийгээд эрлийз адуу уралдуулсанаас болоод эсэргүүцэн Залуу уяачдын шинэ холбоо байгуулагдлаа. Одоо эрлийз адуу хасч тэмцдэг уяачдын Өвөрхангай аймгийн “Аравгар хээр” холбоо Багануур-Бага Хэнтийн уяачдын холбоо уяачдынхаа итгэлийг дааж яваа ажээ. Одоо цагт малчин түмэн маань хүндэтгэлтэй сайхан наадмыг үгүйлсээр байгаа юм. Тэдний ний нуугүй яриаг сонсоход “Одоо ч цэрэг жагсааж нохой хуцуулсан улсын наадам битгий хэл цагдаа бороохойд чичлүүлж аймгийн наадам ч үзэхэд дараатай болсон доо. Бөөн ядаргаа, нохой аштай хөөгдөөд загнуулаад, гэмт хэрэгтэн мэт явж байх нь дараатай байдаг юм. Одоо хамгийн сайхан наадам сумын наадам , овооны наадам хоёр л болсон” гэж үнэн голоосоо шулуухан үнэнийг ярьцгаана. Тэдгээр ардууд монгол адуугаараа сумандаа, овоондоо л наадах шиг сайхан наадам алга гэсэн эцсийн дүгнэлтэд хүрчээ.

Тэгэхээр монгол төрийн наадмын мөн чанар, үндэс соёлоо хамгаалах, монгол адуугаа дээдлэх соёл төрийн наадамд биш овооны наадамд шилжиж байгаа юм биш биз.

Тэгэхээр төрөл бүрийн адууны уралдаан үзье гэвэл төрийн наадмын гурав хоногт Хүй долоон худагт ирж үзэх. Зургаан насны морио уралдуулж, зургаан настай хүүхдүүд даага унан уралдах монгол наадам үзье гэвэл сумандаа очиж наадах хоёрын аль нэгийг сонгох боломж танд нээлттэй. Ирэх зуны наадмын уралдааны тойм иймэрхүү харагдаж байна. Хаагуур наадах нь наадамч таны сонголт.

Н.САНЖААДОРЖ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *