Categories
мэдээ нийгэм

Эйлин Гу хоёр дахь алтан медалиа авч, Хятад улсын олимпын амжилтыг ахиуллаа

АНУ-д төрсөн 18 настай цанын спортын тамирчин Эйлин Гу энэ удаагийн өвлийн олимпын наадамд ээжийнхээ эх орон Хятад улсын нэрийн өмнөөс өрсөлдөж байгаа билээ.

Тэрбээр Баасан гарагт эмэгтэйчүүдийн чөлөөт цанын halfpipe төрөлд түрүүлж, хоёр дахь алтан медалиа зүүжээ. Тэр бас нэг мөнгөн медаль авсан бөгөөд Бээжин 2022 наадмаас нийтдээ гурван медаль зүүгээд байна.

Эйлин Гу 2019 онд Хятад улсын өмнөөс өвлийн олимпын наадамд өрсөлдөх шийдвэр гаргасан нь тухайн үедээ нэлээд маргаан дэгдээж байв.

Гэсэн хэдий ч тэр Хятадад “Цасны гүнж” хэмээн өргөмжлөгдөж, өнгөрсөн онд томоохон брэндүүдтэй хийсэн сурталчилгааны гэрээнүүдээс нийтдээ $31.4 саяыг олсон юм.

“Би яг л америк хүн шиг ярьдаг, бас харагддаг. Хэн ч намайг америк биш гэхгүй. Хятадад ирэхэд намайг бас хэн ч хятад биш гэж хэлж чаддаггүй. Би хэлээр нь чөлөөтэй ярьж, соёлыг нь маш сайн мэддэг” гэж Гу саяхан хэвлэлд ярьж байжээ.

Эйлин Гугийн авсан хоёр алт, нэг мөнгөн медалийн ачаар Хятад улс өвлийн олимпын наадмын түүхэнд хамгийн өндөр амжилтаа үзүүлээд байна.

Өнөөдрийн байдлаар тус улсын баг 8 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль, нийт 14 медальтай дэлхийн улс орнуудаас Норвеги, Герман, АНУ-ын дараа дөрөвт эрэмбэлэгджээ.

Хятадын баг 2006, 2010 оны өвлийн олимпын наадмуудаас тус бүр 11 медаль авч байсан нь өмнөх дээд амжилт нь байсан юм. Ингэхдээ нэг өвлийн олимпын наадмаас дээд тал нь таван алтан медаль авч байжээ.

Эх сурвалж: Business Insider

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *