Categories
мэдээ нийгэм

Энэ жил 500 гаруй автобус нийтийн тээврийн үйлчилгээнээс хасагдана DNN.mn

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр нийтийн тээврийн салбарт тулгамдсан асуудлуудтай газар дээр нь танилцаж, гарц шийдлүүдийг зөвлөлдлөө. Тэрбээр “Зорчигч тээврийн нэгтгэл” болон “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-аар очсон юм.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хэлэхдээ:

-Хотын өнгө төрх болсон чухал үйлчилгээнүүдийн нэг бол нийтийн тээвэр. Нийтийн тээврийн үйлчилгээ ямар байгаагаас хотын иргэдийн тухтай байдал, нийслэлийн өнгө төрх шалтгаална. Гэтэл өнөөдөр нийслэлийн нийтийн тээвэр туйлын хангалтгүй түвшинд байна. Төр үргэлж залгамж халаатай байдаг тул урьдын дарга нарын алдааг хаяж болохгүй, залруулах ёстой. Уг үндсээр нь шийдэх ёстой асуудал олон байна. Тухайлбал, төлбөр болон маршрутын асуудал байна. Энэ жил 500 гаруй автобус нийтийн тээврийн үйлчилгээнээс хасагдана. Гэтэл нийтийн тээврийн парк шинэчлэлийн асуудал бүрэн шийдэгдээгүй байна. Мөн орж ирсэн автобусыг ашигладаг төрийн үйлчилгээний компаниуд үйлчилгээгээ сайжруулахад анхаарах хэрэгтэй. Нэг жишээ татахад иргэдийн халааснаас гарч байгаа төлбөр хэвээрээ байгаа ч нийтийн тээврийн орлого нэн багассан. Үүнийг шийдэхийн тулд төлбөрийн хэлбэрийг шийдэх, алдагдаж буй орлогыг нөхөх учиртай. Нэгдүгээрт автобусны төлбөрийг бүрэн хураах хэрэгтэй байна. Мөн уян хатан байх хэрэгтэй. Нийтийн тээвэрт 150-160 тэрбум төгрөг зарцуулж байна. Гэтэл үүнтэй дүйцсэн үйлчилгээг иргэд авч чадахгүй байгаа учраас дорвитой өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай. Актлах автобуснуудыг ангилж байгаа. Стандартын газарт холбогдох бичиг баримтыг хүлээлгэж өгсөн. Тодорхой тооны автобус арванхоёрдугаар сарын 31 хүртэл акталж дуусна. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд олон чухал ажил үргэлжилж байна. Наймдугаар сарын 25-аас хойш үе шаттайгаар шинэ автобуснууд орж ирнэ. Автобуснууд товлосон хугацаанаас тодорхой хэмжээнд хоцорч ирэх магадлалтай байна. Гэхдээ автобус актлахаас өмнө парк шинэчлэлийг дуусгах дүр зураг харагдаж байгаа” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *