Categories
мэдээ нийгэм

ЭМГЭНЭЛ

Гомбожавын ЭРДЭНЭЦЭЦЭГ

(1946-2023)

Нүдний эмч Номч мэргэн овогт Гомбожавын Эрдэнэцэцэг нь 2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хүнд өвчний улмаас ертөнцийн мөнх бусыг үзүүлж, гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, хамт олонд нөхөж баршгүй том орон зай үүсгэн, та биднийг цагийн эрх, хорвоогийн жамаар орхилоо.

Г.Эрдэнэцэцэг нь Улаанбаатар хотод Самаагийн Гомбожав, Жүгдэрийн Нанжидмаа нарын дөрөв дэх хүүхэд болон мэндэлжээ. Эцэг эхийн асрамж, цэцэрлэгээр хүмүүжиж 8 насандаа 1954 онд Улаанбаатар хотын IV бага сургууль, 1958 онд V дунд сургуульд элсэж, улмаар Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр 1969 онд төгсжээ.

Тэрбээр 1969-1975 онд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт нүд, чих хамар хоолойн эмчээр, 1975-1979 онд Эрүүлийг хамгаалах яаманд сайдын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1979-1980 онд Бүгд Найрамдах Социалист Чехословак Улсад Прагийн эмч, эм зүйчийн мэргэжил дээш лүүлэх хүрээлэнд нүдний мэс засалчаар мэргэшжээ. Удалгүй 1980 оноос 1994 онд Улсын хоёрдугаар төв эмнэлэгт (УХТЭ) нүдний эмчээр, мөн хугацаанд тус эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн хороон даргын ажлыг хавсран хийж байжээ.

Хорвоо ертөнцийг харах мэлмийд зориулсан эмнэлгийн боловсрол олгох уриатай Орбис төсөл буюу олонд “нүдний нисдэг эмнэлэг” гэж түгсэн баг 1989 онд ирэхэд хамтран ажиллаж, мэдлэг, туршлагаа харилцан солилцож байлаа. Мөн УХТЭ-ийн захиргаанаас дахин эмчээр ажиллуулах хүсэлтийн дагуу 1996-1998 онд ажиллаж, өөрийн залгамж залуу эмч нарыг сурган бэлджээ.

Хожим 1994-2002 онд “Мэлмий” хувийн нүдний эмнэлэг-хувиараа эрхлэх аж ахуй (ХЭАА) байгуулан ажиллаж байгаад тэтгэвэрт гарчээ. Хэдийн тэтгэвэрт гарсан байсан ч Анагаах ухааны Энэрэл коллежийг эм найруулагчийн дамжааг 2000 онд дүүргэсэн нь ямагт сурч мэдэх, өөрийгөө хөгжүүлдэг байсан хүсэл эрмэлзлэлийн илэрхийлэл юм. “Эрүүл мэнд, эрдэм боловсрол, хоол хүнс бол хүн бүр машид анхаарч, төр сайтар хариуцах ёстой салбар” гэсэн түүний чанд байр суурь өнөөдөр ач холбогдолтой хэвээр байна.

Г.Эрдэнэцэцэг хүчээр бус хэлээр, бяраар бус ухаанаар асуудал шийддэг, “Зэвсэг барьсан ахан дүүс цэцэг барин золгох болтугай!” хэмээн ерөөдөг энхийн төлөө зүтгэлтэн төдийгүй Бурхны шашны буяны сайн үйл, эрдэм номыг дэлгэрүүлэх чин хүсэлтэй нэгэн байсан ба нийтийн тусын тулд үнэ төлбөргүй өндөр настан, хүүхэд, харааны бэрхшээлтэй хүмүүст үйлчлэх, эмчлэх, өнчин хүүхдийг баярлуулах үйлийг зохион байгуулдаг байв. Өөрийн эцэг С.Гомбожавын үүсгэн байгуулсан Азийн Буддистуудын Энх тайвны бага хурал байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, оролцож ирсэн бөгөөд Засгийн газрын шийдвэрээр 2005 онд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын ерөнхий боловсролын дунд сургуулийг С.Гомбожавын нэрэмжит болгон мөнхжүүлжээ. Мөн эцгийн алтан шарилын хүрээнд Зарлиг увдисын суварга бүтээсэн билээ.

Түүний хичээл зүтгэл, тууштай занг үнэлэн хамт олон, төрөөс Монголын үйлдвэрчний эвлэлийн хүндэт гишүүн, VII таван жилийн гавшгайч, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Алдарт эхийн одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон зэрэг шагналаар шагнаж байжээ.

Тэрбээр үзэсгэлэн гоо шигээ энэрэнгүй, нинжин сэтгэлтэй, бусдын сайн сайхны төлөө үргэлж санаа сэтгэлээ зориулж, балчир хүүхдээс өтгөс буурлыг ялгалгуй хайрлан, өргөн тэтгэж, өөрөөсөө залуу, өтөл буурал насны хязгааргүй найз нөхдөөрөө хүрээлүүлэн бусдад нар гийх мэт инээд баяр баяслыг түгээн, өөрийн энэхүү үйл үйлдлээрээ үр хүүхдээрээ үлгэрлэн хүмүүжүүлж өсгөжээ.

Үр хүүхэд, ах дүү төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олондоо даруу төлөв, шулуун шударга, хүнлэг нөхөрсөг, өгөөмөр, энэрэнгүй, бүтээлч, хөдөлмөрч зарчимч гэгээн дүр нь бидний сэтгэл зүрхэнд үүрд хүндлэгдэн дурсагдах болно.

Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд нь

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *