Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 16-нд дуусна

Өнөөдөр Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн талаар мэдээлэл хийлээ.

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 16-ыг хүртэл үргэлжлэх юм байна. Тус хуралд Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ, Боловсролын үнэлгээний төвийн шалгалт судалгаа хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат нар оролцов.

Энэ үеэр Л.Ганбат хэлэхдээ Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ. Бүртгэл орон даяар өнөөдөр 09:00 цагт эхэлж, дөрөвдүгээр сарын 16-ны орой 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа болон цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй.

Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2018 онд бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөх иргэн, 2018 оноос өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн болон түүнээс дээш боловсролтой иргэн өгнө” гэв.

Их, дээд сургуульд суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Засгийн газрын тогтоолын дагуу Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдсан байх ёстой билээ. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ “Монгол хэл бичгийн шалгалтыг өгч байж Элсэлтийн ерөнхий шалгалтанд ордог. Монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгөхийг шаардаж байгаа. ЭЕШ-ийн Монгол хэл, Орос хэл, Англи хэлний шалгалтуудад сонсож ойлгох чадварын даалгаврууд орсон.

Монгол хэл бичгийн даалгавар дээр эссе бичүүлдэг. Дөрөв дэх жилдээ ийм шалгуур тавьж байна. Жилээс жилд сурагчдын найруулан бичих чадвар өсөж байгаа. Ийм эерэг үр дүнгүүд гарч байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд онцгой анхаарсан. Энэ жил хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хамрагдах тоо нь нэмэгдэх хандлагатай байна.

Боловсрол Үнэлгээний Төвийн Шалгалт, судалгааны хэлтсийн дарга Л.Ганбат “Энэ жилийн бүртгэлийг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газартай серверээ холбосон. Ингэснээр регистрийн дугаараа оруулахад бүх мэдээлэл нь автоматаар гарч ирэх юм. Энэ нь мэдээллийн алдаа гаргахгүйн тулд авч хэрэгжүүлж буй шийдэл юм. Хэрэв хувийн мэдээлэлтэй холбоотой алдаа, эсвэл мэдээллээ солих шаардлага гарвал өөрийн сургуулийн сургалтын менежерээр дамжуулан Боловсролын мэдээллийн нэгдсэн санд хандаж мэдээллээ солиулах боломжтой.

Тухайн шалгуулагч хувийн мэдээллээ солиулсны дараа дахин хэвлэн авах боломжтой юм. Суудлын хувьд тавдугаар сарын 15-наас хойш системд нэвтэрч суудлаа харах боломжтой. Шалгалтыг зургаан сарын дундын арав хоногт зохион байгуулахаар БСШУСЯ-нд хандсан байгаа. Шалгалтын дүн өнгөрсөн жилийнхтэй адил долдугаар сарын 1-нд гарна. Гэхдээ энэ жил шалгалтын дүнг шууд цацдаг системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна” гэв.

2018 ЭЕШ-ын журамд орсон хэд хэдэн өөрчлөлтүүд бий. Үүнд:

-Шалгуулагч Мобиком корпорацийн “Candy” үйлчилгээг ашиглан шалгалтын төлбөрөө төлөх боломжтой.

-Улсын бүртгэлийн ерөнхий газраас шалгуулагчийн хувийн мэдээллийг авдаг болсон.

-Шалгуулагч бүртгүүлэхдээ файлаар оруулсан цээж зургаа урьдчилж харах боломжтой.

-Өмнөх оны шалгуулагчдийн “Бүртгэлийн хуудас” нь QR кодоор баталгаажсан байна.

-ЭЕШ-ын бүртгэл онлайнаар явагдах ба шалгуулагч www.eec.mn цахим хаягаар бүртгүүлнэ. ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна. ЭЕШ-д бүртгүүлэхэд Монгол хэл бичгийн шалгалт нь шууд сонгогдох ба шалгалтын хураамжгүй, батламж хуудастай байна.

-Энэ онд төгсөх шалгуулагчийн суралцаж буй сургууль, анги, бүлэг, регистрийн дугаарын мэдээлэл зөрүүтэй бол сурч буй сургуулийн сургалтын алба /сургалтын менежер/-аар дамжуулан БСШУСЯ-ны боловсролын салбарын нэгдсэн систем /esis.edu.mn/-д засварлаж www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар орж “зөвшөөрөх” товчийг дарж баталгаажуулна.

Шалгуулагчид бүртгүүлэхдээ дараах зүйлсийг бүрдүүлсэн байна. Үүнд:

-Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг

-Өнгөт цээж зураг файлаар / цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагш цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна.

-Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг /энэ нь зөвхөн 2018 оноос өмнөх онд төгссөн ба гадаадад суралцаж дүйцүүлсэн шалгуулагчид хамаарна/

-И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягтай байна/

-Шалгалтын хураамжийг Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк, Төрийн банк, Улаанбаатар банк, Хас банкны интернэт гүйлгээний эрхтэй төлбөрийн карт,

-Шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар дамжин шалгалт өгөх хичээлээ нэмж болно. Бүртгэл баталгаажсанаас хойш шалгуулагчийн овог, нэр улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлд солигдсон бол www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар орж “зөвшөөрөх” товчийг дарж баталгаажуулна.

-Өмнөх онд төгссөн шалгуулагч шалгалт өгөх аймаг /хот/ -аа өөрөө сонгож бүртгүүлнэ. Гадаад улс оронд бүрэн дунд боловсрол буюу түүнээс дээш боловсрол эзэмшсэн иргэн шалгалтад бүртгүүлэхдээ бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичгийг БСШУСЯ-аар баталгаажуулж, Боловсролын үнэлгээний төвд ирж бүртгүүлнэ. Хөгжлийн бэршээлтэй болон тусгай сургуулийн суралцагчид шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.

-Энэ онд ЕБС төгсч буй бүртгүүлэгч www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас “Бүртгэлийн хуудас”-аа хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн “Бүртгэлийн хуудас” нь QR кодоор батаалгаажсан байх ба шууд хэвлэн авна.

-Шалгуулагчид шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын хуваарийг өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгийг ашиглан 2018 оны 05-р сарын 15-наас хойш www.eec.mn цахим хуудаснаас хэвлэн авна.

-ЭЕШ болон МХБШ-ын товыг БСШУСЯ-тай зөвшилцөн БҮТ-өөс зарлана. Шалгуулагч шалгалт өгөхөөр ирэхдээ бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг бүрдүүлэн ирнэ. ЭЕШ-ын дүн оноо, жагсаалтыг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn цахим хуудсанд байршуулан нийтэд зарлана. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар, болон нууц код ашиглан www.eec.mn цахим хуудаснаас үзэж болно.

Б.АМАРТҮВШИН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *