Categories
мэдээ эдийн-засаг

Экспорт өмнөх оноос 25 хувиар өсчээ

Гадаад худалдааны энэ оны эхний долоон сарын гүйцэтгэлийг экспортын 172 980, импортын 148 141 гаалийн мэдүүлгийг болон бусад эх сурвалжийг үндэслэн гаргав. Үүнээс, тайлангийн хугацаанд нээгдэж ажилласан түр боомтоор нэвтрүүлсэн экспортын 6432, импортын 3342 мэдүүлэг байв.

Эхний долоон сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 8579.8 сая ам.доллар болж 2020 оны мөн үеэс 1849.1 сая ам.доллар буюу 27.5 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 903.4 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа.

Экспортод 4741.6 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25.2 хувиар өссөн байна.

Экспортод нийлүүлсэн барааны 99.2 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна.Экспортын барааны нийт дүнд

  • эрдэс бүтээгдэхүүн 3999.7 сая ам.доллар буюу 84.4 хувь;
  • ургамлын гаралтай бүтээгдэхүүн 88.3 сая ам. доллар буюу 1.9 хувь;
  • сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс 222.0 сая ам. доллар буюу 4.7 хувь; хүнсний бэлэн бүтээгдэхүүн 45.5 сая ам.доллар буюу 1.0 хувь;
  • нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 256.7 сая ам.доллар буюу 5.4 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 97.3 хувийг эзэлж байна.

2021 оны эхний долоон сард экспортолсон боловсруулаагүй нефть, төмрийн хүдэр, зэсийн баяжмал болон цайрын баяжмалыг 100.0 хувь, чулуун нүүрсний 94.1 хувийг БНХАУ-д; жоншны 73.5 хувийг БНХАУ-д, 26.5 хувийг ОХУ-д; үхэр адууны боловсруулсан болон боловсруулаагүй ширний ихэнх хувийг БНХАУ-д; самнасан ноолуурын 58.3 хувийг Италид, 22.5 хувийг Их Британид; ямааны угаасан ноолуурыг 100.0 хувь БНХАУ-д, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 35.3 хувийг БНСУ-д, 64.7 хувийг Швейцарт тус тус худалджээ.

Эдгээр нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 87.1 хувийг эзэлж байна гэж Гаалийн ерөнхий газраас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *