Эх орон, байгаль орчноо хамгаалах нэрийдлээр үйл ажиллагаа явуулж буй 800 орчим төрийн бус байгууллага, бүлэг, холбоод бий. Эдгээр бүлэг нөхдүүд хаана, ямар ажил хийж байгаа нь тийм ч тодорхой бус. Гэхдээ “Босоо хөх Монгол”, “Хас Монгол”, “Даяар Монгол”, “ Ногоон Хас” зэрэг сүржин нэртэй бүлгэмийн залуус манай улсад хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй гадны компаниудыг дарамталж мөнгө авдаг гэсэн мэдээлэл түгээмэл байдаг. Тэгвэл эх орон хэмээх сүржин уриатай залуус монгол иргэдээ ч дээрэмдэх боллоо.
Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 15-нд “Хас Монгол” бүлгийн гишүүн нэгэн монгол иргэнийг дарамталж, улмаар их хэмжээний мөнгө авах гэж байхад нь цагдаагийн байгууллага илрүүлжээ. “Хас Монгол” бүлгийн гишүүн гэх этгээд баригдахынхаа өмнөх өдөр дээрх иргэнийг дарамтлан сүрдүүлж 200 сая төгрөг нэхжээ. Ингээд хоёр сая төгрөг авсан байна. Маргааш нь дахин 18 сая төгрөг бэлнээр авах гэж байгаад цагдаа нарт баригджээ. Дээрэм хийсэн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаах ажиллагааг явуулж байгаагаа цагдаагийн байгууллага мэдээлээд байгаа. Түүнчлэн иймэрхүү үндсэрхэг үзэлтэй гэх залууст дээрэмдүүлж, дарамтлуулж байсан бол цагдаагийн байгууллагад хандаж болох юм байна. Ер нь үндсэрхэг үзэлтэй, эх оронч гэгдэх холбоо, бүлгэмтэй холбоотой хэрэг их гарах болсон. Ялангуяа бусдыг дээрэмдсэн, зодож гэмтээсэн нь их. Энэ хавар “Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дөрвөн гишүүн болох Б, Б, Т, Б нарыг БНХАУ иргэн “Ж”-г хүч хэрэглэн заналхийлэн, сүрдүүлж их хэмжээний мөнгө авсан хэрэгт сэжиглэн ШШГЕГ-ийн харьяа хорих 461 дүгээр ангид хорьсон. Тухайн үед тус байгууллагын тэргүүн П.Шинжээравдан “Би сайн мэдэхгүй. “UB palace”-т эх орончдын чуулган зохион байгуулж 1000 гаруй хүн цугларсан. Энэ чуулганаар оффшор данстнуудыг нэр дэвшүүлэхгүй байя гэсэн санал гаргаад Засгийн газар, Улсын ерөнхий прокурорт өгсөн. Энэ улсуудыг эртхэн дарж авъя гэж бодсон болов уу л гэж хардаж байгаа” гэсэн тайлбарыг хийж байсан. “Босоо хөх Монгол” ТББ-ын бас нэгэн дээрмийн хэргийг сөхвөөс 2015 оны тавдугаар сард “Босоо хөх Монгол” бүлгэмийн Х.Алтанзаяа, Б.Булганбаяр нар Хан-Уул дүүрэгт бусдын мөнгө, эд зүйлсийг дээрэмдэж байсан.Хэрэг нь мөрдөн байцаалтын явцад байхад мөн л Налайх дүүрэгт байрлах тоосго болон барилгын үйлдвэрт ажилладаг хятад ажилчдыг зодож, улмаар бэлэн мөнгийг нь дээрэмдсэн байдаг. Түүнчлэн 2012-2013 оны хооронд “Гал үндэстэн холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Мөнхбаяр болон О.Самбуу-Ёндон, Б.Гантулга нар нь зохион байгуулалттайгаар бүлэглэн “АУМ АЛТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Монголын иргэн М-д хүч хэрэглэн, эд хөрөнгийг чинь устгана хэмээн сүрдүүлж их хэмжээний мөнгө авсан байдаг. Тэд 67 сая төгрөгийг дээрэмдэж авсан гэх мэдээлэл бий. Тэгвэл “Даяар Монгол” хөдөлгөөний тухайд хэдэн баримт сөхье. 2010 онд Дорнод аймагт “Даяар Монгол” хөдөлгөөний залуус хятад иргэдийг дээрэмдсэн хэрэг гарсан. Хятадын зургаан иргэнийг “Даяар Монгол” хөдөлгөөний гишүүд гэх таван залуу саатуулж 2800 юань, 50 мянган төгрөгийг нь сүрдүүлэн авсан болохыг цагдаагийнхан илрүүлсэн. Улаанбаатар хотын харьяат 26-31 насны таван залуу өөрсдийгөө “Даяар Монгол” хөдөлгөөний гишүүд гэж хэлсэн байдаг. Гэвч тус хөдөлгөөнийхөн эдгээр залуусыг “Манай холбооных биш” хэмээн үгүйсгэсэн.
Дээрх залуус цагдаагийн үнэмлэх, замын цагдаагийн ажилтны улаан өнгийн гэрлэн дохиур, тусгай дуут дохио, гавыг ашиглаж дээрэм хийдэг болох нь тогтоогдсон. Тэд Дорнод аймгийн нутагт оршдог БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шин Шинь”, “Шань Лун” компаниас сая төгрөг, 30-40 литр шатахуун авсан нь тогтоогдсон байдаг. Хулгай дээрэм хийсэн хүмүүсийг манай хөдөлгөөн, байгууллагынх биш гэж өөсрдөөсөө түлхдэг ч хоорондоо нэгдэж хөдөө орон нутгаар явж дээрэм хийдэг болох нь мөн л хэд хэдэн тохиолдлоор илэрч байсан. Тухайлбал, 2013 онд Хэнтий аймгийн Галшар суманд үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалт бүхий “Northwind” компанийн хятад ажилчдыг “Босоо Хөх Монгол”, “Даяар Монгол”, “Хөх Монгол” бүлгэмийн гишүүд дээрэмдсэн хэрэг гарсан. Эдгээр бүлгэмийн залуус тус компани руу хүч хэрэглэн дайрч хятад ажилчдыг зодож, улмаар халаасан дахь 2.8 сая төгрөгийг нь булааж аваад явсан гэдэг. Мөн дээрх бүлгэмийн гишүүд Бүрэнцогтын уурхайн ажилчдыг дээрэмдсэн. Ингэж яваад цагдаа нарт баригдсан бөгөөд тухайн үед үндсэрхэг үзэлтэй гэх бүлгэмийн гишүүний үнэмлэх гарч ирсэн байдаг. Тодруулбал, “Хөх Монгол” бүлгэмийн гишүүн О.Сайнбаяр 5.2 сая төгрөг бэлнээр авч явсан нь илэрсэн. Гэх мэтчилэн иймэрхүү дээрмийн хэрэг байсхийгээд л гардаг болсон. Хас тэмдэг зүүж, өөрсдийгөө үндсэрхэг үзэлтнүүд хэмээн цоллодог залуус өнөөдөр монгол иргэдээ мөлжихөөр шийдсэн бололтой. Тэд уул уурхай, бизнес эрхлэгчдийг дарамталж, шантааж хийж мөнгө олж, олсон мөнгөөрөө наргиж цэнгэхээс өөр зүйл хийдэггүй гэдэг ч үнэний ортой. Элдэв хэл аманд орооцолдох нь ч элбэг. Гадны компаниудыг дарамталж хэдэн төгрөг цохидог байсан төрийн бус байгууллага, хөдөлгөөнийхний бай нь дотоодын компани, бизнесмэнүүд, иргэд болж хувирчээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр бол дээрх хөдөлгөөн, бүлгэмийнхэн ихэнхдээ жижиг аж ахуйн нэгж, компаниудыг дээрэлхэж, сүрдүүлдэг байна. Учир нь хоолоо олж идэх нэг хувилбар нь том компанийн гар хөл болдогтой холбоотой аж.
“Босоо хөх Монгол”, “Хас Монгол”, “Хөх Монгол”, “Ногоон хас” зэрэг төрийн бус байгууллагын 20 орчим хүнд цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэх мэдээлэл байна.
А.АМАР