Categories
мэдээ улс-төр

ЭМС-ын сайд болон АТГ-ын даргыг яаралтай томилох ёстой гэв

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж дууслаа. Хуралдаанаар хэлэлцсэн хэлэлцсэн асуудлуудын талаар бүлгийн дарга С.Бямбацогт, бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн О.Содбилэг нар мэдээлэл хийлээ. Тус бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах, Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны үйл ажиллагааны тайлан болон Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбоотой асуудлыг хэлэлцжээ.

Бүлгийн дарга С.Бямбацогт энэ үеэр “Сонгуулийг хуулийн хугацаанд явуулах бэлтгэл ажлыг хангах ёстой. Нэр дэвшигчдийг тодруулах ажлыг энэ долоо хоногт явуулах ёстой. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэхээ хурдан шийдэж, шаардлагатай бол Сонгуулийн хуулинд холбогдох өөрчлөлтүүдийг хийж, сонгуулийг цаг хугацаанд нь шударга, ил тод, олон нийтэд нээлттэй явуулах ёстой гэж үзэж байна” гэлээ.

Мөн Санхүүгийн зохицуулах хорооны тайланд шалгалт хийхээр Н.Номтойбаяр гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийг гаргасан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Тариаланчдад тулгамдаж байгаа санхүүгийн асуудал байгаа. Банкнаас зээл авъя гэхээр барьцаа хөрөнгө шаардлагатай байгаа. Үүнийг зохицуулах нэрийн дор Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газраас оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл тариалангийн газраа барьцаалаад банкнаас зээл авах. Энэ асуудлыг судлаад үзэхээр нэгэнд газрын тухай хуулиар газар эзэмших эрхээ барьцаалах эрхзүйн орчин нээлттэй байгаа. Энэ өргөн барьсан нэмэлт өөрчлөлтөөр давуу эрх гэж хуулийн зөрчилтэй ойлголтыг тусгасан байна. Өмчлөх эрхээс гадна бусад газар нутаг төрийн өмчид байдаг. Тэгэхээр давуу эрх гэдгийг нь юу гэж ойлгох вэ гэх мэт судалж үзэх шаардлагатай гэж үзсэн” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн О.Содбилэг “Эрүүл мэнд, спортын яамны сайдыг яаралтай томилох шаардлагатай гэж үзэж байна. Манай бүлгийн гишүүд Эрүүл мэндийн яаман дээр ажиллаж, дөрөвдүгээр сард эрх баригчдад албан бичиг илгээсэн ч хариу ирэхгүй байна. Мөн АТГ-ын даргыг хурдан томилох ёстой. Сонгуульд дөхөж байгаа энэ үед хууль хүчний байгууллагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байх ёстой гэж үзэж байгаа” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *