Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭЕШ-ын эхний өдөр бүртгэлийн хуудсаа баталгаажуулаагүй зэрэг зөрчлүүд гарав

Өнөөдөр орон даяар ЭЕШ эхэлж байна. Шалгуулагч бүрийн өгөх ёстой монгол хэлбичгийн шалгалтыг 12:00 цагаас орон нутагт байрлах 22, нийслэлд байрлах шалгалтын 27 байранд авлаа. Нэг ангид 21 хүүхэд хуваарилсан байжээ.

Даалгаврын хувьд дөрвөн хэсгээс бүрдэж байсан бөгөөд нэгдүгээр хэсгийн тест нь 10 даалгавар нь тус бүртээ хоёр оноотой байжээ. Харин хоёрдугаар хэсэг нь нийтдээ 30 оноотой даалгавар байж. Мөн тус бүрдээ таван онооны хоёр ажил ирсэн бөгөөд нэг нь монгол бичгээс кирил рүү 30-40 үг хөрвүүлэх , нөгөөх нь алдаатай таван өгүүлбэрийг олох даалгавар байсан байна. Мөн 200-250 үгтэй өөрийгөө хөгжүүлээрэй гэсэн эх бичих даалгавар иржээ. Бид нийслэлийн хоёрдугаар сургуульд болсон ЭЕШ-ыг сурвалжилсан юм. Хүүхдүүдийн хувьд даалгавар ерөнхийдөө гайгүй байна гэсээр сэтгэл дүүрэн гарч ирж байв.

Шалгалт өгөгчид бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх, иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг авч ирнэ. Бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ биш суурь боловсролын гэрчилгээгээ авчирсан, мөн бүртгэлийн хуудсаа баталгаажуулаагүй зөрчлүүд ч гарч байв.

Ингээд гадна нь хүүхдүүдээ хүлээж байгаа ар гэрийнхнээс нь болон шалгалтаа өгөөд гарч ирж байгаа хүүхдүүдээс сэтгэгдлийг нь сонслоо.

Э.Энхмаа: Би дүүгээ хүлээгээд зогсож байна. Манай дүү энэ жил 12-р ангиа төгсөж байна. Ер нь сурлага сайтай, улсын олимпиадад байр эзэлж байсан хүүхэд байгаа. Дүү минь анагаахын чиглэлээр цаашдаа мэргэжил эзэмших сонирхолтой, тархины мэс засалч болдог юм билүү гэж бодоод байгаа. Өнгөрсөн жилээс эхлээд дүү минь шалгалтдаа бэлдэж эхэлсэн. Ерөнхийдөө гайгүй бэлдсэн гэж бодож байгаа. Химийн шалгалтаа “Кондор” сургалтын төвд бэлдсэн. Биологийн шалгалтаа манай хамаатны хүн дээр бэлдсэн.


Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн сурагч Д.Ганболд: ЭЕШ-аа өнгөрсөн жилээс бэлдэж эхэлсэн. Бэлдэж байсны дагуу даалгаврууд ирлээ. Сургалтын төвүүдээр шалгалтандаа бэлдсэн. ШУТИС-д орохоор төлөвлөж байна. Урд хойно нь нэг нэг багш суучихаад ямар ч хуулах боломж байхгүй их хатуу авч байна.


Ертөнц сургуулийн 12б ангийн сурагч Н.Ичинхорол: Шалгалт ерөнхийдөө гайгүй. Бэлдчихсэн байгаа хүүхэд бол хийгээд гараад ирэхээр байна. Жишиг даалгаврууд өмнө нь зөндөө хийсэн. Ерөнхийдөө адилхан байсан. Хяналт шалгалтын хувьд хоёр багш хянаж байсан. Гар утас, бүх төхөөрөмжийг ороход хурааж авсан учир хуулах боломж байгаагүй. Элсэлтийн шалгалтаа ерөнхийдөө сургууль дээрээ бэлдсэн. Мөн нэмэлт давтлага, сургалт авсан. Миний орох гэж байгаа сургууль МIU хэлний сургууль байгаа. Дотроо гадаад оюутнууд ихтэй учир их таалагдаж байгаа. Би өөрөө хятад хэлтэй. MIU бүх хичээлээ англи хэл дээр ордог. Цаашдаа хэлний чиглэлээр явах учир англи хэлийг түлхүү суръя гэж бодож сонгосон гэв.

Одоо зургадугаар сарын 15-нд Монгол Улсын түүх, хими, англи хэлний шалгалттай. Харин зургадугаар сарын 17-нд математик, газар зүй, биологи, монгол хэлний шалгалтыг авах бол зургадугаар сарын 18-нд нийгмийн тухай мэдлэг, физик, орос хэлний шалгалтыг тус тус авна.

Гэрэл зургийг С.ГЭРЭЛТ-ОД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *