Categories
мэдээ нийгэм

Элчин сайд Л.Пүрэвсүрэн Лихтенштайны хант улсын угсаа залгамжлагчид итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Лихтенштайны Хант Улсад суух Элчин сайд Л.Пүрэвсүрэн 2018 оны 06 дугаар сарын 20-нд тус улсын угсаа залгамжлагч Хунтайж Алойсд бараалхаж Итгэмжлэх жуух бичгээ барив.

Итгэмжлэх жуух бичиг барьсан ёслолын үеэр Лихтенштайны Хант Улсын угсаа залгамжлагч Хунтайж Алойс Элчин сайд Л.Пүрэвсүрэнг хүлээн авч уулзан, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. Элчин сайд Л.Пүрэвсүрэн уулзалтын үеэр хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлээд, Монгол Улс Лихтенштайн Улстай бололцоотой бүхий л салбарт, тэр дундаа банк, санхүү, соёл, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх, мөн хоёр улсын хувийн хэвшлүүдийн хоорондын хамтын ажиллагааг өргөн хүрээнд хөгжүүлэн бэхжүүлэх сонирхолтой, мөн Лихтенштайн Улс Европын Чөлөөт Худалдааны Холбоо (ЕЧХХ)-ны гишүүн орны хувьд Монгол Улс, ЕЧХХ-ны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байгаагаа онцлон тэмдэглэв. Хунтайж Алойс санал болгосон чиглэлүүдээр Монгол Улстай хамтран ажиллахаа уулзалтын үеэр илэрхийллээ.
Мөн өдөр Итгэмжлэх Жуух Бичгээ барьсантай нь холбогдуулж Элчин сайд Л.Пүрэвсүрэнг Лихтенштайны Гадаад хэргийн сайд хатагтай А.Фрик хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд Л.Пүрэвсүрэн Монгол, Лихтенштайны хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой 2018 онд тохиож буйг онцлон дурьдаад, Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн байдал, гадаад бодлогын талаар танилцуулж, хоёр талын харилцааг банк, санхүү, хөдөө аж ахуй, соёлын чиглэлээр хөгжүүлэхийн төлөө бодит боломжийг эрэлхийлж ажиллах талаар харилцан санал солилцов.
Монгол Улс Лихтенштайны Хант Улстай 1998 оны 3 дугаар сард дипломат харилцаа тогтоосон. Лихтенштайны Хант Улс нь байгалийн хязгаарлагдмал нөөц баялагтай хэдий ч аж үйлдвэр, санхүүгийн салбар өндөр хөгжсөн, нэг хүнд ногдох ДНБ-ний үзүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг орон. Тус улс нь Монгол Улстай адил далайд гарцгүй бөгөөд гадаад зах зээлд нэвтрэх боломжоо нэмэгдүүлэх зорилгоор 1924 онд Швейцарь Улстай Гаалийн холбоо байгуулж, 1991 онд Европын Чөлөөт Худалдааны Холбоо (ЕЧХХ-EFTA)-д, 1995 онд Европын Эдийн Засгийн Бүс (ЕЭЗБ- EEA)-д тус тус нэгдэн орсон ба швейцарийн франкыг үндэсний мөнгөн тэмдэгтээр ашигладаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *