Categories
мэдээ цаг-үе

Эх орончид хэмээн хийрхэгчдийг цагдаагийн байгууллагаас танхайн хэргээр шалгаж эхэллээ

-УЛСЫН ХАРЦАГА Г.ГАНХУЯГ НАРЫН ЗАЛУУС БУСДЫГ АЙЛГАН СҮРДҮҮЛЖ, ДАРАМТАЛСАН ХЭРЭГТ ХОЛБОГДЛОО-

“Босоо хөх монгол” хөдөлгөөний залуучууд, дэмжигчид өнгөрсөн амралтын өдөр “Бурхан халдун”-д аялж, өөрсдийнх нь ярьснаар хийморио сэргээжээ. Бурхан халдун хайрхандаа сүслэн, залбирч явахдаа өөрсөд шиг нь аялж явсан хэсэг залууст эр бяраа гаргаж, заримыг нь өмнөө сөхрүүлж бичлэг хийн, зураг авсан нь facebook, twitter-ээр шуугиан тарилаа. Хийсэн үйлдлийнхээ талаар Улсын харцага Г.Ганхуяг “Өвөр монголчууд “Дунд овоо” дээр гарчихсан явсантай тааралдаж “Ах дүү монголчууд ч Монгол Улсын иргэн биш болохоор Босго тэнгэрээс цааш нэвтрэх эрхгүй” гэж сануулан тайлбарлаж өглөө. Дагуулж явсан монгол хүнийг сэгсийтэл нь ганц алгадаж ойлгууллаа” гэжээ. Яагаад хүн зодсоныг нь асуухад “Яасан, багадуулчихаж уу” гэж асуусан байна. Харин “Босоо хөх монгол” бүлгэмийнхэн “Бид гуравдугаар сарын 28-ны өдөр Бурхан халдун уулын Дунд овоонд тахилга, ёслол үйлдэж явахад тэнд бас өөр олон залуу явж байсан. Тэдний нэг гэнэт “Энд хятад хүн явж байна” гэхэд бид очсон. Тэд хоорондоо хятадаар ярьж байна гэсэн. Харин тэдгээр хүмүүс өвөрмонголчууд байсан тул бид тэдэнтэй ярилцаж ойлголцсон” гээд цахим хуудастаа тухайн үед хийсэн бичлэгээ оруулжээ. Бичлэгт бүлгэм, хөдөлгөөний залуучууд аялж явсан хүмүүсийг тойрч бүчээд “Чи хужаа байна шүү дээ, Дагуулж ирсэн монгол хүмүүст нь хэл. Босго тэнгэрийн даваанаас нааш харийн хүний мөр бүү гарга. Богдын голын урсгалаас хатан хүн байсан ч бүү амсуул гэж мэдэх үү” гэж хэдэн талаас нь аархаж байгаа нь үлджээ. Биерхүү, омогтой олон залуусын дунд орсон аялагчид “Мэдлээ, ойлголоо, уучлаарай” гэхээс өөрийг хэлэхгүй юм.

“БИД МОНГОЛЧУУДЫГ ЭЛЭГ НЭГТЭН ГЭЖ ШҮТЭЖ БАЙХАД ТАНАЙХАН НҮДЭНД ОРСОН ӨРГӨС ШИГ ХАРЖ БАЙНА”

“Босоо хөх монгол” бүлгэмийнхний энэ үйлдлийг олон хүн буруушааж, Монгол Улсын нэр хүндийг гутааж байгаад нь дургүйцлээ илэрхийлж байна. Учир нь дэлхийд дээр нь хүн гардаггүй уул гэж байдаггүй. Өөр улсын иргэн, эмэгтэй хүн уулан дээр гарч болохгүй гэж мухар сүсэглэдэг хүмүүсийг соёлгүй, бүдүүлэг гэж харахаас аргагүй. Уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Цэвээнравдан хоёр дахь удаагаа Эверестид авирах гэж байгаа талаараа “Өдрийн сонин”-ы “Асуух эрхийн танхим”-д мэдээлэл хийсэн. Монголчууд, эсвэл өөр үндэстэн Эверестийн ноён оргилд гарахад хэн ч дургүйцлээ илэрхийлж байгаагүй, тэгэх ч үгүй. Яагаад гэвэл энэ нийгэмд хүн төрөлхтөн нэгийгээ хүндэлдэг. Бусдын эрхийг зөрчсөн үйлдэл гаргавал буруушаадаг. Тийм учраас эх оронч гэж өөрсдийгөө өргөмжилсөн хэсэг залуусын үйлдлийн талаар өмнөд монголчууд дотоод цахим сүлжээ буюу wechat-аараа сүүлийн хоёр өдөр хэлэлцэж, монголчуудын талаар буруу бодож байснаа ярилцсан талаар манай улсад ажиллаж амьдардаг өмнөд монгол эр ярилаа. Тэрбээр “Бид монголчуудыг элэг нэгтэн гэж шүтэж байхад танайхан нүдэнд орсон өргөс шиг харж байна. Өмнөд монголчууд Туулын уснаас амсаад үхэх юмсан гэдэг. Ерөөсөө л Монгол бидний хувьд диваажин гэж төсөөлөгддөг. Тийм ч учраас манайд очсон урлагийнхан, бөхчүүдийг аав ээжийгээ мэт хүндэлж харьцаж, юу байгаагаараа дайлж цайлж байгаад явуулдаг. Гэтэл Монголд эх оронч, үндсэрхэг үзэлтэй гэх залуучууд биднийг алхуулдаггүй. Бизнес эрхлэхэд хураамж, “татвар” авна. Хаа явсан газар дээрэлхэж, зоддог. Бид Монголоос хөөгдөх вий, визний асуудал гаргах вий гэж айгаад цагдаад ханддаггүй уучлал гуйгаад хүссэнийг нь өгөөд явуулдаг. Сая болсон үйл явдал цахим сүлжээгээр тарсан учраас л хүмүүс мэдлээ. Иймэрхүү зүйл бол Монголд байгаа өмнөд монголчуудын хувьд хэвийн үзэгдэл” гэж ярилаа.

Ё.ЛХАГВАСҮРЭН:

БУСДЫН ЭРХ ЧӨЛӨӨНД ХАЛДСАН ЗАЛУУСЫГ ШАЛГАЖ БАЙГАА

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-“Босоо хөх монгол” хөдөлгөөний залуучууд амралтын өдөр Бурхан халдун ууланд аялж явсан гадаадын иргэдийг дарамталж, өмнөө сөхрүүлсэн зургаа өөрсдийнхөө цахим хуудаст тавьжээ. Тэдний үйлдэл бусдын эрх чөлөөнд халдаж байгаа үйлдэл мөн үү?

-Тэр үйл явдал Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт болсон. Тиймээс мэдээллийн дагуу Хэнтий аймгийн цагдаагийн газартай холбогдлоо. Хариуцсан байцаагч нь хөдөө ажлаар явсан байна. Тиймээс уг хэрэгт холбогдуулан хэн гэдэг иргэнийг шалгаж байгаа талаар нарийн мэдээлэл авч амжаагүй байна.

-Хоногийн мэдээнд энэ хэргийн талаарх мэдээлэл орж уу?

-Орон нутгаас онц хүнд хэргийн мэдээлэл ирдэг.

-Гадаадын иргэнийг дарамталсан зургаа тараасан залуус цахим ертөнцөд өөрсдийгөө өмөөрч, тэдний үйлдлийг дэмжих хүн олон байна. Гадаадын иргэний эрхийг зөрчиж, биед нь халдсан бол тэгсхийгээд өнгөрдөг гэх хандлага ч байна.

-Монгол Улсад мөрдөж байгаа хуулиар гадаадын ч бай, дотоодын ч бай иргэний эрхийг зөрчсөн бол хариуцлага хүлээлгэдэг. Гадаадын иргэний эрх зөрчсөн учраас цагдаагийн байгууллага тоохгүй байна гэж ойлгож болохгүй. Тэр хүмүүсийг шалгаж байгаа. Хариуцсан байцаагч нь эзгүй учраас хэнийг, ямар үндэслэлээр шалгаж байгаа талаарх нарийн мэдээлэл алга гэв.

Бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн, үүнийг бүлэглэж үйлдсэн бол Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлд зааснаар 3-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуультайг эх сурвалж санууллаа.

БУРХАН ХАЛДУН УУЛАНД ГАДААДЫН ИРГЭНИЙГ ОЙРТУУЛАХГҮЙ ГЭЖ МУЙХАРЛАГЧИД ХЭН БЭ

Бурхан халдун ууланд хийморио сэргээхээр явж байгаад бусдыг дарамталж, алгадсан тухайгаа facebook хуудастаа бичсэн бөх бол Улсын харцага Г.Ганхуяг. Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Г.Ганхуяг 2001 онд улсын наадамд зургаа давж харцага цол хүртэж байсан, спортын од, бөх сонирхогчдын үлгэр дуурайл болсон залуу. Бөх сонирхогчид түүнийг “галзуу” гэж хочилдог юм билээ. Тэрбээр 2008 оны дөрөвдүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн XVII хороо, IV хорооллын “Стрингс” бааранд буу гаргаж, зөөгч эмэгтэйг зодсон хэрэгт холбогдож байсан. Үүнээс өмнө ч архи ууж танхайрч байсан талаарх мэдээллүүд олон бий. Спортын од гэдэг утгаараа түүний facebook хуудас олон дагагчтай. Гэтэл тэрбээр саяхан цахим хуудастаа “Байлдвал байлдъя” гэж бичээд учир мэдэх хүмүүсээр шүүмжлүүлж байсан удаатай. Мөн буудуулсан тарвага хүүдээ бариулсан зураг тавьсан нь нэг хэсэг шуугиан тарьсан. Учир нь тэр зурагны дор “Эх орныг минь эзлээд байгаа нөхдүүдийг энэ тарвага шиг..:” гэж бичсэн нь энхтайванч, ардчилсан энэ нийгэмд цочир байсан юм.

Монголын рок, попынхны дунд ур чадвар, чансаагаараа дээгүүрт ордог гитарчин Д.Өлзий-Орших буюу Өөжгий “Монгол нэр зүүсэн мал хэдэн хужаа дагуулан Бурхан халдунд явж байсан гэнэ. Азаар цөс ихт монгол эрчүүд маань таарч хувийн арга хэмжээ аваад явуулсан байна. Бас хадаг яндар барьчихжээ, муу нохойн баас чинь” гэж facebook хуудастаа тавьжээ. Өөжгий бол яах аргагүй урлагийн од. “Никитон” хамтлагт гитар тоглодог. Хүүхэд байхдаа “Халгай” гэдэг хамтлаг байгуулж урлагт орж байсан гэдэг. Тэрбээр цахим хуудастаа бичсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй гэдгээ мэдэгдээд өөрийгөө өмөөрсөөр байгаа.

Өөжгийг ч тэр, Г.Ганхуягийг ч тэр олон залуус бахархан дуурайж, үлгэр дуурайл болгодог. Ийм хүмүүсээ бид алдаршуулж, од болгодог. Хүүхэд, залуус даган дуурайгаасай гэсэндээ од болгож алдаршуулдаг юм. Гэтэл тэр хүмүүс гэртээ орж ирсэн зочноо балбаад бай гэж үлгэх дууриал үзүүлж байна уу. Ийм ёс зүйгүй аашилсных нь төлөө хариуцлага тооцмоор байна. Тайзан дээр гарах, бөх барилдах эрхийг нь хасах хэрэгтэй. Сүүлийн үед урлагийн од, бусдын үлгэр дуурайл болсон хүмүүс айхавтар алдаа гаргадаг боллоо. “Харанга”-ын Х.Лхагвасүрэн хар тамхи хэрэглээд шоронд орсон, араас нь Баавар бас мансуурч, хэрэгт орсон. “Шинэ үе” хамтлагийн хоёр эмэгтэй гишүүн нэгийгээ буцалсан усаар шалзалсан. Ийм ёс зүйгүй аашилсан, хар тамхитай холбогдсон хүмүүс урлагт хэн ч биш болдог. Харин манайд өөхшүүлсээр байгаад одоо од гэх залуус элдвээр муйхарладаг боллоо.

Ийм байдлыг гааруулаад байвал Монгол Улс тамын орон болж хувирна. Даяаршсан дэлхийд хөлөө олохын тулд бид ухаалаг байх хэрэгтэй. Гэтэл ирсэн зочноо зодоод хөөдөг, тэр хэрээрээ олон улсад нэр хүндээ алддаг Монголыг хүссэн гэж үү. Хууль тогтоогч, төр барьж байгаа хүмүүс энэ удаагийн үйлдэл дээр цочроо авах хэрэгтэй байна. Хүүхдээ тавдугаар анги хүртэл нь гадаад хэл зааж болохгүй, уйгаржин бичгээ л үзэх ёстой, эрх баригчид нь овоо тахиж, найр наадам хийнэ, байгаль нийгмийн үзэгдлийг шинжлэх ухаанч бусаар тайлбарладаг, шашинждаг энэ бүх үйлдлийн үр дүн ийм хөгжлөөс ухарсан, харанхуй, бүдүүлэг Монголыг бий болгож байна. Монголчуудын эртнээс уламжилсан ёс заншлаар гэртээ орж ирсэн хүнийг зодож нүдэх нь бүү хэл элдвээр хэлдэггүй. Найрсаг зочломтой ард түмэн гэж өөрсдийгөө магтаж ирсэн. Гэтэл одоо энэ бүхэн алга болжээ. Эх оронч гэх хийрхлийг төр засаг, эрх баригч, хэвлэл мэдээлэл, сошиал сүлжээ хүртэл дэвэргэж байна. Замаг сайтай нууранд загас ихтэй, зан сайтай айлд зочин ихтэй гэдэг. Жуулчдыг урих, хөрөнгө оруулагчдыг татах сонирхолтой л бол зан аашаа засч, эвтэй байх сургалтыг зориуд бодлогоор явуулмаар байна. Үндсэрхэг гэх үзлээр биднийг зориудаар хорлож, хүсээгүй Монголыг бий болгож байна. Үүнд ухаалгаар хандаж болох, болохгүйг ялгаж салгах шаардлага тулгарсныг энэ үйл явдал харууллаа.

Ц.ӨРНӨХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *