Categories
арын-нүүр булангууд мэдээ

Эмнэлэгт үзүүлэхдээ гангарч очоорой

Ээлжийнхээ амралтаа авсны маргаашнаас нь эхлээд хэдэн өдөр эмнэлгээр явлаа.  Даралт ихэссэн шалтгаанаа оношлуулж эмчилгээ хийлгэхээр очсон юм.  Ерөнхий эмчид үзүүлэх цаг авч, цусны шинжилгээ гээд арав гаруй шинжилгээ өгөх боллоо. 07:00 цагаас эхлээд дугаарлаж арай гэж цусны шинжилгээ өгөхөөр болов. Гэхдээ гурван өдрийн дараа хариуг нь авах гэнэ. Цэвэрлэгчээс эхлээд сувилагч, эмч гээд хүн бүр л уур уцаартай харагдана. Хүмүүстэй шахцалдаж зогсож байгаад арай гэж цаг нь болохоор өөр хүн оруулчихна. Мөн сувилагч нь “Өнөөдөр хүн үзэхгүй. Маргааш ир” гээд явуулах. Маргааш нь очихоор “Өчигдөр үзүүлэхгүй яасан юм” гээд ширэв татна. “Та тэгж хэлээд явуулсан биз дээ гээд хэл ам хийхээр эмч нь зүгээр байна гээд гаргах эсвэл дадлага хийж байгаа оюутнуудаар үзүүлэх ажээ. Аргаа бараад сууж байтал  хажууд сууж байсан залуу “Чи костюм өмсөөд, зангиа зүүгээд хүрээд ир. Наадуул чинь маргааш нахилзаад л үзнэ” гэдэг юм байна. Би ч яахав амарч байгаа болохоор биед амар чөлөөтэй хувцас өмсөөд яваад байсан хэрэг. Залуугийн зөвлөснөөр маргааш нь  костюмоо өмсөөд баярт оролцох гэж байгаа хүн шиг “гоё” амьтан очлоо. Тэгсэн өчигдөр нь “Шал угаах гээд байхад саад болж зогслоо” гэж ирээд л загнаж байсан үйлчлэгч эмэгтэй “Уучлаарай та холдож байхгүй юу. Энэ хавийг арчих гэсэн юм” гээд зай тавьж өгөхөөр угааж дууссаны дараа “Баярлалаа” гэж ч байх шиг. Сувилагч нар үүдэнд нь очихоор “Та ороод ир” гээд эмч нь чамбай үзэж өгөөд, нэг өдрийн дотор таван шинжилгээ өгч чадав. Ер нь улсын эмнэлгээр явж шинжилгээ өгөх гэж байгаа бол гангарч очих хэрэгтэй юм байна лээ. 10 хоногт багтааж өгөх шинжилгээг нэг өдөрт л өгч болох бололтой дог шүү. 

Э.ХҮРЭЛБААТАР 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *