Categories
мэдээ цаг-үе

Эмчийн бичсэн жорын дагуу антибиотик хэрэглэхийг уриалж байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас жил бүрийн арваннэгдүгээр сард антибиотикийн эсрэг долоо хоногийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн антибиотокийн эсрэг долоо хоног “Антибиотикийн ирээдүй бид бүгдээс хамаарч байна” уриан дор өчигдөр эхэллээ. ДЭМБ-аас 2015 оноос энэхүү арга хэмжээг нянгийн тэсвэржилтийн талаарх дэлхийн хүн амын мэдлэгийг сайжруулах, олон нийт эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, бодлого боловсруулагчдын дундах сайн дадлыг дэмжих зорилгоор хэрэгжүүлж эхэлжээ. Энэ талаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал ярихдаа “ДЭМБ-аас Монгол Улсад хийсэн судалгаагаар нийт хүн амын дунд хэрэглэж байгаа эм, эмийн бүтээгдэхүүний 70 орчим хувийг импортоор авч хэрэглэдэг. Монгол Улсын эмийн бүртгэлд 5900 орчим эм бүртгэгдсэнээс 14 хувь нь нянгийн эсрэг үйлдэлтэй эм байна. Өөрөөр хэлбэл, антибиотикийн эсрэг үйлдэлтэй эм. ДЭМБ-аас антибиотикийн хэрэглээний судалгааг зарим улс орнуудын мэдээлэлд тулгуурлан гаргасан. 2012 оны мэдээлэл дээр үндэслэхэд Монгол Улс нянгийн эсрэг антибиотикийн хэрэглээгээрээ дэлхийд дээгүүрт ордог орны тоонд орсон. Энэ байдалдаа бид дүн шинжилгээ хийгээд ЭМЯ, эрүүл мэндийн байгууллагууд хамтран жил бүрийн арваннэгдүгээр сарын сүүлийн долоо хоногийг антибиотикийн эсрэг долоо хоног болгон маш идэвхтэйгээр тэмдэглэх болсон. Арга хэмжээний хүрээнд нийтийн үйлчилгээний эмийн сангаас антибиотик авахдаа жороор олгох үйл ажиллагааг эрчимжүүлсэн. Сүүлийн үед жоргүй эм олгох асуудал нэлээд цэгцрээд, эмийн сангууд жоргүйгээр нянгийн эсрэг үйлчилгээтэй эм буюу антибиотикийг өгөхөө больсон. Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгож байгаа эмэнд цахим жорыг нэвтрүүлснээр антибиотикийн жор бичих, хэрэглээний хяналтыг хийх үйл ажиллагаа сайжирсан. Азийн хөгжлийн банкны эрүүл мэндийн салбарын хөгжил форумын хөтөлбөр байдаг. Энэ төслийн хэмжээнд нийт ард иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа улсын хэмжээний үйлчилгээтэй дундах шатлалын эмнэлгүүд, аймаг дүүргүүдийн эмнэлгүүдийн нөөц судлалын лаборторийн хүчин чадлыг сайжруулах засвар хийсэн. Шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан. Эмнэлэгт хэвтэж, үзүүлж байгаа иргэд ямар нэгэн халдвар авсан тохиолдолд нянгийн эсрэг эм буюу антибиотик тэсвэртэй байна. Ямар антибиотик хийвэл энэ өвчлөлийг илүү эмчлэх вэ гэдгийг тодорхойлж байгаа. Ингэснээр олон эмэнд дасалтай буюу нянгийн эсрэг антибиотикд дасал үүсэхээс сэргийлэх үйл ажиллагаа манай улсын хэмжээнд бүрдэж байна” гэв.

Нянгийн эсрэг эмэнд тэсвэржилт үүсэхээс сэргийлэх арга нь бид бүхний хийж чадах, дадах ёстой маш энгийн арга юм. Антибиотикийн тэсвэржилтийг сааруулах, урьдчилан сэргийлэхэд дараахь алхмуудыг хийх ёстой ажээ. Үүнд:

•Гараа савандаж, тогтмол угаах

•Бэлгийн аюулгүй харилцааг эрхэмлэх

•Вакцинжуулалтад тогтмол хамрагдах

•Зөвхөн танд зориулж зөвлөсөн антибиотикийг бусадтай хуваалцахгүй байх

•Антибиотик эмчилгээг зөвхөн мэргэшсэн эмчийн заавраар хэрэглэх

•Эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд хоол, хүнсээ бэлтгэх

•Өвдсөн тохиолдолд бусад хүмүүстэй ойрхон харилцахаас зайлсхийх

•Эрүүл ахуйн шаардлага хангасан, аюулгүй ус хэрэглэх гэх мэт аргуудыг хэрэглэх зөвлөмжийг мэргэжилтнүүд өгч байна.

Энэ тухай Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Биотехнологи, инновацийн албаны дарга Б.Ичинхорлоотой ярилцлаа.

-Антибиотикийн эсрэг долоо хоногийг хэрхэн хэрэгжүүлэх, ямар ямар арга хэмжээ авах, хүртээмжтэй байх талаар яаж ажиллах вэ?

-НЭМҮТ сургалт сурталчилгааг нь хариуцаж байгаа. Сурталчилгаа гэхээр ард иргэд рүү чиглэсэн энгийн үг хэллэгтэй, хэлэхэд амархан үгтэй уриа бүхий сурталчилгаануудыг тараана. Сошиал орчин, телевиз, сонин хэвлэл гээд ард иргэдэд хүргэх боломжтой бүх сувгаар мэдээллээ тараана. Энэ үйл ажиллагаанд Улсын Нэгдүгээр төв эмнэлэг хамтран оролцож байгаа. Нэгдүгээр эмнэлгийн эмч нараас антибиотикийн тэсвэржилт гэж юу болох, яаж урьдчилан сэргийлэх, антибиотикийг яаж хэрэглэвэл тэсвэржилтээс хамгаалах талаар тодруулга авч ярилцлага мэдээллүүдийг хүргэхийг зорьж байна.

-Антибиотикийн тэсвэржилт гэж яг юуг хэлээд байна вэ?

-Антибиотик анх нээгдсэн цагаасаа хойш олон өвчнийг дарсан. Антибиотик хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ түүнийг зөв хэрэглэж байж хэрэгтэй байдлыг ашиглана. Тухайлбал, хүмүүс антибиотикийг хэрэглэхдээ эмчийн зааваргүйгээр нэгнээсээ ам дамжин сонссон эмээ эмийн сангаас аваад хэрэглэчихдэг. Хоёр хоног ч юмуу ууж байгаад жаахан гайгүй болонгуут би зүгээр болчихлоо гээд уулгүй хаячихдаг. Антибиотик гэдэг зүйл чинь амьтай, өөр хоорондоо мэдээлэл солилцож байдаг. Эргүүлээд өөрөөсөө устгах кодыг мэдээлж эхэлнэ. Жишээлбэл, амоксициллин өөрөөсөө задалдаг эмийг гаргаад ирнэ. Дараа нь тэр өвчин дахин тэр амоксициллинийг уухад хэзээ ч дарагдахгүй. Дараа нь өөр нянгууд руугаа мэдээллээ дахин дамжуулаад эхэлнэ. Тэгээд бүх нянгуудад антибиотиктийн тэсвэржилт үүсээд эхэлдэг. Хэчнээн антибиотик хэрэглээгүй ч гэсэн тэсвэржилт үүсдэг. Дараа нь тэр нянгаар үүсгэгдсэн өвчнөөр хүн өвдлөө гэж бодоход тэр өвчин антибиотикт аль хэдийнэ дасал болчихсон байдаг. Гэтэл тэр өвчнийг дарахын тулд илүү хүчтэй антибиотик, эсвэл 2-3 антибиотикийг хольж хэрэглэж байж дарах шаардлагатай болдог. Тиймээс антибиотикийг зөв зохистой хэрэглээд, тэсвэржилтийг бууруулах шаардлагатай.

-Өрхийн эмнэлэг, эмнэлгийн байгууллага гэхээсээ илүү хувийн эмийн сангуудын эм зүйч нарт илүү мэдээлэл өгөх ёстой юм шиг байна л даа. Эм зүйч нарт мэдээллийг яаж хүргэдэг вэ. Сургалт хийдэг үү?

-Эмч, эмнэлгийн ажилчдад сургалт мэдээллийг хүргэдэг, заадаг. Ард иргэд бол зөвхөн эмчийн зөвлөсөн эмийг жорын дагуу хэрэглэх нь чухал.

-Манай улс эмийн замбараагүй хэрэглээгээрээ дэлхийд дээгүүрт ордог. Энэхүү антибиотикийн эсрэг долоо хоногийг хэрэгжүүлж эхэлснээс хойш судалгаа хийсэн үү. Буурч байгаа болов уу?

-Ер нь ард иргэдийн дунд хэвшмэл болсон зан үйл байна л даа. Энэ ханиаданд ч гэдэг юмуу, энэ өвчинд ийм эм сайн гэсэн сургаар нөгөө хүн нь дур мэдэн эм авч хэрэглэдэг. “Жор үзсэн ламаас зовлон үзсэн чавганц дээр” гэдэг үг сэтгэхүйд нь суучихсан. Энэ эмийг уугаад би зүгээр болчихсон гэхээр л нөгөөхийг нь аваад уучихдаг. Энэ мэт зан үйлүүд нөлөөлөөд байна. Жороор л эм олгодог эмийн сангууд олон болж, замбараагүй хэрэглээ бага ч гэсэн буурч байна. Гэсэн ч зарим эмийн сангууд жоргүй олгоод байна.

-Эмийн сангуудад хяналт тавьж чаддаг болов уу?

-Хяналтыг Мэргэжлийн хяналтын газар хийдэг болохоор сайн мэдэхгүй юм.

-Антибиотикийн хамгийн хор нөлөөтэй зүйл юу вэ?

-Антибиотикийг дутуу хэрэглээд орхиход өвчний шинж тэмдгийг байхгүй болгочихдог. Гэтэл нөгөө нян нь үхэхгүй. Тухайн үедээ хагас унтаа байдалд ордог. Дахин хэсэг хугацааны дараа хоолой өвдөх ч юмуу ямар нэгэн өвчлөл илрэхэд нөгөө антибиотикийг дахин хэрэглэхэд дарагдахгүй. Хүмүүс түүнийг нь эмэнд дарагдахгүй болчихсон, одоо амоксициллин хэрэглэхгүй, пенициллин хэрэглэнэ гэдэг. Энэ л антибиотикийн буруу хэрэглээ болоод байгаа юм. Хоёрдугаарт, хүнсэнд хэрэглэсэн антибиотикоос болоод тэсвэржилт үүсээд байна. ДЭМБ-аас гурван зөвлөмжийг өгдөг. Нэгдүгээрт, эмчийн бичсэн жорын дагуу антибиотикийг хэрэглэ. Хоёрдугаарт, эмчийн бичсэн эмийг хэн нэгний өвчин адилхан гэж бодоод хувааж битгий хэрэглэ. Гуравдугаарт, хэн нэгний уулгүй үлдээсэн антибиотикийг үргэлжлүүлэн битгий уу. Энэ л гурван дүрмийг иргэд маань чанд сахих хэрэгтэй байна.

ЭМЯ-ны эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн мэргэжилтэн Н.Амаржаргал ярихдаа “Нийслэлийн эрүүл мэндийн газраас Нийтийн үйлчилгээтэй эмийн сангуудын эм зүйч нарт маргаашнаас (өнөөдрөөс) сургалт зааж эхэлнэ. Тэсвэржилтийн байдал дээр судалгаа хийсэн зүйл одоогийн байдлаар байхгүй. Энэ төрлийн судалгааг зайлшгүй хийх шаардлага үүсээд байна. ДЭМБ-аас хоёр төрлийн судалгаа хийж байгаа. Нэгдүгээрт, тухайн улс оронд антибиотикийн хэрэглээ ямар байна. Хоёрдугаарт, тэсвэржилтийн байдал ямар байна гэдэг тандалтын судалгааг хийж байна. 2015 онд бид ДЭМБ-тай хамтран судалгаа хийсэн. Судалгаагаар манай эмийн замбараагүй хэрэглээ өндөр гарсан. Эхний ээлжинд бид нийтийн үйлчилгээтэй эмийн сангуудад жоргүй эм өгөхгүй гэдэг сургалт сурталчилгааг хийнэ. Энэ арга хэмжээг эмч, эмнэлгийн байгууллагын ажилчдад ч авсан. Бүх шатанд арга хэмжээ, сургалт сурталчилгааг хийгээд явж байна. 2018 онд тандалт судалгааг хийж үзсэн. Нянгийн эсрэг эмийн импортоор орж байгаа болон үйлдвэрлэлийн хэрэглээ 21.7 хувиар буурсан гэсэн үзүүлэлт гарсан. Энэ нь сайшаалтай хэрэг ч буурч байна гээд орхиж болохгүй. Иргэд аль болох жоргүй эмнээс татгалзаад эхэллээ. Одоо эмч эмнэлгийн ажилчид маань нянгийн эсрэг эмнээс аль болох зайлсхийх, шууд антибиотик бичдэг асуудлаас аль болох татгалзаж, өөр эмчилгээний аргыг сонгоосой хэмээн уриалж байгаа юм” гэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *