Categories
мэдээ спорт

Э.Содномпэлжээ хэвтээ шахалтын дэлхийн аварга боллоо

Финланд Улсын Ванта хотод пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын хэрэглэлгүй төрлийн ДАШТ боллоо. Тус тэмцээнд “Рио-2016” паралимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ IPF-н хэвтээ шахалтын ДАШТ-ий 105 кг-д жингийн рекордыг хоёр удаа шинэчлэн тогтоож, 242.5 кг-ыг шахаж аваргаллаа.

Э.Содномпилжээгийн хувьд өнгөрөгч оны гуравдугаар сард Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, алтан медаль хүртсэн билээ.

Тэрбээр дэлхийн цомын тэмцээнд хоёр жил дараалан мөнгөн медаль хүртэж байсан бол ийнхүү медалийн өнгөө хувиргаж алтан медалийг энгэртээ зүүв.

Үүнээс өмнө Унгар Улсын Эгер хотноо болсон пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд жин өгсөж 97 кг-д хүч үзэж, шинэ жиндээ 221 кг өргөж дэлхийн цомын аварга болж, аварга цолоо дахин баталсан юм.

Харин энэ удаад ДАШТ-нээс аваргын алтан медаль хүртэж, 105 кг жингийн рекордыг нэг дор хоёр удаа шинэчилж, 242.5 кг шахаж, “Raw” төрлөөр Монгол Улсын анхны дэлхийн аварга, рекордын эзэн боллоо.

Э.Содномпилжээ Риогийн олимпоос хойш оролцсон тэмцээн бүртээ ийнхүү амжилттай оролцож, эх орныхоо нэрийг дэлхийн дахинаа олонтаа дуурсгаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *