“Элсэн уран баримал-2019” наадам Швед улсын Калмар хотноо зохион байгуулагджээ.
Уг олон улсын элсэн уран баримлын уралдаанд Монголын уран сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэ оролцож, тэргүүн байр эзэлсэн байна. Харин дэд байрт АНУ-ын сийлбэрч орсон бол гуравдугаар байранд Швед улсын сийлбэрч шалгарчээ.
Уран сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнийн хувьд өвлийн улиралд мөсөн хотхон, хавар, зун, намрын улиралд мод, элсээр сийлбэр урладаг байна. Монголдоо өвлийн улиралд мөсөн хотхон урладаг байжээ. Түүний хамгийн томоохон бүтээл бол Баянхонгор аймагт босгосон “Үлэг гүрвэлийн цэцэрлэгт хүрээлэн” бөгөөд өндөр нь долоо, урт нь 15 метр үлэг гүрвэлийн баримлыг сийлбэрч Б.Дэлгэрсайхантай хамтарч хийсэн байна. Мөн тэрбээр Өмнөговь аймагт үлэг гүрвэлийн баримлууд урласан гэнэ. Ц. Мөнх-Эрдэнэ ахлагчтай Монголын баг өнгөрөгч 2018 онд АНУ-ын Колорада мужийн Брикенриж хотод 28 жилийн өмнөөс уламжлал болон зохион байгуулж ирсэн цасан баримлын олон улсын тэмцээнд амжилттай оролцож, “Нууц” нэртэй бүтээлээрээ тэргүүн байрын шагнал хүртжээ. Дэлхийн 250 цасан сийлбэрийн багууд өрсөлдсөнөөс 16 баг шигшээд шалгарч, тэдгээрээс ур чадвар, авьяас, тэвчээр, хурд, нарийн няхуур ажиллагаагаараа онцгойрч чадсан байна.