Categories
мэдээ улс-төр

Элчин сайдуудыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Европын Холбоо, Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарыг өнөөдөр / 2014.11.07 / хүлээн авч уулзлаа. Тэрээр уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Европын Холбоо болон Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд та бүхэнтэй уулзаж харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож байгаадаа баяртай байна. Юуны өмнө Итгэмжлэх Жуух Бичгээ барьсан Европын Холбооны Элчин сайд, Бүгд Найрамдах Унгар Улсын Элчин сайд, Бүгд Найрамдах Кипр Улсын Элчин сайднарт баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

Европын Холбооны гишүүн орнуудын Элчин сайд нарын энэхүү уулзалт 2009 оноос хойш жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж бидний хамтын ажиллагааны байнгын механизм болсон байна. Монгол Улс “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд Европын Холбоо, түүний гишүүн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа боломжтой бүхий л салбарт эрчимжүүлэн хөгжүүлэхийн төлөө байдаг. Саяхан Милан хотноо болсон АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалтын үеэр дараагийн Дээд хэмжээний уулзалтыг 2016 онд зохион байгуулах орноор Монгол Улс сонгогдсон. Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад Европын Холбоо, түүний гишүүн орнуудтай хамтран ажиллах, дэмжлэг, зөвлөлгөө авах хүсэлтэй байна.Монгол Улс, Европын Холбооны хоорондын Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2013 оны 4 дүгээр сарын 30-нд байгуулсан. Энэхүү хэлэлцээр нь хоёр талын олон салбарын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох учиртай.

Хэлэлцээрийг Монголын тал баталсан. Өнөөдрийн байдлаар 12 гишүүн орон хэлэлцээрийг батлаад байгаа мэдээлэл байна. Батлаагүй байгаа орнуудын Элчин сайд нараас хэлэлцээрийг батлах процедурыг өөрийн оронд түргэтгэхэд дэмжлэг хүсэж байна. Хэдийгээр манай оронд улс төр, эдийн засгийн түр зуурын хүндрэл тулгарч буй ч эдгээр хүндрэл бэрхшээлийг даван туулж, улс төр, нийгмийн тогтвортой байдал, эдийн засгийн тогтвортой хөгжлөө хадгалж чадна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Монгол Улс Европын Холбооны гишүүн 28 улсын 17 улстай Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах гэрээ байгуулсан.Бид Европын Холбооны норм, стандартыг өөрийн орны нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт нутагшуулах зорилтыг дэвшүүлж ирсэн. Бидний зорилтыг ЕХ дэмжиж ирсэнд талархал илэрхийлье. Энэхүү зорилтын хүрээнд ЕХ-ны санхүүжилт бүхий “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” тухай төсөл энэ оны 4 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлээд байгаад баяртай байна.

Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоёр 2 жил тутам зөвлөлдөх уулзалт зохион байгуулдаг. 2015 онд ээлжит 10 дугаар уулзалт Улаанбаатар хотод зохион байгуулагдана.2012 онд Монгол Улс, НАТО-гийн хооронд Түншлэл, хамтын ажиллагааны тусгай хөтөлбөр батлагдсанаар Монгол Улс НАТО-гийн түнш орон болсон. МУИХ-д НАТО-гийн Парламентын Ассамблейтай харилцах бүлэг байгуулагдан ажиллаж байна. 2012 онд Монгол Улс Европ, Америк, Азийн 57 улс орныг нэгтгэсэн бүс нутгийн аюулгүй байдлын хамгийн том байгууллага болох Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын бүрэн эрхт гишүүн болсон. МУИХ ЕАБХАБ-ын гишүүн орнуудын парламент хоорондын харилцаанымеханизм болох ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн гишүүн болсон. МонголУлсын Их Хурал ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хувь нэмэр оруулах үүднээс ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны Намрын хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. 2015 оны ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн хурал, 2016 оны АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулахад Элчин сайд та бүхний дэмжлэг бидэнд хэрэгтэй. Бид амжилттай хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна хэмээн онцлон тэмдэглэв.

Уулзалтын төгсгөлд Элчин сайдууд Улсын Их Хурлын даргаас Монгол Улсын улс төр, эдийн засгийн нөхцөл байдал болон парламентын хамтын ажиллагааны талаар сонирхсон зүйлээ асууж тодруулсанд Улсын Их Хурлын дарга хариулт өгсөн. Уулзалтад Герман, Их Британи, Франц, Чех, Австри, Бельги зэрэг 27 орны Элчин сайдууд оролцсон юм.

Мөн уулзалтад Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд, Л.Цог, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нар байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *