Фенобарбиталд хордсоны улмаас ЭХЭМҮТөвд эмчлүүлж буй хүүхдүүдэд мэргэжил арга зүйн тусламж үзүүлэх, мөн эмийн аюулгүй байдлыг хангах талаар удирдлага менежментийг сайжруулах ажлын хэсгийг ЭМЯ-ны дэд сайдаар ахлуулан байгуулжээ. Тус ажлын хэсгийн гишүүд хуралдаж, зарим асуудлыг хэлэлцсэн байна.
Ажлын хэсгийн нарийн бичиг Ц.Адьяахоролоос энэ талаар тодрууллаа.
“Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ЭХЭМҮТ-д эмчлүүлж байгаа хүүхдүүдэд мэргэжил аргазүйн тусламж үзүүлэх, эмийн зохисгүй хэрэглээнээс гарч болох эрсдлээс ард иргэдээ хамгаалах арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулагдсан. Түүнчлэн 2014 оны 08 дугаар сарын 12-нд тус ажлын хэсгийн ахлагч эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа ЭХЭМҮТ-д очиж, эмэнд хордсоны улмаас эмчлүүлж буй хүүхдүүдийн биеийн байдалтай танилцаж, эмч мэргэжилтнүүдтэй нь уулзлаа. Ингээд ажлын хэсгийн хурлыг зохион байгуулж, хүүхдүүдийн биеийн байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээний асуудлаар хэлэлцсэн. Мөн дэд сайд Ж.Амарсанаа ийм алдааг дахин давтахгүй байхыг анхааруулж, уг алдаанаас сэргийлэхийн тулд цаашид авах арга хэмжээний төлөвлөгөө гаргахаар болсон юм.
Эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн биеийн байдлыг байнгын хяналтад байлгаж, тусламж, үйлчилгээний тасралгүй бэлэн байдлыг ханган, мэргэжил арга зүйн зөвлөгөөг шуурхай өгч ажиллахыг Эрүүл мэндийн сайдын 262 дугаар тушаалаар холбогдох байгууллага, мэргэжилтнүүдэд үүрэг болгосон. Мөн холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, уг асуудалтай холбоотой гарсан алдаа, зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээ авч ажиллах чиглэлийг өгсөн юм” гэлээ.
“Монос эх нялхас” эмийн сангаас “Фенобарбитал” эмийг хүүхдийн тунгаар өгөх байсныг хэрэглэгчдэд том хүний тунгаар андууран өгч мэргэжлийн ноцтой алдаа гаргасан хэрэг өнгөрсөн долоо хоногт болсон. Тухайн өдөр эмийн хордлогонд орсон нэг нярай ЭХЭМҮТ-д эмчлүүлэхээр ирсэн бөгөөд эмчлэгч эмч А нь нэн даруй тухайн эмийг худалдаж авсан “Монос эх нялхас” эмийн сантай холбогдсон байна. Тэрээр уг эмийг өндөр тунгаар авсан өөр ийм тохиолдол байгаа эсэхийг нягталж, эм худалдан авсан 23 хүн байгааг тогтоосон бөгөөд улмаар тус эмийн сангийн ажилтнуудын тусламжтайгаар эм худалдан авсан хүмүүстэй холбогдож яаралтай ЭХЭМҮТ-д ирж, хяналтад орохыг зөвлөсөн байдаг. Үүний дагуу “Фенобарбитал” эмийг хэрэглэж эхэлсэн 16 хүүхдийг 09-ний өдөр ЭХЭМҮТ-д тусгай тасаг гарган хэвтүүлж, хяналтад авжээ. Харин үлдсэн 7 хүүхэд нь тус эмийг хараахан хэрэглэж эхлээгүй байсан тул эмнэлэгт ирэх шаардлагагүй гэж үзсэн байна.
Өнөөдрийн байдлаар эмийн хордлогод орсон 14 хүүхдийн биеийн байдал бага багаар сайжирч хөхөө хөхөж, цовоо болж эхэлсэн тухай мэдээлэл байна. Мөн 2 хүүхэд нь угжинд орж, нийт хүүхдийн унталтын байдал багасч байгаа аж. Тухайн нөхцөл байдлыг мэдэгдсэн даруйд ЭМЯ-ны холбогдох хүмүүс үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаар өнгөрсөн Ням гарагт ЭХЭМҮТ-д ажилласан.
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа хэлэхдээ, эмэнд хордсон нярай хүүхдүүдэд ЭХЭМҮТ-ийн эмч нар яаралтай арга хэмжээ авснаар нөхцөл байдлыг хүндрэхээс сэргийлж, хүүхдүүдийн эрүүл мэндийг сахин хамгаалсан нь сайн хэрэг боллоо гэдгийг хэлж байв.