Categories
мэдээ улс-төр

Эмэгтэй гишүүд Ерөнхийлөгчтэй уулзлаа

Энэ удаагийн парламентын 13 эмэгтэй гишүүн хүн амын 51.3 хувийг бүрдүүлдэг охид, эмэгтэйчүүдээ төлөөлөх, тэдний эрх ашгийг хамгаалж, нийгэм, эрүүл мэнд, боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хамтран ажиллахаар УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг байгуулсан. Тус бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, дэд даргаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа ажиллаж байгаа.

Эмэгтэй гишүүдийн бүлэг хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, боловсрол, эрүүл мэндийн салбарт төрийн үйлчилгээг үзүүлдэг багш, эмч нарынхаа хөдөлмөрийн үнэлгээг бодитой болгох, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төр, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах. Өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг дэмжиж хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, эмэгтэйчүүдийн ажлын байрыг нэмэгдүүлэх асуудлуудад анхааран ажиллахаас гадна, Ахмадын асрамжийн газрын хууль эрх зүйн орчныг боловсронгүй болгох. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэй гишүүдийн бүлгийн үйл ажиллагааг сурталчлах, дэмжих чиглэлээр ОУБ-уудтай хамтрах зэргээр идэвхтэй үйл ажиллагаа явуулахаар боллоо.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай эмэгтэй гишүүд уулзаж, ажиллах сэдвийнхээ хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцсон байна.

Ерөнхийлөгч эмэгтэй гишүүдийн санаачилгыг сайшааж, нас баралт, хар тамхины хэрэглээ, бэлгийн замын өвчлөл, орлогын тэгш бус байдал, ажилгүйдэл, ядууралд онцгой анхаарал тавьж бодит шийдэлд хүрэхийн төлөө ажиллахыг чухалчилж, амжилт хүсэн, хамтран дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *