Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Ээж бүхний дуу хоолой” цуглаан үргэлжилж байна

Фэйсбүүкийн “Ээж бүхний дуу хоолой” группын гишүүдийн “Ээж бүхний дуу хоолой” цуглаан хоёр дахь өдрөө Чингис хааны нэрэмжит төв талбайд үргэлжилж байна. Тэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг ирэх хаврын чуулганаар УИХ-д өргөн барихыг шаардаж буй аж.

“Ээж бүхний дуу хоолой” группын гишүүн н.Уянга “Энэхүү хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа хүүхдийн байгууллага, хүний эрхийг хамгаалах ТББ-ууд, хүчирхийллийн эсрэг үндэсний төв зэрэг холбогдох байгууллага, иргэний санаа бодлыг хэрхэн тусгасныг мэдэх зорилгоор олон нийтийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж буй. Бид энэ хуулийг үнэн бодитой хүүхдийг хамгаалдаг, дахиж хүчирхийлэл гаргах үндэсгүй хууль байгаасай гэж хүсч байна” хэмээн ярьсан.

Мөн өнөөдөр 18.00 цагт “Ээж бүхний дуу хоолой” группын 9000 гаруй ээжүүдийн анхдугаар чуулга уулзалт “Улаанбаатар чуулга”-ын танхимд болж, тэд дуу хоолойгоо нэгтгэх гэнэ.

Хүчирхийллийн эсрэг тэмцэж буй эдгээр үйл ажиллагаанд аавууд, эрэгтэйчүүдийн дуу хоолой хэрэгтэй байгааг ээжүүд онцолж байсан. Тэднийг дэмжиж буй иргэд хажуугаар нь өнгөрөхдөө ирж уулзан, 5-10 минутын хугацаанд лоозон барьж зогсон, цуглаанд нэгдэж байлаа. “Ээж бүхний дуу хоолой” цуглаан гуравдугаар сарын 8-ны өдрийг хүртэл өдөр бүр 12:00-15:00 цагийн хооронд үргэлжилнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *