Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос хэвлэлийн хурал зохион байгуулж, 2017 оны намрын ээлжит чуулганы хугацааны үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.
Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хорооны үйл ажиллагаа нь эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд банк, санхүүгийн чиглэлээрх багц хууль тогтоомжуудыг хэлэлцэн батлуулах, төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийг тодорхойлох, 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл болон олон улсын зарим гэрээ, хэлэлцээрийн төслийн талаар Байнгын хорооны санал дүгнэлт гаргаж, хэлэлцүүлэх, зарим яам, газруудад үүрэг чиглэл өгөх, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл, ярилцлага зохион байгуулах зэрэгт чиглэгдсэн болохыг Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир танилцуулав.
Намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо 22 удаа, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо 1 удаа, ажлын хэсгүүд 30 гаруй удаа тус тус хуралдсан бөгөөд хууль тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 10-аад ажлын хэсэг байгуулагдан ажилласан байна. Ийнхүү ээлжит чуулганы хугацаанд нийт 39 хууль, 9 тогтоолыг эцэслэн батлуулж, Олон улсын 1 гэрээ, хэлэлцээрийн төслийг хэлэлцсэн болохыг тэрбээр мэдээллээ.
Тухайлбал, Улсын Их Хурлаар хэлэлцэн баталсан Төрийн 2018 оны мөнгөний бодлого нь эдийн засагт 2017 онд ажиглагдаж эхэлсэн эерэг хандлага, зарим нааштай үр дүнг хадгалж бэхжүүлэх, банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, макро эдийн засгийг тогтворжуулахад чиглэгдсэн байна. Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд банк, санхүүгийн чиглэлээрх багц хуулийн төслүүдийг хэлэлцэн батлуулсан нь ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хорооноос зохион байгуулсан томоохон арга хэмжээ болжээ.
Түүнчлэн Монголбанкны хараат бус, бие даасан байдлыг хангах, Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамтын удирдлагын зарчим нэвтрүүлэх, Монголбанкны засаглалын бүтэц, зохион байгуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх, мөнгөний бодлогын хэрэгжилтийг сайжруулах, Монголбанкны үйл ажиллагааг ил тод, тодорхой болгох, Монголбанкны үйл ажиллагаанд өмнө нь гарч байсан алдаа дутагдлыг дахин гаргахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг агуулгаар Төв банкны тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулсан юм.
Банк үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлагад тавих шалгуурыг сайжруулах, зээлийн төвлөрлийг шинэчлэн тодорхойлж банкны эрсдлийг бууруулах, банканд авах албадлагын арга хэмжээг зөвхөн зөрчил гарсны дараа бус, зөрчил үүсч болзошгүй эрсдэлийн түвшинд хүрсэн тохиолдолд урьдчилан сэргийлэх байдлаар хэрэгжүүлж, банк, санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний эрх зүйн үндэслэлийг шинээр хуульчлах, албадлагын арга хэмжээний үр нөлөөг нэмэгдүүлэх, албадлагын арга хэмжээг банкны хяналт шалгалтаар тогтоосон дутагдал, эрсдэлийн түвшинд үндэслэдэг байх зэрэг агуулгаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулж баталсан нь эрсдэл даах чадвартай, санхүүгийн хувьд бэхэжсэн банкны тогтолцоо бүрдэж, эдийн засгийн хүндрэлийг даван туулах суурь нөхцөл бий болоход чухал түлхэц болно хэмээн үзэж байгаагаа тайлбарлав.
Эдийн засгийн байнгын хорооны гишүүн Б.Баттөмөр Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн батлуулсан нь Хадгаламжийн даатгалын корпорацийн үйл ажиллагааны бие даасан байдал сайжирч, хадгаламжийн даатгалын олон улсын үндсэн зарчимд нийцэх, банк, санхүүгийн салбарын тогтвортой байдал хангагдахад дэмжлэг үзүүлэхач холбогдолтой болохыг танилцуулсан юм. Улмаар улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, банкны хүндрэлээс үүссэн хохирлыг хадгаламжийн даатгалын сан хариуцах тогтолцоо төлөвшиж, сангийн хөрөнгийг үр ашигтай оновчтой удирдах боломжийг бүрдүүлэх, хадгаламж эзэмшигчдийн эрх ашиг хамгаалагдах зэрэг эерэг үр дагаврыг бий болгоно гэдгийг тэрбээр тэмдэглэлээ.
Ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний нийт яам, газруудын үйл ажиллагааны явц байдал, тулгамдсан асуудлаарх мэдээлэл, ярилцлагыг 6 удаа зохион байгуулсны зэрэгцээ тэдгээр яам, газруудаас яаралтай шийдвэрлэвэл зохих асуудлаар санал авч, холбогдох арга хэмжээг төлөвлөн зарим асуудлаар шийдвэрийн төслүүд боловсруулж байгаа аж. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн 1072 ширхэг хувьцааны талаар болон банкны зээлийн хүү бууруулах зах зээлийн орчин бүрдүүлэх талаар Засгийн газар холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх Байнгын хорооны тогтоолын төслүүдийг боловсруулаад байгаа талаар Д.Дамба-Очир дарга сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Эдгээр тогтоолын төслийн талаар санал авах ярилцлагыг арилжааны томоохон 6 банкны захирлууд, Монголын банкны холбооны удирдлага, “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс-Тавантолгой” ХК, Монголын хөрөнгийн бирж, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн төлөөллүүдийг оролцуулан зохион байгуулсан байна.
Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа, ипотекийн зээл олголтын талаар сэтгүүлчдэд танилцуулаад, мэдээллийг өгсөн юм. Ийнхүү хэвлэлийн хурлын төгсгөлд Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Б.Ундармаа нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
One reply on “Эдийн засгийн байнгын хороо 2017 оны намрын чуулганы ажлаа тайлагнав”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru