Categories
мэдээ нийгэм

Элэгний С вирус тоолох шинжилгээ авч эхэллээ

АНУ-ын “Gilead Sciences” компани нь элэгний С вирусийг эмчлэх ХАРВОНИ (Ледипасвир 90мг/Софосбувир 400мг) шахмал эмийг Канад улсын Patheon үйлдвэрт гэрээгээр үйлдвэрлүүлэн Монгол улсад “Access” буюу “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд импортлон, улсын эмийн бүртгэлд бүртгүүлэхээр болсон.

2013 оны байдлаар манай улсад элэгний С вирустэй 200 гаруй мянган иргэн байдаг гэсэн судалгаа гарчээ. Эдгээрээс архаг өвчтэй буюу яаралтай эмчилгээ шаардлагатай 52 мянган хүн байгааг элэгний эмч нар онцоллоо. Харвони эмийг хэрэглэснээр элэгний өвчлөл эдгэрч С вирус бүрэн устах юм байна.

Тус эмийг энэ оны тавдугаар сард Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэсэн юм. Зах зээл дээр нэг курс нь 94.000 мянган ам.доллараар борлуулагддаг эмийг 1200 ам.доллараар Монголд борлуулах санамж бичиг байгуулаад байгаа. Энэ хүрээнд ирэх сарын дундуур манай улсад оруулж ирэх юм байна.

Улсын хэмжээнд Хепатит С вирусын оношилгоо эмчилгээний хүрээнд хот хөдөөгийн 140 эмч мэргэжилтнийг хоёр удаагийн сургалтад хамруулж, батламжийн дагуу гэрээ хийсэн лабораториудад тодорхой төлбөртэйгээр С вирус тоолох шинжилгээнд хамруулаад байгаа аж. Шинжилгээнд өнөөдрийн байдлаар 2500 хүн хамрагдсанаас 1300 орчим нь С вирустэй гарчээ. С вирусийн эмийг албан ёсоор сонгогдсон 22 эмийн сангаар борлуулах юм байна.

Элэгний С вирусын оношилгоо хийх эмнэлгүүд:

Элэгний төв

Грандмед

Интермед

Сонгдо эмнэлэг

Гялс анагаах ухааны төв

Хаппи веритас

Мед-аналитик

Онкоген

Стандлаб

Итгэл эрүүл мэндийн төв гэсэн 10 байгууллага багтаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *