Categories
мэдээ нийгэм

ЭМЯ, Японы ЖАЙКА байгууллагатай сувилахуйн чиглэлээр хамтран ажиллана

Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (ЖАЙКА) хамтран “Монгол Улсын анхан ба хоёр дах шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийг 2015 оны 5 дугаар сараас 5 жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа билээ. Тус төслийн Хамтарсан зохицуулах зөвлөлийн 4 дүгээр хурал 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Эрүүл мэндийн яаманд боллоо.

Төслийн Хамтарсан зохицуулах зөвлөл өмнө нь 2016 оны 3 дугаар сар, 2017 оны 4 дүгээр сар, 2018 оны 12 дугаар сард тус тус хуралдаж, төслийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагаа сайжруулах талаар тогтмол санал солилцож, үйл ажиллагаандаа тусган ажилласан бөгөөд энэ удаагийн хурлаар Япон Улсаас 2019 оны 2 дугаар сарын 27-оос 3 дугаар сарын 7-ны өдрүүдэд ирж ажилласан Судалгаа, үнэлгээний багийн ахлагч Ашида Тацүя төслийн үйл ажиллагааны гүйцэтггэл болон үр дүнгийн үнэлгээ, төсөл хэрэгжиж дуусах хүртэлх үйл ажилллагааны талаарх зөвлөмж, цаашид төсөл хэрэгжиж дууссаны дараа ЖАЙКА-аас үзүүлэх дэмжлэгийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Төрийн нарийн бичгийн дарга, Төслийн захирал, Хамтарсан зохицуулах зөвлөлийн дарга Б.Бямбадоржийн зүгээс ЖАЙКА болон төслийн нэгжийн хамт олонд талархлаа илэрхийлж, төслийн хугацаанд олон үйл ажиллагааг хамтдаа амжилттай хэрэгжүүлсэнийг дурдлаа. Тухайлбал:

  • “Эмнэл зүйн сургагч багшийн сургалт”-ыг монгол эмч нар маань бие даан явуулдаг болж, улсын хэмжээнд төгсөлтийн дараах сургалтыг албан ёсоор удирдах эрхтэй 500 гаруй эмнэл зүйн сургагч багш бэлтгэсэн.
  • “Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн сургалтын хөтөлбөрийг дэлхийн жишигт нийцсэн аргачлалаар боловсруулж, орон нутагт үндсэн мэргэшлийн сургалтыг анх удаа хэрэгжүүлж эхэлсэн.
  • Сургалт эрхлэх байгууллагын үйл ажиллагаанд явцын үнэлгээ хийх үнэлгээний хуудсыг хамтран боловсруулж, төгсөлтийн дараах сургалт эрхэлж буй эмнэлгүүдийн үйл ажиллагаанд үнэлгээ хийсэн.
  • Эмч, эмнэлгийн мэргэжилтнийг Япон Улсад богино хугацааны эмнэл зүйн ажиглах сургалтад суралцуулж эхэлсэн.
  • Яаралтай тусламжийн сургалтын багц боловсруулж, яаралтай тусламжийн сургалтуудыг монгол эмч нар бие даан амжилттай явуулдаг болсон зэргийг дурдаад Япон Улсаас ирж ажилласан Судалгаа, үнэлгээний багийн тайлан, зөвлөмжид тулгуурлан цаашдын хамтын ажиллагааг улам сайжруулахаа илэрхийллээ.

Хамтарсан зохицуулах зөвлөлийн хурлаар

1)Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийг загвар байгууллага болгож нэмэх, техникийн туслалцаа үзүүлж “Ерөнхий мэргэшил судлал” сургалтын удирдлага, зохион байгуулалтад дэмжлэг үзүүлэх

2) Сувилахуйн чиглэлээр хамтран ажиллах

3) Сургалт эрхлэх байгууллагын хяналтын үнэлгээний тогтолцоог сайжруулах, үнэлээч бэлтгэх

4) Монгол-Японы сургалтын эмнэлгийн төгсөлтийн дараах сургалтын чиглэлээр хамтран ажиллахаар зөвшилцлөө.

Хурлаас гарсан зөвшилцлийн хүрээнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төслийн захирал, Хамтарсан зохицуулах зөвлөлийн дарга Б.Бямбадорж болон ЖАЙКА байгууллагын Монгол дах Төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико нар Төслийн загвар төлөвлөгөөний 4 дүгээр хувилбарыг баталж, гарын үсэг зурлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *