Categories
мэдээ цаг-үе

Элчин сайд Зимдал Галт: Бид Америкийн хөрөнгө оруулагчдыг татах зорилт тавин ажиллаж байна

“Өдрийн сонин”ы 2017.06.08 Пүрэв гаригийн №129 (5696) дугаараас авч нийтлэв.

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Женифер Зимдал Галттай ярилцлаа.


-Та Монгол Улсад ирээд багагүй хугацаа өнгөрлөө. Хийхээр төлөвлөсөн ажлуудаасаа өнгөрсөн хугацаанд хийж амжив уу. Хийсэн ажлуудаасаа ямар ажлыг онцлох вэ?

-Монгол Улсад АНУ-ыг төлөөлөн суугаа элчин сайдын хувьд миний ажлын зорилго, хийсэн ажлуудаас онцлон асууж байгаад баярлалаа. Ирсэн цагаасаа хойш нэлээд хэдэн ажлыг зохион байгуулснаас гол зорилтуудыг маань тодотгох зарим нэгийг нь онцлоё. Юуны өмнө, 2016 онд Монголд Энхтайвны корпус үйл ажиллагаагаа явуулж эхэлсний 25 жилийн ой тохиосон билээ. Энэ үеэр Вашингтоноос тус байгууллагын тэргүүн Монгол дахь үйл ажиллагаагаа дэмжиж сурталчлахаар Монгол улсад айлчилсан. Энэ айлчлалын үр дүнд энэ оны тавдугаар сараас эхлэн Энхтайвны корпусаас нийгмийн эрүүл мэндийн томоохон хөтөлбөр эхлүүлээд явж байна. Хоёр дахь онцлох үйл явдал бол АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн Монгол Улсад өнгөрсөн жилийн зургадугаар сард хийсэн айлчлал байв. Энэхүү айлчлалын үеэрээ тэрээр миний санаачилсан Залуу манлайлагчдын LEAD хөтөлбөрийг нээсэн. Гуравдахь онцлох чухал үйл явдал бөгөөд энэ ярилцлагын маань гол сэдэв бол энэ онд тохиож буй манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой юм. Энэ үеэр өмнөх хамтын ажиллагаагаа эргэн харж дүгнэхээс гадна ирээдүйд хамтран ажиллаж болох шинэ боломжуудыг эрэлхийлэх ач холбогдолтой юм. Тиймээс үйл ажиллагааны нэлээдгүй зорилго маань үүнд чиглэгдэж байгааг хэлэх хэрэгтэй. Бид үйл ажиллагаандаа гурван гол зорилтыг тавьж ажиллаж байна. Үүнд Монголын эдийн засгийг сэргээж төрөлжүүлэх, ардчилал, ардчилсан институцийг бэхжүүлэх, мөн бүс нутгийн болоод олон улс дахь Монгол улсын оролцоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллана.

-Энэ талаараа дэлгэрүүлэхгүй юу?

-Эдийн засгийн байдал амаргүй байгаа энэ үед бид Монгол Улсыг дэмжиж ажиллана гэж хэлсэн. Монгол Улс ОУВС-тай хамтран ажиллах болсныг бид сайшаан харж байгаа. Ингэснээр Монгол улс санхүүгийн сахилга батаа сайжруулж, эдийн засгийн тогтвортой өсөлтийн замаар орох юм. Мөн манай хоёр улсын байгуулсан Ил тод байдлын хэлэлцээр энэоны гуравдугаар сарын 20-ноос хэрэгжиж эхэллээ. АНУ-ын хөрөнгө оруулагчдад эерэг дохио өгсөн энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэхдээ бид баяртай байна. Бид Монгол дахь Америкийн худалдааны танхим, Монголын бизнесийн зөвлөлтэй хамтран АНУ-аас илүү их хөрөнгө оруулалтыг татах тал дээр дэмжин ажиллаж байна. Бид хөдөө аж ахуйн салбарыг сонгон авч хэдэн сарын өмнө “Мерси Кор” олон улсын байгууллагаар дамжуулан 10,5 сая ам.долларын төсөл хэрэгжүүлж эхэлсэн нь монгол үхрийн махыг экспортлох боломжийг бий болгох зорилготой. АНУ-ын хөрөнгө оруулалтыг дэмжин ажиллаж буй өөр нэг салбар нь сэргээгдэх эрчим хүчний салбар юм. Мөн Мянганы Сорилтын Корпораци хоёр дахь компакт гэрээг хийхээр Монголын Засгийн газартай хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах юм. Ардчилал, ардчилсан институцийг бэхжүүлэх тал дээр шүүхийн шинэчлэлийг дэмжих, авлигатай тэмцэх, ил тод байдлыг хангах зэрэг хэд хэдэн ажлыг хийж байна. Үүн дээр нэмээд иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх ажил орох нь зүй юм. Тухайлбал, Энхтайвны корпусын шинэ хөтөлбөр, Залуу манлайлагчдыг дэмжих LEAD хөтөлбөр, мөн энэ жил шинээр эхлүүлсэн ахлах сургуулийн сурагч солилцооны FLEX хөтөлбөр зэргийг дурдаж болно. Бид мөн Америкийн соёл, мэдээллийн төвүүдээ өргөжүүлэхээр ажиллаж байна. Улаанбаатар хотод Америкийн соёл, мэдээллийн төв ажиллаад удаж байгааг хүмүүс мэдэх байх. Саяхан гэхэд Ховд аймаг дахь Америкийн төвийн арван жилийн ойд оролцоод ирлээ. Мөн Улаангом хотод шинээр ийм төвийг байгуулсан бөгөөд цаашид ч соёл, мэдээллийн төвийнхөө тоог нэмэгдүүлэх байршил хайж ажиллана. Бид хот, хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулахдаа чухам хаана байх вэ гэдэг дээр нэлээд судалдаг. Түүнчлэн хүүхдийн цэцэрлэг шинээр барих ажлыг хийж байна. Энэ жил Улаанбаатар хот болон Замын-Үүдэд хүүхдийн цэцэрлэг барихаар шаваа тавиад барилгын ажлаа эхлүүлээд байна. Цаашид шинээр цэцэрлэг барих газрыг судалж байгаа. Миний дараагийн зорилго бол бидний амжилттай хамтран ажиллаж буй батлан хамгаалах салбарын түншлэлийг өргөжүүлэх явдал юм. Өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд бид энхийг сахиулах үйл ажиллагаан дахь Монгол улсын оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг бий болгох тал дээр дэмжлэг үзүүлж ирснээрээ бахархдаг. Одоо бид монголчуудын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа идэвх зүтгэлийг өндрөөр үнэлдэг. Монголын энхийг сахиулагчид маш нэр хүндтэй, мэргэжлийн өндөр ур чадвартай бөгөөд тэд Афганистан, Өмнөд Судан гээд дэлхийн хамгийн халуун цэгүүдэд очиж ажиллаж байна.

Олон улсын болон бүс нутгийн байгууллагуудын оролцооны хувьд, бид Монгол улстай Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгт (АОХН) бие биенээ дэмжиж оролцдог. Энэ жил АНУ тус байгууллагыг тэргүүлж байгаа бөгөөд ирэх есдүгээр сард Вашигтон хотод АОХН-ийн ээлжит хурлыг зохион байгуулах юм. Түүнчлэн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд Монгол улс гишүүнээр нэгдэн орох асуудлыг сүүлийн жил гаруйн хугацаанд дэмжиж ажиллалаа. Энэ зөвлөлд хүний эрхийг хангах тал дээр Монгол улстай бид маш ойр хамтран ажиллаж байна.

-Таны яриан дунд үхрийн мах гадагшаа гаргахад дэмжиж ажиллана, бас цэцэрлэгүүд барихаар ажлаа эхэлсэн талаар дурдлаа. Монголчууд бэлчээрийн амт шимттэй малынхаа махыг гаргах хүсэлтэй ч эрүүл ахуйн тал дээр алдаад байдаг. Бас цэцэрлэгийн хангамж ч манай халуун сэдэв л дээ…

-Казахстан саяхныг болтол гадагшаагаа мах гаргадаггүй байлаа. Харин USAID буюу АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (ОУХА) хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр тэд сайн чанарын үхрийн мах нийлүүлэгч дэлхийн томоохон орнуудын нэг болоод байна. Энэ загварыг Монголд ашиглахад бүрэн боломжтой гэж бид үзэж байгаа учраас бид АНУ-ын ОУХА-аар дамжуулан хамтран ажиллаж эхлээд байна. Энэ хөтөлбөрт багтах олон бүрдэл хэсгүүд бий. Юуны өмнө эрчимжсэн хөдөө аж ахуй, малын тэжээлийн салбарт АНУ-ын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг авч ирэхээр ажиллаж байна. АНУ-ын хувийн хэвшил, Хөдөө аж ахуйн яам зэрэг байгууллагууд нь Монголын Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын Ерөнхий газар гээд төрийн болон холбогдох байгууллагуудын чадавхийг сайжруулах, малын гаралтай өвчинтэй тэмцэх зэрэг олон асуудлаар сургалт явуулж байна. Жилийн өмнөөс эхэлсэн энэ ажлыг амжилттай хэрэгжүүлэхэд малчдыг сургах, амьдрах нөхцлийг сайжруулах, мал эмнэлгийн талаас дэмжлэг үзүүлэх гээд малын өвчинтэй тэмцэхэд урт хугацааны хамтын ажиллагаа хэрэгтэй. Өнгөрсөн жилийн өдийд АНУ-ын хөдөө аж ахуйн салбарын компаниудын худалдааны төлөөлөгчид ирж энэ салбарт хөрөнгө оруулах боломжийг судалж байгаад буцсан. Ирэх есдүгээр сард салбарын хоёр дахь худалдааны төлөөлөл ирэхээр төлөвлөж байна.

Манай талаас БСШУСЯ-тай цэцэрлэг байгуулах тал дээр тун нягт хамтран ажилладаг. Хамтын ажиллагааныхаа хүрээнд тус яамнаас сургууль, цэцэрлэгийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр гаргасан зорилт хөтөлбөрт нь хамтраад явж байна. Эхний шатанд нийслэлийн алслагдсан хэсэг болох Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд болон БСШУСЯ-наас хэрэгцээ өндөр байгаа гэж тодорхойлсон Замын-Үүд суманд цэцэрлэг барихаар ажилдаа орсон. Цаашид ч байршлыг тодорхойлохдоо БСШУСЯ-наас шаардлагатай гэж тогтоосон газруудыг түлхүү сонгох болно. Энэ цэцэрлэгүүдийг манай Аляскийн үндэсний гвардийн барилгын инженер, ажилчид барих гэж байгаад бахархалтай байна. Агаарын солилцоо, дулаан хангамж, газар хөдлөлтөд тэсвэртэй Альяскын стандартаар барьж байгаа. Манай талаас ирэх есдүгээр сараас өмнө цэцэрлэгийн барилгыг бүрэн барьж Монголын талд хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд цаашид Монголын тал бүх үйл ажиллагааг нь хариуцаад явах юм.

-Та урьд өмнө манайд ажиллаж байсан Элчин сайдуудаас тун нээлттэй байдаг нь анзаарагддаг. Твиттерт идэвхтэй жиргэж, хоёр хэлээр хөтөлж явуулдаг. Нэг талаас технологийн давуу тал, цаг үе нөлөөлж байгаа байх. Нөгөө талаас та бусадтай харилцах тал дээр нээлттэй байдаг таны зан чанар нөлөөлдөг байх?

-Би нийгмийн сүлжээнд маш идэвхтэй байдаг. Монголд ирэхээсээ өмнө ч тийм байлаа, энд ирээд ч олон нийтийн сүлжээнд тун идэвхтэй байна. Би үүнийг биеэр уулзаж чадахаасаа илүү олон хүмүүстэй харилцах боломж гэж хардаг. Өөрөөр хэлбэл, хоёр газар нэг зэрэг байх боломжийг олгодог гэж болно. Нийгэмд өрнөж буй үйл явдлуудтай цаг алдахгүй нүүр тулах боломж нь олон нийтийн сүлжээ гэж ч хэлж болно. Мэдээж идэвхтэй байдаг нь миний хувь чанартай холбоотой байж болно. Би аль болох бусадтай нээлттэй байхыг боддог. Мөн энэ нь харилцаа холбооны чухал хэрэгсэл юм гэдгийг ойлгодог ч гэж болно.

-Гэхдээ дипломат албаны хүнд хэт нээлттэй байдал нь алдаа дагуулдаг болов уу?

-Ил тод, нээлттэй байдал бол Америк, Монгол гэлтгүй, аливаа амьд ардчиллын үндэс суурь юм.

-Далай ламтай уулзуулж өгсөн Ерөнхийлөгчид баярлалаа гэсэн таны жиргээ анхаарал татсан. Тэр ямар учиртай жиргээ байсан бэ. Манай төр засгийн зүгээс Далай ламын айлчлалд ямар ч холбоогүй гээд мэдэгдсэн байсан, урд хөршийн зүгээс гомдолтой байсан тэр үе л дээ…

-Далай лам бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн оюун санааны болон соёлын лидер. Монголчуудтай олон зуун жилийн өмнөөс шашин, уламжлалын хувьд холбогдож ирсэн. Одоогийн Далай лам Монголд хэдэнтээ ирж байсан шашны зүтгэлтэн. Би хувь хүнийхээ хувьд түүнийг ихэд хүндэтгэдэг. Монголд ажиллаж байхдаа түүнтэй уулзах боломж тохиосонд тун баяртай байсан. Түүнийгээ жиргэсэн хэрэг. Би угаасаа нийгмийн сүлжээнд ч түүнийг дагадаг юм.

-Тэгэхээр таныг Монголын Ерөнхийлөгч уулзуулсан юм уу?

-Үгүй ээ. Би хувиараа түүнтэй уулзсан.

-Манай хоёр улс дипломат харилцаа тогтоох тэр үетэй харьцуулахад харилцаа хэрхэн өөрчлөгдсөн гэж та боддог вэ?

-Монголд ЭСЯ байгуулагдахаас өмнө буюу Бээжингээс хэргийг хавсран гүйцэтгэж байх үед элчингүүд нь үе, үе тодорхой хугацаагаар ирж байрладаг байлаа. Албан ёсоор энэ яамныхаа байранд орж үйл ажиллагаа эхэлсэн гэвэл ирэх жил гучин жилийн ой нь болно. Анх дипломат харилцаа тогтоож байх үед бидний зүгээс ардчиллыг хөгжүүлж бэхжүүлэхэд тусалдаг байлаа. Харин одоо нэг нь тусалж, нөгөө нь туслуулна гэхээсээ хамтрагчид болсон. Энэ бол хамгийн том өөрчлөлт. Одоо хоёр улсын харилцаа маань худалдаа болон харилцан ашигтай хамтын ажиллагаанд тулгуурлаж байна. Тухайлбал энхийг сахиулах ажиллагааг дахин жишээлж дурдаж болно. Гучаад жилийн өмнө Монголын батлан хамгаалах салбар нэг тогтолцооноос нөгөөд шилжиж, дахин шинээр төлөвшиж байсан бол одоо дэлхий нийтэд танигдсан Монголын армитай бид энхийг сахиулах үйлст хамтран зүтгэж байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жэймс Бэйкер ЭСЯ-ыг нээх арга хэмжээнд оролцож байхдаа гуравдагч хөрш гэсэн хэллэгийг анх хэрэглэж байсан байдаг. Тэр цагаас хойш АНУ Монголын гуравдагч хөрш байж ирсэнд бахархалтай байдаг. Ингэж хоёр улсын харилцаа хамтрагчид болон өргөжиж, 30 жилийн өмнөхтэй харьцуулахад маш олон салбарт хамтран ажиллаж байна. Энэ бол өнгөрсөн хугацаанд гарсан хамгийн том өөрчлөлт гэж хэлж болно.

-Ардчилал эмзэг, бүрэн төлөвшөөгүй байх үед манай иргэд ямар нэгэн асуудал гарахад АНУ-ын элчин юу гэх бол гэж чиг харж хүлээдэг байсан тал бий. Долдугаар сарын 1-ний хэрэг явдлын дараа гэхэд хүмүүс танай зүгээс юу гэх бол гэж харж байсан нь нууц биш. Харин одоо хандлага өөр болсон. Энэ байдал танд мэдрэгдэж байна уу?

-Үүнийг би сайн тал руугаа өөрчлөгджээ гэж хэлнэ. Монголын ардчилал, засаглалын тогтолцоо эрийн цээнд хүрчээ. Бусад улс орнууд юу хэлэхийг харж хүлээх биш, өөрсдөө бие дааж байна гэдэг чухал ололт. Бүхий л талуудтай ижил тэгш харилцаж, хамтарч ажиллаж байна гэдэг сайн хэрэг гэдгийг хэлмээр байна. Монгол улс нь тусгаар тогтносон улс учир өөрийн дотоод болон гадаад бодлогоо тодорхойлж, тус бодлогоо сайжруулахад бусад хамтрагч орнуудтай хамтран ажиллаж байна. Энэ бол эерэг тал.

-Манайх ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдахаар боллоо. Хэдийгээр бид эдийн засгийн хувьд асуудалд орсон нь харамсалтай ч энэ удаад хөтөлбөрт хамрагдсан нь давуу талыг авчирна гэж найдаж байна. Яг ямар боломжийг бидэнд авчрах бол?

-Монгол Улсын хувьд ерээд оноос хойш ОУВС-гийн хөтөлбөрт зургаа дахь удаагаа хамрагдаж байна. Олон улсын санхүүгийн байгууллагуудын хөтөлбөрт хамрагдана, эдгээр байгууллагууд хөтөлбөрийг хэрэгжүүлэх сонирхолтой байна гэдэг Монголын эдийн засагт сайн үр дүнг авчирна. ОУВС энэ удаад Монголын Засгийн газрын хүсэлтийг хүлээн авч уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо. Өөрсдөө бид хэрэгжүүлнэ гэж санал гаргадаг биш Засгийн газрын хүсэлтийн дагуу хэрэгжүүлэхээр болж байгаа гэдгийг онцлох ёстой байх. Энэ хөтөлбөрийн хүрээнд манай улс дэлхийн бусад орнуудтай хамтран ОУВС-гаар дамжуулан Монгол Улсад дэмжлэг үзүүлэх гэж байгаадаа баяртай байна. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар хоёр гол сайн өөрчлөлтийг авчирна гэж харж байгаагийн нэг нь Монгол улсын төрийн санхүүгийн сахилга батыг сайжруулах явдал юм.Мөн энэ хөтөлбөрийн хүрээнд АНУ болон бусад улсын дэмжлэгээр Монгол Улс санхүүгийн бэрхшээлийг дампууралгүй давж, 2018 оноос эдийн засгийн өсөлттэй үр дүн гарна гэж харж байна.

-Дэлхийн томоохон санхүүгийн байгууллагуудын гол хөрөнгө оруулагчид болох АНУ, БНХАУ гэсэн хүчирхэг улсуудын бодлогыг дээрх байгууллагууд хэрэгжүүлдэг гэсэн хар сэр байдаг л даа. Та үүн дээр юу гэж хариулах вэ?

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах саналыг Монголын Засгийн газар гаргаж, тэдний хүсэлтээр энэ дэмжлэг хийгдэж байгаа гэдгийг дахин хэлэх хэрэгтэй байх. Мөн хөтөлбөрөө хоёр тал хамтдаа сууж боловсруулж гаргасан. Нэгэнт хоёр тал сууж байгаад шийдвэрээ гаргасан бол бидний зүгээс туслахад бэлэн.

-Монголд ажиллаж байсан Минтон, Слуц нарын зарим элчин сайд нар нутагтаа Монголыг зөвөөр таниулах тал дээр хамтран ажилладаг гэж дуулж байсан. Таны өмнөх элчин сайд Пайпер Монголд хөрөнгө оруулах хэрэггүй гэж хэлж байсан дуулддаг. Хөрөнгө оруулагчдын хувьд элчин сайдуудын үг чухал биз?

-Мэдээж чухал байлгүй яахав. Хөрөнгө оруулагчдад элчин сайдын үг тун чухал. Миний элчин сайдаар ажиллаж хоёр жилийн хугацаандаа гол зорьж байгаа асуудал бол аль болох олон америк хөрөнгө оруулагчдыг Монгол руу татах явдал юм. Үүний хүрээнд зайлшгүй хийх ажил нь Ил тод байдлын хэлэлцээр байсныг бид баталж чадсан. Бид хөрөнгө оруулагчдыг татахаар олон төрлийн арга хэмжээ авдаг. Утсаар хүртэл холбогдож, мэдээлэл өгдөг. Монголд хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах боломж байна, шинээр нисэх онгоцны буудал ашиглалтад орох гэж байгаа, дэд бүтцийн нөхцөл өөрчлөгдөж байна гээд мэдээллийг дор бүрт нь өгөх жишээтэй.

-АНУ руу зорчих виз хүсч хэдэн хүн хүсэлт гаргадгаас хэд нь авч байгаа вэ. Таныг ирснээр энэ тоо өссөн үү?

-АНУ руу зорчих монголчуудын тоо өссөөр байгаа. Би виз олголт хариуцсан консулаасаа албан ёсны мэдээллийг авчихаад сууж байна л даа. 2015 онд 9972, 2016 онд 10200 гаруй хүн АНУ руу зорчсон байна. Мөн 2016 онд 2400 хүн суралцахаар оюутны виз авсан байгаа юм. Би энэ тоо өсөх бүрийд баяртай байдаг. Гэхдээ визтэй холбоотой асуудал дээр зориуд хэлмээр асуудал бас бий. Монголчууд АНУ-д зорчих асуудал дээр хариуцлагатай хандаж байгаасай гэж хүсдэг. Хэрэв оюутны визээр явсан бол ажил хийж болохгүй, визний хугацаагаа хэтрүүлэлгүй буцаж ирэх хэрэгтэй. Энэ нь дараа дараагийнхаа хүмүүсийн визийн гаралтад нөлөөлдөг учраас эхний хүмүүс бусдадаа түвэг удахгүйн үүднээс хариуцлагатай байгаасай гэж хэлмээр байна. АНУ-ын шинэ засаг захиргаанаас хилийн болон визийн талаарх бодлогоо нэлээдгүй өөрчилж байгаа учраас анхааралтай хандах ёстой. Виз хүсч, АНУ руу зорчиж байгаа монголчууддаа зориулан танай сониноор дамжуулан онцлон хэлэхийг хүсч байна.

-Монголчуудын хувьд 160 ам.доллар шаггүй үнэтэйд тооцогддог. Дэлхийн улс орнуудад адил хураамжтай байдаг уу. Зарим улс орны ЭСЯ виз гараагүй тохиолдолд хураамжийг нь буцааж өгдөг. Танай яамны зүгээс ийм байж болохгүй юу?

-АНУ-ын визийн хураамжийн үнэ дэлхийн бүх оронд ижил байдаг. Энэ төлбөрөөр виз олгох, хүсэлтийг хянах, бичиг баримт, үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулдаг. Тийм учраас виз өгсөн, өгөөгүй адил зардал гардаг учраас буцааж өгөх боломжгүй байдаг юм. Энэ бол зөвхөн Монгол гэлтгүй дэлхийн бүх улс оронд баримталдаг зарчим юм шүү. Манай ЭСЯ-ны албан ёсны вэб хуудсан дээр бүх мэдээлэл хоёр хэлээр байгаа. Хүмүүсийг уншиж танилцаарай гэж зөвлөе.

-Та Засаг захиргаа өөрчлөгдсөн талаар дээр дурдлаа. Дональд Трамп Ерөнхийлөгч болсноор АНУ, Монголын харилцаанд өөрчлөлт гарах уу?

-АНУ-ын Монголд болон Азийн орнуудад баримталж ирсэн бодлого өөрчлөгдөхгүй. Ер нь АН, БНН гээд ямар ч намын нэр дэвшигч сонгуульд ялсан өөрчлөгдөлгүй хоёр орны харилцаа хөгжсөөр ирсэн. Цаашид ч урьдын адил байх болно.

-Ерөнхийлөгч Д.Трамп нэр дэвших үедээ Мексикийн хил дээр хэрэм барих талаар ярьж байхдаа Цагаан хэрэм болоод Монголын түүхийн талаар андуу мэдээлэлтэй явдаг нь харагдаж байсан. Та Монголд ажиллаж байгаа Элчин сайдын хувьд тэр ойлголтыг нь засахын тулд ажиллаж байгаа юу?

-Мексикийн хилийн дагуух хэрмийн талаарх мэдээллийг Цагаан ордны вэб хуудсаас аваарай. Би Мексикийн хилийн хэрэм Цагаан хэрэмтэй ямар холбоотойг мэдэхгүй байна.

-Монголд ирээд хамгийн гайхашруулсан бас сэтгэл хөдөлгөсөн зүйл юу вэ?

-Гурван зүйл байгаа. Монголчууд маш элэгсэг, зочломтгой ард түмэн юм. Энэ нь миний сэтгэлийг их хөдөлгөсөн. Дараагийн нэг зүйл нь гайхалтай уудам хөх тэнгэр. Миний төрсөн нутаг Колорадог санагдуулам хөх тэнгэр байсан. Гурав дахь нь гэвэл алс хол, хэл яриа, зүс царай өөр ч Азийн энэ оронд миний орных шиг ардчилал эрх чөлөөт улс үндэстэн байгаа нь надад сайхан санагдсан.

-Таны нэр Галт гээд монгол хэлээр галиглаад буухаар монгол нэртэй адил харагддаг. Та энэ талаар хэзээ мэдсэн бэ. Таны Галт гэдэг нь ямар утгатай үг вэ?

-Миний нэрний дуудлага монгол нэртэй адил гэдгийг сонсоод сайхан санагдаж байсан. Галт бол миний нөхрийн овог л доо. Шотланд нэр байгаа юм. Монголоор галт гэсэн үгийн утгыг сонсоод их таалагдсан. Маш их эрч хүч өгөх утга бүхий нэр байсан.

-Таны гэр бүлийн хүн ямар мэргэжлийн хүн бэ. Тантай хамт Монголд байгаа юу?

-Тийм ээ. Гэр бүлийн хүн маань хамт ирсэн. Эхний жил хүү маань хамт ирээд энд ахлах сургуулиа төгсөөд явсан. Одоо хоёр хүүхэд маань АНУ-д их сургуульд суралцаж байгаа. Гэр бүлийн хүн маань зохиолч хүн. Чикагогийн хэвлэлийн компанид ажилладаг байсан. Хүүхдүүдээ бага байхад ажлаасаа гарч тэдэндээ илүүтэй анхаарч байсан бол одоо хүүхдүүд томорч тэрээр уран бүтээлдээ шамдаж ороод байгаа.

-Зохиолч хүний хувьд Монголын талаар уран бүтээлдээ тусгана гэж найдаж байна. Танд цаг гарган ярилцлага өгсөнд баярлалаа.

-Баярлалаа. Би нөхөртөө заавал дамжуулна аа. Та бүхэнд баярлалаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *