УИХ-ын намрын ээлжит чуулган хоёрдугаар сарын 10-ны өдөр завсарлана. Тодруулбал, УИХ-ын Дэгийн тухай хуулийн 15.1-т УИХ-ын намрын чуулган аравдугаар сарын 1-ний өдрөөс хоёрдугаар сарын 10-ны хооронд ээлжит чуулган завсарлана гэж заасан байдаг. Гэвч намрын ээлжит чуулган завсарласаны дараа ээлжит бус хуралдааныг зарлах шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан юм. Тодруулбал, нэгдүгээр сарын 13-ны өдөр хуралдсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн 1.6-т зааснаар 2017 оны эхний улиралд УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулан энэхүү зөвлөмжийн 1.1-.1.4-т заасан асуудлыг хэлэлцэж, Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрийг батлах, 2.1-т энэхүү зөвлөмжийн 1.1-1.4-т заасан хууль, шийдвэр, хөтөлбөрийн төслийг 2017 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн дотор боловсруулж, УИХ-д өргөн барих гэсэн зөвлөмжүүдийг өгсөн. Тиймээс ч УИХ-ын дарга М.Энхболд энэ үеэр ээлжит бус чуулган зарлана гэдгээ ч онцолсон билээ.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжид:
- 1.1-т Агаар, ус, хөрсний бохирдол гамшгийн түвшинд хүрсэн гэж үзэж, онцгой байдлын горимоор ажиллах, гамшгийн бүс тогтоож хориглох зүйлсийг гаргах, нүүлгэн шилжүүлэх, нөхөн сэргээх, дахин төлөвлөх үйл ажиллагааны эрх зүйн орчинг сайжруулж холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах,
- 1.2-т Төрийн захиргааны төв байгууллагууд, төмөр зам, их дээд сургуулиуд, тэдгээрийг дагасан дэд бүтцийн байгууламжуудыг нүүлгэн шилжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх
- 1.3-т Агаар орчны бохирдлыг бууруулах, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүлээх үүрэг, хариуцлагын тогтолцоог бий болгох эрх зүйн орчинг бүрдүүлэх
- 1.4-т Орчны бохирдлыг бууруулахад иргэд, байгууллагын оролцоо, хамтын ажиллагаа, олон нийтийн хяналтыг хангах эрх зүйн орчин бүрдүүлэх зэрэг асуудлуудыг багтаасан.
Засгийн газраас дээрхи дөрвөн заалтад тусгасан хөтөлбөрийг батлах, хууль эрх зүйн орчныг сайжруулж, УИХ-д хоёрдугаар сарын 20-ны дотор өргөн барих үүрэг хүлээсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн 1.5-д Агаар, орчны бохирдлын асуудлыг УИХ-ын чуулган бүрийн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусган хэлэлцэж байх, шаардлагатай тохиолдолд ээлжит бус чуулган хуралдуулах гэж заасан юм. Мөн 1.6-т зааснаар 2017 оны эхний улиралд УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулан энэхүү зөвлөмжийн 1.1-.1.4-т заасан асуудлыг хэлэлцэж, Агаар, орчны бохирдлууг бууруулах үндэсний хөтөлбөрийг батлах гэж заасан нь УИХ-ын ээлжит чуулган завсарласаны дараа ээлжит бус хуралдааныг зарлаж магадгүй гэсэн хүлээлт үүсгээд байна.