Categories
мэдээ нийгэм

Эх орны хөвгүүд “Мөнгөн хонхны баяр”-аа тэмдэглэлээ

Монгол Улсын Хууль зүйн яамны харьяа агентлаг болох Цагдаа, Хил хамгаалах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэл, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн болон Онцгой байдлын байгууллагын албан хаагчдыг бэлтгэдэг Хууль сахиулахын их сургуулийн 2014-2015 оны төгсөгчдийн “Мөнгөн хонхны” баяр өнөөдөр ёслол төгөлдөр боллоо.

Энэхүү ёслолын арга хэмжээнд Их сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирал, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ, Дэмжлэг үзүүлэх асуудал эрхэлсэн дэд захирал, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Захирлын зөвлөлийн гишүүд болон ХЗЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Э.Зоригт, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр, ШШҮХ-ийн дэд захирал, цагдаагийн хурандаа Ц.Гантулга, ШШҮХ-ийн стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Батмягмар болон их сургуулийн эрдэмтэн багш, албан хаагч, сонсогч, эцэг эхчүүд оролцов.

Энэ үеэр Их сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирал, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ төгсөгчдөд баяр хүргэн хэлсэн үгэндээ “Та бүхэнд Хууль сахиулахын их сургуулийн 81 дэх жилийн төгсөлтийн мөнгөн хонхны баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Төрөлх сургуулийн түүхийн хуудсанд нэгэн үеийнхэн болж, сурлага, урлаг, спортын амжилтаараа тэргүүлэн манлайлж, сургууль хамт олныхоо нэрийг дуурсгаж ирсэн төгсөгчдөдөө эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгчид тань бахархаж явдгаа илэрхийлэхийн ялдамд та бүхэн “Мөнгөн хонхны баяр”-ын мэндийг дахин хүргэж удахгүй эхлэх төгсөлтийн шалгалтдаа өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе” гэв.

Мөн төгсөгчдийг төлөөлж Цагдаагийн сургуулийн 342-р дамжааны дэд түрүүч Б.Соронзонбаатар үг хэлж, эрдэмтэн багш нартаа талархлаа илэрхийллээ. “Мөнгөн хонхны баяр”-ын энэ л дурсамжтай өдрийг хуваалцахаар ирсэн төгсөгчдийн эцэг эхчүүдийг төлөөлж Цагдаагийн сургуулийн 345-р дамжааны сонсогч У.Дэлгэрхишигийн аав цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Б.Умаахан ажил амьдралын харгуйд хөлж тавьж буй сонсогчдодоо сургаалын үгээ хайрлалаа.

ХСИС-ийн 2014-2015 оны хичээлийн жилд Удирдлагын сургууль 29, Цагдаагийн сургууль 171, эчнээ 90, Замын хөдөлгөөний аюулгүй байдал мэргэжлээр 30, ШШГС-ийг 46, ОБС 30, Хилийн сургуулийг 36 сонсогч төгсөнө.

Төрөлх сургуулийнхаа түүхийн хуудсанд нэгэн үеийнхэн болж, сурлага, урлаг, спортын амжилтаараа манлайлан суралцсан суралцсан сонсогчдыг “Эрдэм”, “Авъяас” алтан медаль, “Тэргүүний тамирчин”, Монголын Залуучуудын холбооны “Хөдөлмөрийн алдар” , “Цэргийн алдар” медалиар энгэрээ мялаалаа.

Төв сургуулиас үүсэл гаралтай түмэндээ танигдсан алдрын дуулалтай ХСИС Мөнгөн хонхны баяраар Чингис хаан хамтлагийн дуучин МУГЖ Б.Жаргалсайхан, “Нюанс” хамтлаг, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин н.Түвшинжаргал нар ая дууны мэндчилгээ дэвшүүлэв.

Ийнхүү арван жилийн сургуулиа дөнгөж төгссөн 17-той жаахан хөвгүүд их сургуульд элсэн ороод аранзаа үүрэн хамтдаа гүйж, албаны бэлтгэлээ чармайн гүйцэтгээд, аав ээжийгээ санахаараа хамтдаа дуулж, аяны жагсаалдаа нэгдэн алхсаар, хичээлийн танхим, хээрийн дадлага гээд хөгжилтэй жаргалтай, хөнгөн гунигтай мөч бүхэнд зүсэм талхаа ч хуваалцах зүрх сэтгэлийн нөхөрлөлөөр холбогдон, оюутны амьдралын дөрвөн жилд ижилдэн дассан сонсогчид маань эрдэм мэдлэгийн эзэд болон өсөн төлөвшиж эх орныхоо дөрвөн зүг найман зовхист алтан мөрдэсээ гялалзуулан албаа нэр төртэй гүйцэтгэхээ энэ л баярын өдөр эрдэмтэн багш, эцэг эхчүүддээ илтгэн харууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *