Categories
мэдээ цаг-үе

Эмнэлэгт хэвтэхдээ гаднаас авсан эм, тарианыхаа үнийг нэхэмжлэх эрхтэй

“Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөл”-ийн гүйцэтгэх захирал Д.Энхтүвшин

Манай зөвлөл бол нийт өвчтөнүүд, эрүүл мэндийн даатгалд даатгуулагчдын төлөөллийн байгууллага. Бид иргэдэд эрүүл мэндийн боловсрол, эрүүл мэндийн даатгалын эрх зүйн мэдээлэл өгөхөөс гадна эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой шаардлага тавих, санал санаачилга гаргах чиглэлээр ажилладаг. Өнгөрсөн хугацаанд бид их явлаа. Олон байгууллагын үүдийг татсан. Адаг сүүлд нь Захиргааны хэргийн шүүхэд хүртэл хандаж үзлээ. Эцэст нь бүх асуудлыг шийдэж чадаагүй ч төрийн байгууллагууд маань бидний анхны шаардлагыг зохих хэмжээгээр биелүүлсэн. Тухайлбал, элэгний В вирусийн тенофовир эмийг Эрүүл мэндийн даатгалд хамрууллаа. Мөн В вирусийн энтекавир гэж эм бас бий. Энэ эмийг эмийн бүртгэлд бүртгээд, компаниуд оруулж ирж байна. С вирусийг устгадаг софосбувир+ледиспавир гээд хавсарсан агууламжтай эмийг зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оруулсан. Энэ ч утгаараа эмийн олон компани энэ эмийг оруулж ирдэг боллоо, үнэ нь хэд дахин хямдарч эхэллээ. Одоо харин С вирусийн эмийг даатгалд хамруулахаар ажиллаж байна. Аравдугаар сардаа даатгалд хамрагдчих байх гэж найдаж байгаа. Бидний ажилд “Оном” сангийнхан, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг их тус дэм болж, элэгний асуудлыг нийтийн анхааралд оруулж өгсөн.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдээс хүсэх юм байна. Иргэд, даатгуулагчид эрүүл мэндийн тусламж, эм авахдаа даатгал ашигладаг. Гэтэл эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудын өмчийн хэлбэрээс хамаараад ялгаатай ханддаг. Хувийн эмнэлгээр үйлчлүүлбэл даатгал ашиглаж чадахгүй байна. Гэтэл энэ нь Эрүүл мэндийн тухай хуулиа зөрчдөг. Өмчийн хэлбэрийг үл харгалзан эрүүл мэндийн байгууллагад адил тэгш хандана гэсэн заалт зөрчигдөж ирлээ. Иргэддээ зөвлөхөд ЭМД-ын хуулиар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ гаднаас эм тариа авсан бол баримтаар нотлоод, дараа нь эмнэлгээс гаргуулж авах эрхтэй байдаг. Гэтэл эм, тарианыхаа үнийг эмнэлгээс нэхэмжилсэн тохиолдол байдаггүй. Энэ боломжоо ашиглаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *