Categories
мэдээ улс-төр

Эхний ээлжинд алслагдсан дүүрэг, 21 аймагт таван хувь хэрэгжинэ

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын бодлогын чиглэлээр батлагдан гарсан дөрвөн хуулийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

ИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, 2016 онд УИХ-аар Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулиудыг хэлэлцэн баталлаа. Эндээс Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиуд батлагдсанаар хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын эрх зүйн орчин бүрдсэн хэмээн онцлов.

Мөн тэрбээр, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль батлагдсанаар 110 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх хууль зүйн хүрээнд хангагдлаа гэж хэлэв. Сүүлийн үед үйлдвэрлэлийн осол, зам тээврийн ослын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болж хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдол нэмэгдэж байгааг сайд дурдаад ахуйн осолд хүүхдүүд олноор өртөж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоог нэмсээр байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн асуудал болоод байна хэмээсэн.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай хуулиар хүнийг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан бүх хэлбэрээр ялгаварлан гадуурхах явдлыг хориглосон бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ямар нэгэн хэлбэрийн ялгаварлан гадуурхалд өртөхөөс хамгаалсан хууль эрх зүйн хамгаалалт бий болгожээ. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлийн улмаас тулгардаг төрөл бүрийн саад бэрхшээлүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмийн олон талт харилцаанд эрх тэгш, бүрэн дүүрэн үр дүнтэй оролцох явдлыг дэмжих зорилгоор тэднийг тохирох хэрэгсэлээр нь хангах тухай тусгаж өгсөн гэсэн мэдээллийг салбарын сайд өгсөн юм. Түүнчлэн ерөнхий боловсролын бусад сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй. Бүрдүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тусгаж, хөгжлийн бэрхшээлтэй хүн бусадтай адил хүссэн ажлаа сонгож хийх, тухайн хүний онцлог хэрэгцээнд тааруулж ажлын байранд боломжит тохируулгыг хийж тэдний хөдөлмөрлөх боломжийг бүрдүүлэх. Тэднийг ялгаварлан гадуурхаж, хөдөлмөр эрхлэх эрхийг хасах, хязгаарлах аливаа үйлдлийг таслан зогсоох тухай тусгасан байна.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ мөн Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн талаар танилцуулсан юм. Тэрбээр, өнгөрсөн долоо хоногт Нийгмийн даатгалын сан, тэтгэврийн даатгалын сан дээр гурав их наяд орчим төгрөгийн хуримтлалыг өгөх Засгийн газрын тогтоол гарсан хэмээгээд эхний ээлжинд гурав орчим их наяд төгрөгийн хөрөнгийг блансаас блансад шилжүүлсэн гэлээ. Ингэснээр нийгмийн даатгалын санд бодит мөнгөн хуримтлал бий болж, цаашид баталгаат тэтгэврээ авах, урт хугацааны тогтвортой найдвартай сангийн үйл ажиллагаа явуулах суурийг тавьж чадлаа гэж хэлсэн юм.

Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар орон сууцны зээлийн найман хувийг таван хувь болгох ажлыг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болсон талаар С.Эрдэнэ сайд мэдээлсэн. Эхний ээлжинд алслагдсан дүүргүүд 21 аймаг, дахин төлөвлөлт хийгдсэн газруудад баригдсан орон сууцанд орж байгаа иргэдийн зээлийг таван хувь болгох, хоёрдугаар үе шатанд үлдэж байгаа бусад орон сууцнуудын зээлийг таван хувь болгоно хэмээсэн юм.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын талаар мэдээлэл өгсөн. Тэрбээр, дээрх хуулийн төслүүдийг боловсруулах явцад улс орон даяар иргэдээс санал авсан хэмээгээд иргэдээс ирсэн нийт 24.600 саналыг нэгтгэн төсөлд тусгасан гэлээ. Хуулийн төслүүд батлагдсанаар хүүхэд хамгааллын үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдлээ гэж эрхэм гишүүн хэлсэн юм. Түүнчлэн, хүүхэд зөрчигдсөн эрхээ хамгаалуулах улсын байцаагчтай болж, хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг нийгмийн орчинд хуулиар хоригложээ. Хүүхдийн эрх зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага сайжирч, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн, эрхийг зөрчсөн тохиолдолд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудаар хариуцлага тооцохоор хуульчилсан хэмээн мэдээлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *