Categories
мэдээ нийгэм

Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар үргэлжилж байна

Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалт өнгөрсөн бямба гаригт эхэллээ. Улсын хэмжээнд 43846 шалгуулагч бүртгүүлсэн байна. Тэд нийтдээ 11 төрлийн хичээлээр шалгалт өгөх аж.

Шалгалт энэ сарын 16-наас 20-ны өдрүүдэд үргэлжилж байгаа юм. Тодруулбал, энэ сарын 16-ны 10:00 цагт Монгол хэл бичгийн шалгалт, 15:00 цагm Физик, 17-ны 09:00 цагт Монгол Улсын түүх, 13:00 цагт Англи хэл, 17:00 цагт Газар зүй, 18-ны 09:00 цагт Биологи, 13:00 цагт Математик, 19-ны 09:00 цагт Монгол хэл, 13:30 цагт Нийгмийн тухай мэдлэг, 20-ны 09:00 цагт Хими, 13:00 цагт Орос хэлний шалгалтуудыг тус тус өгнө.

Харин Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо, жагсаалтыг ирэх долдугаар сарын 1-ний 09:00 цагт Боловсролын үнэлгээний төвийн ECC.mn сайт дээр тавигдана гэв.

Шалгуулагчид өөрсдийн бүртгэлийн дугаар нууц үгээрээ ECC.mn сайт руу орж харах бүрэн боломжтой. Өмнөх оны шалгуулагчид долдугаар сарын 2-5-ны өдрүүдийн хооронд Боловсролын үнэлгээний төв дээр, Арванхоёрдугаар анги төгсөгчид тухайн өөрсдийн төгсөж байгаа сургууль дээрээсээ очиж батламжаа авах ажээ.

Элсэлтийн ерөнхий шалгалтыг тодорхой заасан, тохижуулсан анги танхимуудад явагдаж байгаа юм. Бид өглөөний 08.00 цагт Улсын тэргүүний 84 дүгээр сургууль дээр очиход сурагчид шалгалтдаа орохоор аль хэдийн ирсэн байв. Тэдний бичиг баримтыг шалгаж хуваарилагдсан анги танхим руу нь оруулж байлаа. Энд 84, 87, 88, 97, 111, 120 дугаар сургуулиуд болон хувийн сургуулиудын төгсөгчид шалгалтаа өгч байгаа гэнэ.

84 дүгээр сургуульд 690 гаруй хүүхэд шалгалт өгөхөөр хуваарилагджээ

Энэ үеэр шалгалтын материалыг задлахаар шалгалтын комисс болон гурван эцэг, эхийн төлөөлөл сургууль руу орлоо. 84 дүгээр сургуульд 690 гаруй хүүхэд шалгалт өгөхөөр хуваарилагджээ. 08.10 цагаас эхлэн Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулах комиссын гишүүд болон багийн ахлагч байр байраа эзлэн төгсөгчдийг нэг эгнээнд жагсаан оруулж эхэллээ. Сургуулийн үүдэнд зогссон зохион байгуулагчид сурагчдыг гар утас, цүнхээ ар гэрийнхэндээ үлдээхийг шаардаж байв. Бичиг баримт бүрэн, гар утасгүй хүүхдүүд суудлын дугаарын дагуу хуваарилагдсан анги руугаа зохион байгуулагчдаар заалган орж байсан юм. Ангидаа орсон хүүхдүүдийг нэг нэгээр нь суулгаж байлаа. Улмаар 10.00 цагт Монгол хэл, бичгийн шалгалт эхэлсэн юм. Элсэгчид шалгалтын материалаа хөх өнгийн үзгэн балаар бөглөх журамтай билээ. Гэтэл холбогдох мэдээллээ дутуу авснаас болж, олон хүүхэд харандаатай ирсэн харагдана. Шалгалт эхлэхээс өмнө сургуулиас хэд хэдэн хүүхэд үзгэн бал авахаар гарч байв. Шалгалтын хугацаа 80 минут учир эцэг эхчүүд хүүхдүүдээ хүлээж байсан юм. Хүүхдүүдээ шалгалтаас гарч ирэхийг хүлээн суух цөөн эцэг эхээс зарим зүйлийг тодрууллаа. Эцэг эхчүүд нь тэр бүр Элсэлтийн ерөнхий шалгалт явагдахад гадаа нь хүлээгээд суугаад байдаггүй бололтой. Зарим нь ажилдаа явчихаад, гарч ирэхийнх нь үед ирдэг гэнэ. Энэ үеэр Баянзүрх дүүргийн иргэн Г.Батболд “Манай охин энэ жил арванхоёрдугаар анги төгсөж байгаа. Өнгөрсөн хугацаанд хичээлийг нь сайтар бэлдүүлж, шамдуулж байсан үр дүнгээ одоо л үзнэ дээ. Өөрөө жүжигчин болох сонирхолтой. Гэхдээ хичээлдээ их сайн. Матетамик, эсвэл химийн хичээлээр гүнзгийрүүлэн судлаад явбал, зүгээр гэж зөвлөөд сууж байна. Ажлын байр ч элбэг байдаг. Гараад ирэхээр нь охинтойгоо хоолонд орно. Тэгээд Физикт нь оруулна” гэв.

Төд удалгүй шалгалтад орсон хүүхдүүд гарч ирлээ. Элсэлтийн шалгалтад орсон сурагч О.Батзаяа “Монгол хэл, бичгийн шалгалт хүнд байлаа. Одоо Физикийн хичээлийн шалгалттай. Нийт зургаан шалгалт өгч байгаа. Хими, Биологийн хичээлдээ түлхүү анхаарлаа хандуулж, бэлдсэн. Ээж ажлаасаа чөлөө аваад надтай хамт ирсэн. Гэхдээ эцэг эхчүүдийг оруулахгүй болохоор гадаа хүлээгээд сууж байсан. Надад монгол хэл, бичгийн даалгавар нь жаахан эргэлзээтэй хэцүү санагдлаа. Бидний хувьд хамгийн хэцүү хичээл бараг л Монгол хэл, бичиг шүү дээ. Бусдыг нь гайгүй хийчихсэн байх гэж бодож байгаа. Анагаах ухааны их сургуульд орох хүсэл бий. Эмч болох мөрөөдөлтэй. Олон хүний амь насыг авардаг буянтай мэргэжил. Гэхдээ ээж, аав хоёр “Эмч гэдэг хэцүү ажил юм биш үү” гээд байдаг болсон. Тэд “их хатуу, чи тэвчиж суралцаж төгсөөд амжилттай ажиллаж чадах юм уу” гэж бас зааж зөвлөсөн. Аав маань харин “өөрөө чадна гэж байгаа учраас чадах байлгүй дээ. Өөрөө мэддээ” гэдэг хэмээн ярилаа.

Улсын тэргүүний 84 дүгээр сургуульд шалгалт өгч байсан хүүхдүүдээс, эрүүл мэндийн шалтгаан болон бичиг баримтаа мартаж бүтэлгүйтсэн зэрэг зөрчил хэд хэд гарлаа. Гэхдээ тэр дор нь зохион байгуулагчид нь уг асуудлыг шийдэж байсан юм. Харин Нийслэлийн зарим сургуулийн танхимд шалгалт өгөх ёстой сурагчдаас буруу бичиг баримт авчирсан, бүртгэлийн хуудсаа баталгаажуулаагүй зэрэг зөрчил ганц, хоёр бүртгэгдэж шалгалтын танхимд орж чадалгүй буцчихсан гэнэ. Тус сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд шалгуулж байгаа аж.

Бичиг баримтын зөрчилтэй 50 гаруй элсэгч байжээ

Энэ онд 43846 шалгуулагч Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлснээс 87 хувь буюу 37950 нь энэ жилийн төгсөгч, 5896 нь өмнөх оны төгсөгч юм байна. Тэгвэл өмнөх оны шалгуулагчид Улсын тэргүүний 24 дүгээр сургуульд шалгалтаа өгч байгаа юм. 17.00 цагт тус сургууль дээр очлоо. Энэ үеэр Физикийн шалгалт дөнгөж дуусч, элсэгчид гарч ирж байв. 24 дүгээр сургуулийн шалгалтын төвийн Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн н.Цолмонгоос шалгалтын явцын талаар асуулаа. Тэрээр “Өмнөх оны шалгуулагчид манай сургууль дээр шалгалт өгч байна. Монгол хэл, бичгийн шалгалтад 709 шалгуулагч хамрагдах ёстойгоос 392 шалгуулагч ирсэн. Шалгалтад ороогүй 317 хүүхэд байна гэсэн үг. Физикийн шалгалтад 159 шалгуулагч орох байснаас 123 нь ирсэн. 36 шалгуулагч огт ирээгүй. Манай төв дээр томоохон зөрчил гараагүй. Сэдэв даалгавар болон өөр ноцтой асуудал гарсангүй. Гэхдээ өмнөх оны шалгуулагчийн хувьд бичиг баримтын зөрчил дийлэнх хувийг эзэлж байсан. Одоогоор бараг 50 гаруй элсэгч бичиг баримтын зөрчилтэй байлаа. Тус элсэгчдийн асуудлыг дор нь шийдээд шалгалтад хүүхдүүдийг аль болох хохиролгүй оруулсан байгаа. Монгол Улсын түүхийн хичээлийн шалгалт манай сургуульд болно” гэв.

24 дүгээр сургуулийн шалгалтын төвд Физикийн шалгалтад орсон Политехникийн коллежийн сурагч Н.Даваажаргал “Өнгөрсөн жилүүдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын материалаас ажиллаад нэлээн бэлтгэж байсан болохоор харьцангуй гайгүй санагдлаа. Аав, ээж хөдөө явчихсан эзгүй байгаа. Ахтайгаа ирсэн. Утас болон ямар нэг эд зүйл авч орох хориотой учраас манай ах хадгалаад сууж байсан юм. Тэгээд саяхан явсан. Монгол хэл, бичгийн шалгалт арван асуулттай, тус бүртээ хоёр оноотой байсан. Тэгээд нэг эх өгөөд монгол бичиг рүү хөрвүүлэх даалгавар байсан. Надад монгол бичгийн даалгавар тийм ч хэцүү санагдаагүй. Харин физик нэлээн хэцүү байсан. Дөрвөн хэсэг 45 асуулттай. Хоёрдугаар хэсэг нь тэр чигтээ бодлого байна лээ. Би барилгын инженер болох сонирхолтой. Нэг ёсондоо ШУТИС-д орно гэсэн үг. Барилгын компанид инженерийн туслахаар ажиллаж байсан” гэсэн юм.

Тавдугаар сургуулийн шалгалтын төвд ажиллаж буй хянагч багшаас зарим зүйлсийг тодрууллаа. Тэрээр “Энэ жилийн ирц хангалтгүй байна. Өнөө өглөөний Монгол хэл, бичгийн шалгалтад манай зааланд 24 хүүхэд орох ёстойгоос ердөө арван элсэгч л оролцсон. 15 хүүхэд нь ирээгүй. Физикийн шалгалтад мөн 13 хүүхэд огт ирсэнгүй. Долоон хүүхэд л танхимд хүлээж байна. Өнөөдөр ямар нэг зөрчил гараагүй. Үнэлгээний төвөөс гарсан журмын дагуу бид ажиллаж байна. Хүүхдүүд журмаа харьцангуй сайн судалсан байна. Ямар нэг хууль бус үйлдэл гаргахгүй байгаа. Бүх зүйл ном журмын дагуу явагдаж байна” гэлээ.

Б.АМАРТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *