Categories
мэдээ цаг-үе

Элдвээр зүхдэг хэдэн компани маань л биднийг тэжээж байна

Сүүлийн таван жилийн хугацаанд татвар төлөлтөөрөө тэргүүлсэн зуун аж ахуйн нэгжийн жагсаалт өмнө минь байна. Татварын ерөнхий газраас тэдний нэрийг саяхан зарласан юм. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, хууль тогтоогчид, төрийн албан хаагчид, ер нь төрд зүтгэдэг хүн бүрийн цалин, хангамжид зардаг мөнгө энэ компаниудын халааснаас гардаг. Үрсийг минь сургууль, цэцэрлэгтэй, энэ улсын иргэн бол хэнийг ч зориод очиход нь эмчлээд өгөх эмнэлэгтэй байлгадаг улс мөн л эд. Тодруулж хэлбэл татвар төлөгчдөөс авсан мөнгөөр бид амьдардаг юм. Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн элдэв зардлыг төрөөс даадаг гэж ярьдаг. Үнэндээ төр дааж байгаа юм биш л дээ. Төсвийн мөнгө компаниудын хөлс хүчээр бүрддэг учраас төр дааж байгаа гэвэл үнэнээс хол зөрнө. Харин ч компаниуд төрийн орших үндэс болдог гэвэл логик талаасаа маргах аргагүй үнэн болно.

Татвар төлөлтөөрөө тэргүүлсэн зуун компаниас эхний хэдийг нь сонирхлоо. Өнөө бидний ад үзэж, харааж зүхээд байдаг уул уурхайн компаниуд хамгийн том татвар төлөгчид байх юм. Жагсаалтыг “Эрдэнэт” үйлдвэр өнгөлжээ. Хэзээнээсээ л Монголыг тэжээсээр ирсэн “саалийн үнээ”. Өнөөдөр ч төсөвт өгсөн мөнгөөрөө тэргүүлж байна. Эрдэнэт үйлдвэр таван жилийн хугацаанд хоёр их наяд 93 тэрбум гаруй төгрөг төлчихөж.

Хоёрт нь Оюу толгой жагсч байна. УИХ-ын гишүүдээсээ эхлээд л дайн зарлачихаад байгаа төсөл дөө. Иргэний хөдөлгөөн, элдэв эх орончид бол бүр сэлмээ эргүүлээд дайрдаг. Муу л бол хойд талын хар овоохой гэдэг шиг юм л бол Оюу толгой руу дайрсан адлангуй үгс эх орончдын амнаас байс гээд унадаг. Тэгвэл муугийн жишээ болгож ярих дуртай Оюу толгой 493.5 тэрбум төгрөгийг татварт төлжээ. Энэ мөнгөөр нь бидний хүүхэд сургууль цэцэрлэгтэй, эрхэм гишүүд цалин хангамжтай таван жил аятайхан амьдарчихаж. Манайд л ийм эвгүй өнгөөр яригддаг болохоос Оюу толгой уг нь дэлхийн хэмжээнд яригдах том төсөл. Бидний энэ этгээд хачин хандлагыг зах зээл жамаараа хөгжсөн орнуудын учир мэдэх улс ойлгохгүй л дээ. Мөрөө хавчин гайхахаар хачин хандлага мөнөөсөө мөн.

Шилдэг татвар төлөгчдийн гуравдугаарт АПУ жагсчээ. Энэ компанийн удирдлагуудыг “муусайн баячууд” гэсэн зүхэл тойроогүй. Байнга л шүүмжлүүлж, муулуулж, элдэв дайралтын бай болж байдаг улс. Гэтэл эд 442.4 тэрбум төгрөгийн татвар төлжээ. Бараг хагас их наяд төгрөг. Өчнөөн сургууль, цэцэрлэг барьчихаар мөнгө шүү.

Татварт төлсөн мөнгөөрөө дөрөвт жагссан компани бол “Энержи ресурс”. Мөн л эх орончдын адалдаг компаниудын нэг. Уг нь нүүрсийг олборлохоос эхлээд тээвэрлэх хүртэлх бүх л ажлаараа жишиг болсон үндэсний ганц компани. Тэдэн шиг үйлдвэр барьж нүүрсээ угааж дажгүй үнээр зарчихсан компани одоохондоо алга. Нүүрс тээвэрлэх стандартын замыг их мөнгө гаргаж тавьснаараа Өмнийн говьд анхдагч болсон гэж ирээд яривал онцлох алхам ихтэй компани. Одоо Таван толгойн менежмэнтийг хийе гэсэн хүслээр төртэй хэлэлцээ хийж байна. Эх орончид үүнд нь хачин дургүй байгаа. Дэлхийн зах зээл дээр нүүрс “хог” болохоос өмнө Таван толгой гэдэг аварга ордоо хөдөлгөхөөс аргагүй, энэ ордыг мөнгөний машин болгоё гэвэлтэдний туршлага хэрэгтэй. Хачирхалтай нь эх орончид үүнд яагаад ч юм илэрхий таагүй хандаад эхэлчихсэн. Зүй нь “Энержи ресурс” томрох нь бидэнд л хэрэгтэй. Хамгийн наад захын өгөөж нь одоо төлж байгаагаасаа илүү татвар төлнө. Тэр хэрээр төсөв тэлнэ. За тэгээд ажиллах хүч, төмөр зам, энэ том төслийг тойрч амьдрах компаниудгэж ирээд яривал өгөөж, үр дүн, ашиг тоймгүй л дээ.

Татварт сүүлийн таван жилд төлсөн мөнгөөрөө тавдугаарт орсон компани бол “Монголын алт” компани буюу МАК. Уул уурхайн үндэсний том компани. Цементийн үйлдвэр, Цагаан суваргын зэс баяжуулах үйлдвэр гэх мэт том бүтээн байгуулалтыг зоригтой эхлүүлсэн баялаг бүтээгчид. Нүүрс зарж олсон мөнгөө салхинд хийсгэлгүйгээр Монголын хөгжилд нэмэртэй том төслүүдэд хөрөнгө оруулалт хийж байгаад нь тэдэнд талархах учиртай. Харамсалтай нь өнөөдөр бидний хандлага эсрэгээрээ. МАК-ийнхан эх орончдын “муусайн баячууд”, “эх орны минь баялгийг цөлмөгчид” гэсэн дайралтад аль дээрээс л өртсөөр ирсэн. Одоо ч ялгаагүй. Нэг ч удаа “Бүтээн байгуулалтын ийм том төсөл эхэлсэнд тань баярлалаа” гэсэн талархлын үг сонсоогүй яваа компани.

За тэгээд шилдэг татвар төлөгчдийн жагсаалтыг “Таван толгой”, “Эрдэнэс Таван толгой” гэсэн компаниуд үргэлжлүүлж байна. Мөн л эх орончдын зүхэх дуртай уул уурхайн компаниуд. Эх орончдын дунд том компанитай эрхмүүд бий. Гэхдээ эхний хэдэд нь лав харагдсангүй. Бүтээсэн баялаг татварт их, бага мөнгө төлснөөр хэмжигдэхгүй л дээ. Гэвч хэлэхээс аргагүй нэг үг байна. “Танай компани улсынтөсөвт биднээс илүү мөнгөтөлжээ. Эх орондоо баялаг бүтээсэнд тань талархлаа” гэж мэхийдэггүй юм аа гэхэд “муусайн баячууд” гэж зүхмээргүй санагдана. Тэд адилхан л татвар төлөгчид, Монголын тэжээгчид. Гэхдээ Монголыг тэжээж буй эрхмүүдээс байнга адлуулдаг уул уурхайн компаниуд “илүү, илүү, илүү” байна. Энэ үнэнтэй маргах аргагүйг тэдний төлсөн өчнөөн тэрбумуудаас харчихаж болно. Тэгэхээр нэг удаа ч гэсэн том татвар төлөгчдөдөө баярлалаа гэж хэлбэл ямар вэ.

Ц.БААСАНСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *