Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан эмнэлгүүдийн гадна талбайн тохижилтын ажлыг хийж байгаа. Өнгөрсөн хугацаанд 12 эмнэлгийн гадна талбайн тохижилтыг хийж гүйцэтгэсэн байна. Энэ удаад Өргөө амаржих газар болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна талбайн тохижилтын ажлыг хүлээн авчээ. Өргөө амаржих газрын тохижилтын ажлын хүрээнд 150 авто машины зогсоол, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, явган хүний зам хийсэн байна. Өмнө нь 80 орчим машины зогсоолтой байсныг 150 болгон нэмэгдүүлжээ. Тоосжилт ихтэй, зохион байгуулалтгүй, замбараагүй байсныг зураг төслийн хүрээнд шинэчлэн хийсэн болохоор зөв зохион байгуулалттай болсон гэдгийг тохижилтын ажлыг гүйцэтгэгч компанийн төлөөллүүд хэлж байв. Мөн Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна зам талбайн тохижилтын ажлын хүрээнд 16000 ам метр талбайд асфалтан хучилт, нисдэг тэрэгний буух талбай, 150 гаруй авто машины зогсоол, явган хүний зам, 2500 ам метр талбайд ногоон байгууламж, 70 ширхэг гэрэлтүүлэг, хоёр байрлалд хүүхдийн тоглоомын талбай зэргийг цогцоор нь шийдэж өгсөн байна.