Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан ахалж байгаа аж. Ажлын хэсэг нийт дөрвөн удаа хуралдаж, зарчмын зөрүүтэй 17, найруулгын шинжтэй 11 нийт 28 саналыг боловсруулсан байна. Тухалбал, нийгмийн сүлжээнд нэрээ нуусан хаягаас бусдын нэрээр орохыг хориглох арга хэмжээг авах зорилгоор харилцаа холбооны үйлчлэгч нь хэрэглэгчийг регистрийн дугаараар нь бүртгэх, зах зээлд давамгай хуулийн этгээд хамаарал бүхий этгээдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож өрсөлдөөний тэгш нөхцөл байдал үүсгэж байгааг хязгаарлах зохицуулалтыг төсөлд нэмж тусгах аж.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тодруулга авсан юм.
Я.Содбаатар: Сошиал орчныг гаднын бүх оронд аюулгүй байдалтай холбоотойгоор тодорхой хязгаарлалтыг хуульдаа тусгасан. Олон орны улс төрийн сонгууль нийгмийн сүлжээтэй холбоотойгоор маргаан, мэтгэлцээн гарч байна. Манай улсад цаашдаа энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ. Хүн амын тоотойгоо харьцуулахад манайх хамгийн их фэйсбүүк хэрэглэгчтэй гэж ярьдаг. Энэ нь нөгөө талдаа үндэсний аюулгүй байдалд хэр харшилж байна вэ. Энэ асуудлыг тодорхой хэмжээгээр зохицуулах ёстой. Тухайн хүн өөрийнхөө регистр, овог, нэрээрээ фэйсбүүк рүү нэвтэрч ордог байх нь зөв. Германы энэ зохицуулалтыг хийхгүй бол манай улсад мэдээллийн аюулгүй байдлын асуудал хөндөгдөх магадлалтай.
Ажлын хэсэг: Одоогоор яамдаас санал авч байгаа Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн үзэл баримтлалд Цахим халдлагатай тэмцэх үндэсний төвийг байгуулах заалт орж байна. Тус төв байгуулагдсанаар цахим мэдээллийн аюулгүй байдлын түвшин дээшилнэ гэж үзэж байгаа. Одоо бол ТЕГ, Батлан хамгаалахын яам холбогдох газруудад тус тусдаа байгаа ч нэгдсэн бодлого төлөвлөлт, гадаад харилцаа байхгүй. Мөн утасны дугаарыг бүртгэлжүүлэх ажил хийгдэж байгаа. Өнгөрсөн онд хүүхэд хамгааллын чиглэлээр Засгийн газраас тогтоол гарч гар утасны дугаарыг бүртгэлжүүлэх үүрэг өгсөн. Энэ зургаан сард хэрэгжилтийг танилцуулна. 2016 оны байдлаар 650 мянган бүртгэлгүй утасны дугаар байсан бол одоо 42 мянга болж буурсан. Цахим орчинд домайн хаягийн асуудлыг энэ хуулиар зохицуулна. Сошиал орчин хяналтгүй байгаатай холбоотой хүний эрхийн асуудал хөндөгдөж эхэлсэн. “Фэйсбүүк” компанитай хамтран ажиллахаар хэд хэдэн удаагийн уулзалт хийж, тодорхой асуудлууд дээр тохирсон. Олон нийтийн сүлжээгээр буюу фэйсбүүкээр бусдын эрхэнд халдсан иргэний шинжтэй зөрчлийн үйлдлийг ирлүүлэх, хаах бол Харилцаа холбооны зохицуулах газартай, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэх бол цагдаагийн байгууллагатай, үндэсний аюулгүй байдалтай холбоотой бол тагнуулын байгууллагатай хамтран ажиллахаар тохиролцсон. Харин “Фэйсбүүк” компанийн зүгээс хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох шаардлага тавьсан. Тиймээс Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөлд нарийвчлан тусгаж өгч байгаа юм.
Д.Эрдэнэбат: Хууль байгууллага, иргэний эрхийг хамгаалахад чиглэдэг. Аливаа төрийн захиргааны байгууллага хуулийн хүрээнд журам боловсруулж ажилладаг. Гэтэл журмаар зохицуулах боломжтой зүйлийг яагаад хуульд өөрчлөлт оруулж байгаа юм бэ. Шуудангийн маркийг хувийн компани үйлдвэрлэж байгаа асуудлаас болоод Засгийн газартай холбохоор хуульд өөрчлөлт оруулах гээд байна. Радио долгионы тухай хуульд оруулах өөрчлөлт нь өөртөө эрх авах гэсэн л зүйл. Гэтэл бусдыг гүтгэдэг доромжилдог зүйлд хийх хяналттай холбоотой өөрчлөлт оруулж ирэхгүй байна. Бид орчлонгоос тасарчихаад байна. Тулгамдсан асуудлаа хэлэлцэхгүй байж ерөнхий зүйлд цагаа зарж байгаа нь харамсалтай.
Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир: Орж ирж байгаа хууль болгон төрийн байгууллагууд эрх мэдлээ нэмэгдүүлэхэд чиглэж байна. Үүний нөлөөгөөр хүнд суртал нэмэгдэж байгаа нь үнэн.
Ажлын хэсгийн ахлагч Б.Жавхлан: Хүний эрх ноцтойгоор хөндөгдөж байгаа нь үнэн. Гэхдээ одоо бид технологийн өөрчлөлтүүдийг хийнэ. Хүний эрхийн асуудал салбар хуулиудаар зохицуулагдана. Харин эдгээр хуульд өөрчлөлт оруулснаар технологийн хувьд зохицуулах боломжтой болно. Технологийн салбар маш хурдацтай хөгжиж байна. Бид хоцрохгүйн тулд төрийн хяналт тавих процессийг мөн хурдтай өөрчлөх шаардлагатай. Тэгэхээр хяналтыг ерөнхий байдлаар орхигдуулбал хоцрогдох аюултай. Гэмт хэргийг хязгаарлах, мэдээллийн нууцлалын аюулгүй байдал зэрэг нь салбар хуулиар зохицуулагдана. Харин суурь хуулиар гэмт хэргийг хязгаарлах техникийн боломжуудыг зааж өгөх юм.
Х.Болорчулуун: Улсын хэмжээнд хэчнээн телевиз байна вэ. Стандартын шаардлага хангахгүй телевиз олон байна. Олдвол өлдөнө гэдэг. Энэ олон телевизээр худал мэдээлэл цацдаг. Тоог нь багасгах хэрэгтэй.
Ажлын хэсэг: Улаанбаатар хотод өргөн нэвтрүүлгийн 20, кабелын 62, орон нутаг кабелын 65 телевиз байна. Ажлын хэсэг бүх телевизэд мониторинг хийж эхэлсэн. Удахгүй шалгалтын дүн гарна. Шаардлага хангахгүй зөвхөн сонгуулийн үед ашигладаг кабелын суваг ч байна. Техник технологийн хувьд стандартын шаардлага хангахгүй нь ч бий.
Л.Энх-Амгалан: Харилцаа холбоог зохицуулах гол хуулиуд орж ирж байна. Цахим бодлогын хороогоор энэ асуудал орсон уу. Дэд хорооны дүгнэлт гарах ёстой.
Цахим бодлогын дэд хорооны дарга Н.Учрал: Энэ хуулийн төслийг манайд өгч, хэлэлцүүлэг өрнүүлэх саналыг УИХ-ын даргад гаргасан ч шууд Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Санал дүгнэлтээ гаргах боломж олгоогүй. Үүнээс гадна салбарын гурван хууль нэмж орж ирнэ. Энэ гурван хуулийг цахим бодлогын хороонд шилжүүлж өгвөл бид хэлэлцүүлэг хиймээр байна. Мэдээллийн аюулгүй байдал манайд эмзэг.
Дашрамд, Харилцаа холбооны хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журам, зааврыг Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батлахаар ерөнхий байдлаар төсөлд тусгасныг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн батлах журмуудыг тодорхой болгож өөрчлөн найруулах. Харилцаа холбоо, мэдээлэл технологийн талаарх зохицуулалтуудыг төсөлд тусгасан нь зарим талаар Төрийн аудитын тухай хуульд давхардсан байсныг уг давхардлыг арилгах зорилгоор холбогдох саналыг боловсруулжээ.
Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зургаан асуудлаар бодлого боловсруулж хэрэгжилтийг хангахаар төсөлд тусгасан боловч уг бодлогын баримт бичгүүдийг батлах субъект тодорхойгүй, олон тооны бодлогын баримт бичгийг тус тусад нь батлахаар ойлгогдож байсан тул Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэн Засгийн газраас батлах Үндэсний хөтөлбөрийн хүрээнд дээрх бодлогын баримт бичгүүдийг Засгийн газар батлахаар өөрчлөн найруулахаар боллоо.