Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ээлжит бусаар хуралдсан Засгийн газар ямар асуудал хэлэлцэв?

Засгийн газар өчигдөр үдэш болтол хуралдаж Оюутолгойн талаар авах зарим арга хэмжээг хаалттай хэлэлцжээ. Энэ тухайгаа Засгийн газар албан ёсны мэдээ гаргаагүй байгаа юм. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Оюутолгой компани, Монголын татварын албаны дундахь 30 ам.сая долларын маргааныг хүчингүйд тооцохоор тохирсон бололтой. Анх уг маргаан 130 ам.сая доллар төлөх ёстой гэж гарч байсан бөгөөд Татварын маргаан шийдвэрлэх алба хэлэлцээд 30 сая доллар болгосон юм.

Мөн хөрөнгө оруулагчид Оюутолгойн ил уурхайн анхны хөрөнгө оруулалтыг хоёр тэрбум доллараар хэтрүүлсэн, үүнийгээ тайлбарлах ёстой гэсэн маргаан явдаг. Энэ нь санхүүгийн баримттай. Үүнээс гадна баримтгүйгээр 1.4 тэрбум долларын хөрөнгө оруулалтын хэтрүүлэлт байдаг юм байна. Эдгээрийг буюу анхны хөрөнгө оруулалтаас хэтэрсэн гэх нийтдээ 3.4 тэрбум долларын асуудлаа мөн хүчингүйд тооцох “Эвлэрлийн гэрээ”-нд гарын үсэг зурах болж, зурах эрхийг нь саяхан томилогдсон “Эрдэнэс МГЛ” компанийн захирал Б.Бямбасайханд олгожээ.

Дээрх шийдвэрийн талаар Засгийн газрын гишүүд нэлээд талцаж маргасан бөгөөд уг саналыг сайд С.Баярцогт, Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн Г.Тэмүүлэн нар ихэд эсэргүүцсэн сурагтай.

Өчигдөр ээлжит бусаар хуралдсан Засгийн газар Тавантолгойн гэрээний төслийг ч хэлэлцсэн байна. Тавантолгойн асуудлаар шийдвэрээ гаргаж, гэрээний төслөө УИХ-д өргөн барихад бэлэн болсон бөгөөд УИХ-д өргөн барихаар тогтсон аж.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зүгээс УИХ-ын дарга З.Энхболдод хандан 14 хоногтоо багтаан Тавантолгойн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн билээ. УИХ-ын даргын зүгээс Тавантолгойн гэрээ УИХ-аар орсон тохиолдолд энэ асуудлыг яаралтай хэлэлцэхээр болсон.

Тавантолгойн асуудлаас болж намын бүлгүүд хоёр хуваагдаад буй. Иймд Ерөнхийлөгч хүртэл УИХ-аар Тавантолгойг хэлэлцэх шаардлагагүй гэж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *