Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Экспорт 1.8 тэрбум ам.доллароор өсчээ DNN.mn

Монгол Улс энэ оны эхний улиралд 125 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 5.7 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 3.8 тэрбум, импорт 1.9 тэрбум ам.доллар байна.

Бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 2.1 (57.9 хувь) тэрбум, экспорт 1.8 (96 хувь) тэрбум, импорт 248.9 (14.7 хувь) сая ам.доллароор өсжээ. Экспорт энэ оны 3 дугаар сард өмнөх сарынхаас 354.7 (30.4 хувь) сая, импорт 231.3 (45.3 хувь) сая ам.доллароор өссөн байна.

Гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний улиралд 1.8 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 1.6 (7.9 дахин) тэрбум ам.доллароор өсжээ. Харин энэ оны 3 дугаар сард 779.1 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 123.4 (18.8 хувь) сая ам.доллароор өсөв.

БНХАУ-тай оны эхний улиралд 4.2 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь гадаад худалдааны бараа эргэлтийн 74.1 хувийг эзэлж байна. Тус улсад экспортолсон бараа бүтээгдэхүүний 63 хувийг чулуун нүүрс, 18.2 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.9 хувийг алт эзэлжээ.

Экспорт энэ оны эхний 3 сард өмнөх оны мөн үеийнхээс 1.8 тэрбум ам.доллароор өсөхөд нүүрс 1.6 тэрбум, цайрын хүдэр, баяжмал 56.9 сая, төмрийн хүдэр, баяжмал 52 сая, лаазалсан махан бүтээгдэхүүн 51.5 сая ам.доллароор өссөн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хорооноос гаргадаг нийгэм эдийн засгийн сар тутмын мэдээлэлд тэмдэглэжээ.

Зэсийн баяжмалын хилийн дундаж үнэ энэ оны 3 дугаар сард өмнөх сарынхаас тонн тутамд 54.8, нүүрсний хилийн дундаж үнэ тонн тутамд 0.2, алтны хилийн дундаж үнэ килограмм тутамд 3 мянган ам.доллароор нэмэгдсэн байна. Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны 3 дугаар сард 5.9 сая тонн болж, өмнөх сарынхаас 1.6 сая тонноор, үнийн дүн 975.5 сая ам.доллар болж, 272.4 сая ам.доллароор өсжээ.

Импорт өмнөх оны мөн үеийнхээс 248.9 сая ам.доллароор өсөхөд дизелийн түлш 109.8 сая, ачааны автомашин 56.6 сая, бульдозер, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 27.5 сая, нийтийн тээврийн хэрэгсэл 22.3 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлжээ

Эрдэс, үнэт чулуу, металл, гоёлын зүйлс, нэхмэл бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 93.5 хувийг эзэлж байгаа бол импортын 76.6 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн болон хүнсний бэлэн бүтээгдэхүүн эзэлж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *