Categories
мэдээ нийгэм

Эхийн сэтгэл

Бяцxан охин мэдээ орсон цагаасаа эхлэн ээжийн халамж хайранд умбаж өссөн. Ээж нь үргэлж түүнийг “Цасангоо гүнжээс илүү хөөрхөн” гэх. Ээжийнх нь хэлдгээр охин цав цагаан царайтай, мойл хар нүдтэй гэнэ. Охин үүнд итгэдэг байв. Харин сургуульд ороход нь бүх зүйл өөрчлөгджээ. Хүүхдүүд түүнийг хөөрхөн гэх нь битгий хэл харин ч царай муутай хэмээн гоочилдог байв.

Хүүхдүүдийн хэлсэнд эхэндээ тэр итгэсэнгүй. Өөрөөс нь царай муутай болохоор бүгдээрээ түүнд атаархаж байна даа л гэж бодно. Гэвч он жил өнгөрөхөд бодит байдалтай тулгарчээ.

Ээж нь нялх хүүхдийнх шиг гэж өхөөрддөг арьс нь хөгшин хүнийх шиг үрчлээгээр дүүрэн, мойл хар нүд нь хялар байлаа. Нуруу нь хус шиг шулуун биш ажээ. Ээж нь түүнийг энэ олон жил хуурчээ. Залуу охины ээжийгээ хайрлах сэтгэл нь үзэн ядалтаар солигдлоо. Гэрлэх нас болсон ч түүнийг тоох хүн байсангүй. Дээр нь хичнээн их эмчлэвч нүд нь засрахгүй байлаа. Нэгэн удаа эмч нарын яриаг санамсаргүй сонсчихов. Аажмаар хараагүй болохоо мэдсэн охин одоо ч багынх шиг нь өхөөрддөг ээжийнхээ худал яриаг тэвчилгүй гэрээсээ явахаар шийдэв. Гэвч ээж нь өөр хотод ажиллахаар болсноо хэлээд өөрөөс нь өрсөн явлаа.

Олсон мөнгөө найздаа илгээн охиноо сайн харж хандаж байхыг хүсэв . Бүсгүй хэсэг хугацааны дараа хараагүй болж харанхуй дунд амьдрах болжээ. Харин худалч ээж нь түүнийг үхсэн ч харамсахгүй мэт алга болжээ. Нэг өдөр түүнд эмч нар тохирсон хос нүд олсноо хэлээд мэс засал хийв. Бүсгүй дахин хардаг болоод өнөөх л муухай царайгаа харна гэж бодохоос айж байсан ч алтан нарыг ахин харахыг илүү их хүсчээ. Мөн бусдад дараа болохгүй амьдрах байв. Хагалгааны дараа өөрийгөө толинд хараад гайхан дуу алдлаа.

Түүний өмнө энэ дэлхийн хамгийн гоо бүсгүй зогсч байв. Нүүрэн дээрх батга оргүй алга болж монхор хамар нь засарч зэрлэг өвстэй төстэй ширүүн үс нь долгиолон намирч байв. Урьдынхаасаа илүү өндөр болжээ.

Бүсгүй дэргэдээ байсан настай эмчийг тэврэн авч ;

– Би энэ дэлхий дээр дахин төрсөн юм шиг л байна. Миний нүүрэнд огт өө сэв алга. Та нар гоо сайхны хагалгаа хийсэн юм уу? хэмээн асуулаа.

Эмч хариуд нь;

-Үгүй ээ охин минь зөвхөн ээжийн чинь нүдийг шилжүүлэн суулгасан юм. Тэр надад хэрэггүй гэсэн юм хэмээн инээмсэглэн хэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *