Categories
мэдээ улс-төр

Эхний ээлжинд 450 сая ам.доллар авахаар ярьж байна

ОУВС-гийн төлөөлөгчид манай улсад ажиллаж байна. Тус сангийн
төлөөлөгчидтэй Сангийн яамны удирдлагууд уулзаж, хэлэлцээ хийж буй юм.
Тодруулбал, манай улс “стэнд бай” хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ
илэрхийлээд байгаа. Хөтөлбөрт хамрагдвал эхний ээлжинд 450 сая ам.доллар авахаар ярьж буй юм.
Өнгөрсөн оны сүүлчээр тус сангийн техникийн баг ирж ажиллаад явсан бол
энэ өдрүүдэд Ази номхон далайн газрынхан ирээд байгаа аж. Хэлэлцээ ямар
шатанд байгаа талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс тодрууллаа.

-Уулзалт хэлэлцээг хэдийнээс хийж эхлэв. ОУВС-гийнхэн хэзээ буцах вэ?

-Яриа хэлэлцээг хоёр талаас хийж байна. Янз бүрийн санал гарч байгаа.
Бид хөтөлбөрт хамрагдах тооцооллыг ярьж байна. Хэлэлцээ ирэх долоо
хоногийн дунд үе хүртэл үргэлжлэх байх.

-Хэлэлцээрт ямар төлөөллүүд оролцож байна вэ?

-Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн яам, Монголбанк оролцож байна. Харин ОУВС талаас Ази номхон далайн газрын холбогдох хүмүүс хэлэлцээ хийхээр ирсэн.

-Хоёр тал хэлэлцээгээ амжилттай хийвэл хөтөлбөрт хэдийнээс хамрагдах боломжтой юм бол?

-Эхний ээлжинд хэлэлцээрээ дуусгах шаардлага байна. Эцсийн байдлаар шийдэгдээгүй байна шүү дээ.

-БНХАУ-аас дөрвөн тэрбум ам.долларын зээл авахаар яригдаж байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Өмнөд хөрштэй улс төрийн нөхцөл байдал сайнгүй байсан учраас зээл
авах асуудал тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан. Гэхдээ харилцаа
эргээд сэргэж байгаа бол нааштайгаар шийдэгдэх байх.

-Татвараа нэмж, халамжийн бодлогыг танах шаардлагыг зарим гишүүн Засгийн газарт тавьж байна. Үүнд ямар бодлого барих вэ?

-Ийм байр суурийг зарим гишүүн гаргаж байгаа нь үнэн. Гэхдээ
халамжийг хэт их танахгүй. Энэ талаар аль аль талдаа ойлголцоод явж
болох байх.

-Энэ оны төгсгөлд эдийн засаг тогтворжино гэж та хэлж байсан. Үнэхээр эдийн засаг сэргэх нөхцөл байдал бий болох юм уу?

ОУВС-тай хэлэлцээгээ амжилттай хийвэл эдийн засаг сэргэх тооцоо бий. Цаг хугацаа тооцооллыг харж байгаад ийм мэдээлэл өгсөн.

-Ээлжит бус чуулганаар төсөвт тодотгол хийнэ гэсэн. Хэдийгээр байх юм бэ?

-Аль зээл дээрээ тохиролцох вэ гэдэг нь эхний асуудал. Үүний дараа шаардлагатай бол төсөвт тодотгол хийнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *