Categories
мэдээ нийгэм

“Эх дэлхийн цаг” ирэх бямба гаригт дуугарна || DNN.mn

Энэхүү хөдөлгөөн нь нэг цагийн турш дэлхийн бүх хүмүүс нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг. “Эх дэлхийн цаг”-ийн гол зорилго нь зөвхөн гэрэл унтрааж, цахилган хэмнэхдээ бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүн бүрийн оролцоо чухал, хүн бүр энэ үйлсэд хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулахад оршдог. Өөрөөр хэлбэл, хүн бүр нэг цагийн турш гэрлээ унтрааснаар эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бага ч атугай хувь нэмэр оруулах боломжтойг сануулж байгаа юм.

Дэлхий дахин “Эх дэлхийн цаг”-аар буюу жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн бямба гарагийн 20.30 цагаас эхлэн нэг цагийн турш нэгэн зэрэг гэрлээ унтраан хөдөлгөөнд нэгддэг. Энэ үед үргэлж гэрэлтэж байдаг байгууламжууд болох тухайлбал, Сан Франциско дахь Голден Гейт гүүр, Сидней дэх Дуурийн ордон зэрэг дэлхийд алдартай олон байгууламжийн гэрэл унтарч дэлхий нийтийн анхаарлыг нэг цагийн турш төвлөрүүлдэг билээ.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн санаачилгаар анх 2007 онд зохион байгуулсан энэ арга хэмжээ хүрээгээ тэлж өдгөө 180 гаруй улс жил бүр нэгддэг болжээ. Энэхүү үйл ажиллагаанд тухайн улсын Ерөнхий сайд, томоохон хотуудын, нийслэлийн захирагчид, мөн алдартай хүмүүс оролцож хөдөлгөөний ач холбогдлыг улам өндөрсгөж байгаа билээ.

Монгол Улсын хувьд 2010 онд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар Улаанбаатар хотноо “Эх дэлхийн цаг”-ийг анх зохион байгуулснаар уг хөдөлгөөнд орон нутгууд нэгдэж, ойлголт, ач холбогдол нь хүрээгээ тэлсээр байгаа юм. Өнгөрсөн 2021 онд Монгол Улсын хэмжээнд нийт 206 байгууллага, аж ахуйн нэгж, 13 аймгийн иргэд идэвхтэй оролцож, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо хүргэсэн юм.

Уг хөдөлгөөнийг энэ жил “Ирээдүйдээ гэрэл нэмье” уриан дор зохион байгуулна. “Эх дэлхийн цаг- 2022” нь энэ бямба гарагт Улаанбаатарын цагаар 20.30 цагт эхлэх бөгөөд Зориг сангийн дэргэдэх “Байгаль орчны манлайлагчид” ТББ болон холбогдох байгууллагууд хамтран цахимаар тэмдэглэнэ.

Түүнчлэн “Байгаль орчин, танин мэдэхүйн хөгжлийн төв” НҮТББ болон “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-тэй хамтран “Уур амьсгалын өөрчлөлт хүүхдэд” сургалт явуулах аж.

Энэхүү үйл ажиллагаанд нэгдсэнээр дэлхийнхээ төлөө, цаашлаад өөрийнхөө ирээдүйн төлөө тэмцэх боломжтой болно. Бас заавал гэрлээ унтраах ч албагүй. Наад зах нь энэ өдөр усны хэрэглээгээ багасгахад л хувь нэмэр болно. Автомашинаа уналгүй явган алхаж, хуванцраас татгалзахад эх дэлхийгээ хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж ирээдүйдээ жинхэнэ утгаараа гэрэл нэмнэ.

“Эх дэлхийн цаг”-ийн бэлгэдэл

Гэрлээ унтрааж лаа асаах нь “Эх дэлхийн цаг”-ийн чухал илэрхийлэл. Энэ нь гэрлээ унтраасан үеийн орчны гэрэлтүүлэг болохоос гадна асаасан лаа нь итгэл найдвар, эерэг бүхнийг урин дуудаж, харамсах сэтгэлээ зул болгон өргөх зэрэг бэлгэдэлтэй.

60+ хэмээх бэлгэдэл нь зөвхөн нэг цаг гэрлээ унтраах төдийхөн бус, өдөр тутмын амьдралдаа эх дэлхийгээ хайрлан гамнасан алхам хийх болно гэсэн хүмүүсийн эв нэгдлийг илэрхийлдэг. 60 гэдэг тоо нь 60 минутыг илэрхийлж байгаа бол + тэмдэг нь 60 минутын үйлс цаашид нэмэн дэлгэрэх болно гэдэг утгыг агуулж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *