Categories
мэдээ улс-төр

Ээлжит бус чуулган хориодхон хором үргэлжлээд завсарлалаа

Засгийн газрын хувь заяаг эцэслэн шийднэ хэмээн олон нийт хүлээж байсан УИХ-ын ээлжит бус чуулган ердөө л 20-иодхон хором үргэлжиллээ. Өглөө арван цагт эхлэхээр товлогдсон тус хурал ирц бүрдэхгүй байгаа шалтгаанаар 11.40 цагт эхэлсэн юм. Чуулган 57.9 хувийн ирцтэйгээр хэлэлцэх асуудалдаа орлоо. Ээлжит бус чуулганыг УИХ-ын дарга М.Энхболд нээж цөөн хором үг хэлсэн. Дараа нь Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг Д.Тогтохсүрэн гишүүн танилцуулсан юм. Наймдугаар сарын 30-ны өдөр тус байнгын хороогоор нэр бүхий 30 гишүүний санал болгосон Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж, огцруулах саналыг дэмжээгүй гэлээ. Танилцуулга сонссоны хойно Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат санал гаргаж, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа түүнийг нь хүндэтгэж буйгаа илэрхийлсэн юм. Тэрбээр тодорхойгүй хугацаагаар завсарлага хүссэнээр чуулган завсарлав. Чуулганы танхимд хэн, юу хэлснийг та бүхэнд бүтнээр нь хүргэж байна.


М.ЭНХБОЛД: ИЙМ ҮЛ ОЙЛГОЛЦЛЫГ УДААН АЖИГЛАЖ СУУХ, ӨДӨӨН ТУРХИРАХ ЭРХ УЛСТӨРЧ БИДЭНД БАЙХ ЁСГҮЙ

УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж УИХ-ын дарга М.Энхболд ийнхүү хэллээ.

-2016 оны сонгуулиар ард түмэн МАН-д асар их итгэл хүлээлгэсэн. МАН сонгуулийн үр дүнд үнэмлэхүй ялалт байгуулан УИХ-д 65 суудлыг авч чадсан. Энэ удаагийн УИХ-ын сонгууль ард түмний итгэл хүлээлт хоёр дээр суурилсан гэдгийг би хэлэхийг хүсч байна. Сонгуулийн өмнөхөн эдийн засгийн өсөлт -1,6 хувьд хүрлээ. Төсвийн алдагдал 1,2 их наяд төгрөгт хүрсэн. Монгол Улс төлбөрийн чадваргүйд тооцогдоход ойрхон байсныг та бүхэн санаж байгаа байх. Өнгөрсөн хугацаанд ОУВС-тай хамтран өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэнээр Монгол Улсын санхүү, эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сайжран гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдсэнийг дурдах нь зүйтэй гэж үзэж байна.

2017 оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн бодит өсөлт 5,3 хувьд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 4 пунктээр өссөн байна. Эдийн засаг сэргэх энэхүү байдал нь өөрөө аяндаа бий болоогүй. Энэ бүхэн төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг сайжруулж, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэр бий болгох, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах, зарлагын үр ашгийг дээшлүүлэх талаар та бидний гаргасан бодлогын шийдвэр амжилттай хэрэгжсэний үр дүн юм.

Эрхэм гишүүд ээ, энэхүү ээлжит бус чуулганаар Засгийн газар, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр та бид цуглаад байна.

Сүүлийн өдрүүдэд энэ асуудал нь зөвхөн эрх баригч намын дотоод асуудал биш болон хувирч, ард иргэдийг талцуулан хуваасан, үл ойлголцсон байдалд хүргэж байгааг хэлэх нь хэрэгтэй байна. Ийм үл ойлголцлыг удаан ажиглан суух, өдөөн турхирах эрх улстөрч бидэнд байх ёсгүй юм. Энэхүү ээлжит бус чуулганаар хэлэлцэх Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах асуудалд гишүүн болгон нухацтай хариуцлагатай хандаж төр засаг тогтвортой байх нөхцлийг бүрдүүлж, олон нийтийн хуваагдал үл ойлголцол эцэс болж, улс орны өмнө хүлээгдэж байгаа нийгэм, эдийн засгийн илүү чухал асуудалд та бид анхаарал хандуулж ажиллах нь чухал гэдгийг хэлэхийг хүсч байна.

УИХ-ын ээлжит бус чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдье гэв.


Ж.ЭРДЭНЭБАТ: ШАДАР САЙДЫГАА ТАГНАЖ ЧАГНАСАН ГЭСЭН АСУУДЛЫГ ЭЦЭСЛЭЖ, БАЙНГЫН ХОРООДООР ХЭЛЭЛЦҮҮЛЖ ӨГӨХИЙГ ХҮСЧ БАЙНА

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлэхдээ:

-Саяхан нэр бүхий гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэтбат миний биеийг огцруулах саналыг УИХ-д гаргасан байгаа. Гэхдээ энэ огцруулах хүсэлт гаргахаас өмнө нийгэмд сошиалд ард түмний дунд нэгэн мэдээлэл тархсан. Үүнийг манай гишүүд бүгдээрээ мэдэж байгаа байх. Тэр нь юу гэхээр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнасан чагнасан гэсэн зүйлийг хэвлэл мэдээллийн байгууллагуудаар нэлээд их явуулсан. Миний бие бодохдоо энэ тагнасан чагнасан гэсэн мэдээлэл нь олон хүнд эргэлзээ тээнэгэлзээ төрүүлсэн. Тэр битгий хэл ард түмний дунд ч гэсэн үнэхээр энэ Ж.Эрдэнэбат гэдэг хүн Шадар сайдыгаа тагнаж чагнасан юм байна гэсэн эргэлзээ төрсөн байгаа. Энэ асуудлыг би шийдүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд наймдугаар сарын 22-ны өдөр албан бичгээр хүсэлт гаргуулсан. Үүнийг хаалттай байдлаар хэлэлцүүлж өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Мөн есдүгээр сарын 1-ний өдөр Тусгай хяналтын дэд хороонд бас хүсэлт гаргасан байгаа. Энэ асуудлыг хэлэлцэж, ямар нөхцөл байдал үүссэн юм бэ гэдгийг тодорхойлж өгөөч гэж хүссэн. Би залуу хүн цаашдаа ийм нэр хүндээ унагаасан асуудалд холбогдож явах сонирхол байхгүй. Өнөөдрийн хурлаар ямар ч шийдвэр гарсан бай Ерөнхий сайд нь Шадар сайдыгаа тагнаж чагнасан гэсэн асуудлыг эцэслэж, байнгын хороод болон дэд хороогоор хэлэлцүүлж өгөхийг хүсч байна. Энэ хүсэлтийг маань хүлээж аваач гэж УИХ-ын даргаас хүсэх байна гэсэн юм. Түүнийг санал хэлсний дараа УИХ-ын дарга М.Энхболд “Ерөнхий сайд тодорхой санал тавьж байна даа. Гишүүний эрхийг анхаарч үзэх ёстой байх” гэж дуугарав.


Д.ХАЯНХЯРВАА: ТУСГАЙ ХЯНАЛТЫН ДЭД ХОРООГООР МЭДЭЭЛЭЛ СОНСООД, ШИЙДВЭР ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа ярихдаа:

-Өнөөдөр үүссэн нөхцөл байдал манай намын дотоод асуудал гэхээсээ илүү төрийн асуудал руу орчихоод байна л даа. Сая Ерөнхий сайдын хэлсэн саналыг хүндэтгэж үзэх ёстой гэж би бодож байна. Манай бүлгийн дийлэнх гишүүд 30 гаруй хүн одоо бүлгийн даргын өрөөнд байна. Өнөөдөр бид энэ хуралдаанд орохгүй. Хэрэв энэ асуудлыг Тусгай хяналтын дэд хороогоор шийдэж өгөхгүй бол бид сөрөг хүчинтэйгээ нийлж засгаа унагах шийдвэр гаргамааргүй байна гээд сууж байгаа. Тагнасан чагнасан асуудлаар би байр сууриа тодорхой илэрхийлж байсан. Өөрөөр хэлбэл өнөөдөр нийгэмд юу явчихав гэвэл тагнасан чагнасан гэдэг асуудалд холбогдсон хоёр хүний хэн буруутай нь тодорхойгүй болсон. Нэг хэсэг нь дээрээс үүрэг өгөөд У.Хүрэлсүхийг хэлмэгдүүлэх гэж байна гэж нийгэмд цацсан. Нийгэм тийм ойлголттой болсон. Нөгөө хэсэг нь Ерөнхий сайд өөрөө үүрэг өгөөд, нөгөө нөхрөө тагнуулж чагнуулаад араас нь бас хууль хяналт, хүчний байгууллагуудад үүрэг өгөөд энэ асуудлыг хүчээр шийдэх гэж оролддог юм байна гэсэн хандлага нийгэмд бий болчихоод байна. Үүнийг бид ямар ч тохиолдолд нэг талд нь гаргах ёстой. Хууль хяналтын байгууллагуудын үйлдэл буруу бол бид заавал сонсох ёстой гэж бодож байна. Би Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын саналыг хүндэтгэж байна. Яагаад гэвэл энэ хүн ямар нэг байдлаар үнэн зөвөө олох ёстой. Бид ч тодорхой түвшинд мэдээлэл сонсъё гэж байгаа юм. Бид хэргийн материалтай танилцъя гээгүй. Тусгай хяналтын дэд хороогоор тэр мэдээллийг нь сонсоод, түүнд үндэслэж шийдвэр гаргах шаардлага байна. Та бүхэн бүгд мэдэж байгаа. Хууль хяналтын байгууллагын энэ нэг заваан юмыг нэг талд нь гаргаж шийдэх хэрэгтэй. Цаашдаа энэ хэргийг энэ хоёр хүний хэн нэг нь хийсэн бол хуулийн хариуцлага үүрэх ёстой. Энэ хоёр хүн хийгээгүй тусгай албад хийсэн бол энэ нийгэмд амьдрахад бэрх болж байна гэж олон хүн хэлж байгаа. Тийм учраас тусгай хяналтын дэд хороо хуралдах хүртэл бүлэг завсарлага авъя гэлээ.

Завсарлага авна гэсэн үгийг сонсоод УИХ-ын танхимд эсэргүүцсэн дуу хоолой сонсогдов. Харин УИХ-ын дарга М.Энхболд “Бүлгийн дарга завсарлага гуйж байгаа учраас завсарлага өгч байна” хэмээн эрсхэн хэлээд, алхаа тогшсоноор чуулган завсарлав. Тусгай хяналтын дэд хороо хуралдтал гэсэн тодорхойгүй хугацаа хэлж, МАН-ын бүлэг завсарлага авсан учраас хүлээх л үлдлээ.

Б.ЭГШИГЛЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *