Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Мөнх: Судалгаанд оролцсон эмч, мэргэжилтнүүдийн 70 орчим хувьд нь сэтгэл гутрал илэрсэн

-СУДАЛГААГААР ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЭМЧ, АЖИЛЧДЫН АЖЛЫН ОНЦЛОГ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ГЭР БҮЛИЙНХЭН НЬ ОЙЛГОХГҮЙН УЛМААС БҮЛ САЛАХ ХЭМЖЭЭНД ХҮРСЭН, САЛСАН Ч ГЭХ ТОХИОЛДОЛ БАЙСАН-


Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн сэтгэл засал эмчилгээний багийн ахлагч Э.Мөнхтэй эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын сэтгэл зүйн онцлогийн талаар ярилцлаа.


-Сэтгэцийн эрүүл мэндийн талаар сүүлийн үед ямар нэгэн судалгаа хийсэн болов уу?

-АШУҮИС-ийн халдварт өвчин судлалын тэнхим болон сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн багш судлаач нарын хамтарсан баг, мөн ХӨСҮТ, СЭМҮТ-ийн эмч судлаач нар хамтран судалгаа явуулсан. Судалгаанд 21-63 насны, 435 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан (131 эмч, 113 сувилагч, 17 тархвар судлаач, 8 био-анагаах судлаач, 67 эмнэлгийн мэргэжилтэн, 99 бусад ажилтан) хамрагдсан. Судалгаанд хамрагдсан эмч, эмнэлгийн ажилчид нь цар тахлын үед хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд ажиллах боловсон хүчний мэргэжлийн бэлтгэл, бэлэн байдал дутмаг (30.2 хувь), багаж тоног төхөөрөмж дутагдалтай (27.6хувь), одоо ашиглаж буй тоног төхөөрөмжийн хүчин чадал хязгаарлагдмал (21.4 хувь), эм урвалжийн хүрэлцээ хангалтгүй (20 хувь) байгаа нь тулгамдсан асуудал үүсгэж байна хэмээн хариулсан ба эмнэлгийн бусад ажилтнуудын 2.7 хувь нь машины сэлбэг, хэрэгсэл, цэвэрлэгээний материал дутмаг байна гэж хариулсан. Харин эмч, эмнэлгийн ажилчдын 29 хувь нь батлагдсан тохиолдлуудыг эмчлэх, тусгаарлагдсан өвчтөнтэй ажиллахад ямар нэг асуудалгүй байсан, 71 хувь нь тулгамдсан асуудалтай гэж хариулснаас тэдгээрийн 86.3 хувь нь үйлчлүүлэгчдийн харилцаатай холбоотой тулгамдсан асуудал, 15.7 хувь нь үйлчлүүлэгчид эмнэлгийн дотоод журам зөрчих, 3.5 хувь нь цар тахлын үед ажиллахад бидэнд туршлага дутагдаж байна гэж хариулсан байлаа. Мөн цар тахлын үед эмч, эмнэлгийн ажилчдад үүссэн тулгамдсан асуудлыг дэлгэрэнгүй авч үзвэл хамгаалах хувцастай удаан ажиллахад хүндрэлтэй, толгой их өвддөг болсон, ажлын ачаалал их, цалин хөлс, илүү цаг, урамшуулал хангалттай биш, гэр бүлийн орлого багассан, зээлтэй холбоотой асуудал үүссэн, халдвараас айх айдастай, халдварын эрсдэлтэй нөхцөлд ажиллах, нойр муудах, сэтгэл зүйн асуудалтай тулгарч байна, олон хоногоор тусгаарлагдаж ажиллахад хүүхэд харах хүнгүй гэх мэт гэр бүлийн зүгээс тулгамдсан асуудал үүсэх, хувийн хамгаалах хэрэгсэл болох иж бүрдэл хувцасны хэмжээ сонголт байдаггүй, жижиг бээлий олгодог, тусгаарлалтад ажиллаж байгаа эмч нар, ялангуяа резидент эмч нар хоол зөөх зэрэг маш олон хэлбэрийн асуудлууд тулгарч байна.

-Монгол Улс дотооддоо коронавирусийн цар тахлыг алдсанаас хойш эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын ачаалал, стресс тэдний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байна?

-Дэлхий нийтэд хийгдэж буй судалгаанууд болон бидний судалгаанд SARS-CоV-2 вирусийн халдвартай хүнийг шууд ба шууд бусаар эмчлэх, айдас, хагацлыг мэдэрсэн, амь насанд нь аюул заналхийлсэн биеийн байдал хүнд хүмүүстэй харилцах, өөрөө халдвар авахаас айж түгших, бусдад халдвар дамжуулах вий гэсэн санаа зовнил, зайлшгүй шаардлагаар илүү цагаар, олон хоног ажиллах, ажлын хэт их ачаалал, халдварын нөхцөлд ажиллахад сэтгэл зүйн хувьд бэлэн биш байх, хамт олон, удирдлагын дэмжлэг дутмаг байх, тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, хувцас хэрэгслийн нөөц дутмаг байх, нийгмийн зүгээс эрүүл мэндийн салбарын эмч ажилчдыг гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах үзэгдэл зэргийн улмаас эрүүл мэндийн салбарынхны сэтгэл зүйд хүчтэй стрессийн нөлөөлөл үзүүлж, улмаар сэтгэл зүйн болон бие махбодын ачаалал ихтэй, удаан хугацаагаар ажилласны улмаас сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд болон ажлаас халшрах хам шинж үүсч байна. Дээрх асуудлуудын улмаас эмч, эмнэлгийн ажилчдын анхаарал сулрах, дархлаа буурахад нөлөөлж өөрсдөө халдварт өртөх эрсдэл ч үүсч байх талтай.

-Нийгмийн харилцаанд удаан хугацаанд орохгүй, халдварын голомт, улаан бүс, тусгаарлах байранд байна гэдэг эмч, эмнэлгийн ажилчдад амаргүй байдаг байх?

-Энэ цаг хугацаанд нийгмийн харилцаанд орохгүй тусгаарлагдан ажиллаж байгаагийн улмаас эмч, мэргэжилтнүүдийн харилцааны хэрэгцээ нь хумигдаж, стресст өртөх, ганцаардах, сэтгэл гутрах шинжүүд илэрч болзошгүй. Судалгаанд оролцсон эмч, мэргэжилтнүүдийн 70 орчим хувьд нь сэтгэл гутрал илэрсэн. Түүнчлэн 5.8-9.1 хувьд нь ажлаас халшрах хам шинж илэрсэн. Ажлаас халшрах байдал нь харьцангуй бага илэрч байгаа юм шиг ойлгогдож байгаа байх. Гэвч ажлаас халшрах байдал буюу ажлаас халшрах хам шинж нь үндсэн гурван бүлэг шинжээр илэрдэг бөгөөд нэгдүгээрт тухайн хүнд сөрөг сэтгэл хөдлөлүүд болох айх, түгших, сэтгэл гутрах, эргэлзэх, тээнэгэлзэх зэрэг шинжүүд илэрдэг. Энэ нь судалгаанд оролцогчдын 73.4-89.7 хувьд, хоёрдугаарт үйлчлүүлэгчээ сэтгэлээрээ мэдрэх чадвар буурах шинж гэж илэрдэг бөгөөд 70.7-73.4 хувьд, гуравдугаарт хувь хүний ажлын бүтээмж буурах шинж илрэх ба 70.7-78.8 хувьд нь тус бүр бага түвшнээс их түвшинд илэрсэн байсан. Харин эхэнд дурдсан 5.8-9.1 хувь гэдэг нь саяын дурдсан гурван бүлэг шинж гурвуулаа их түвшинд илэрсэн оролцогчдын эзлэх хувь юм. Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнууд нь сэтгэл гутралд өртөх, хүчтэй стресст өртөх, хүчтэй стрессийн улмаас дархлаа нь дарангуйлагдсан бол 4.4-4.9 дахин их ажлаас халшрах хам шинжид өртөж байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Мөн судалгаагаар эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын ажлын онцлог нөхцөл байдлыг гэр бүлийнхэн нь ойлгохгүйн улмаас гэр бүл салах хэмжээнд хүрсэн, салсан ч гэх тохиолдол байсан.

-Сүүлийн үед коронавирусийн халдвараар өвчилсөн иргэдийн дунд нас баралт ихэсч байна. Асарч, эмчилж байсан өвчтөн нь нас барах, цаашлаад өөрсдөө халдвар авах өндөр эрсдэлтэй голомтод ажиллах нь сэтгэл түгших, айдаст автуулах эрсдэлтэй болов уу?

-Биеийн байдал хүнд өвчтөнүүдтэй ажиллах, эмчлүүлэгч нас барах нь тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдийн хувь хүний сэтгэл зүйн онцлог, ажлын туршлага, шаардлагатай бүхий л тусламж үйлчилгээг үзүүлсэн ч үр дүнгүй байх, улмаар ар гэрийнхний харилцаа хандлага зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан эмч мэргэжилтэн бүрд сэтгэл зүйн өөр өөр нөлөөллийг үзүүлэх болов уу. Бидний судалгаанд хамрагдсан оролцогчдын тухайд 84-92.4 хувь нь халдвар авахаас айх айдастай, 19-34.8 хувь нь хүчтэй стрессорын нөлөөлөлд өртсөн байсан бол 23.6-51.1 хувьд сэтгэл түгшилт илэрсэн.

-Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, ажилчдын сэтгэл зүйд тулгамдаж байгаа асуудалд ямар хариу арга хэмжээ авч байна?

-Дээр дурдсан судалгааны ажлын үр дүнг судалгааны ажлын удирдагч ЭМЯ-нд мэдээлж, тайлагнан, зохих зөвлөмжийг хүргүүлэн ажилласан. Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн тухайд 2020 оны гуравдугаар сараас эхлэн зөөвөрлөгдсөн анхны тохиолдол бүртгэгдэх үеэс сэтгэл засал эмчилгээний багийн эмч нар маань багаараа УОК-ын шуурхай штабт ажиллан, энэ үеэс тусгаарлан ажиглах байруудад ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх сургалтыг зохион байгуулан ажилласан. Мөн манай төвийн эмч мэргэжилтнүүд, ЭМЯ, ЭМХТөвтэй хамтран үүрэг чиглэлийн дагуу эрүүл мэндийн салбарынхандаа “Эмч, мэргэжилтэн ажилтнууд өөрсдийн сэтгэл зүйг хэрхэн дэмжих, халдвараар өвдсөн иргэдийнхээ сэтгэл зүйг хэрхэн дэмжих, зан характерийн хувьд хэцүү үйлчлүүлэгчидтэй хэрхэн харилцах” чиглэлээр сургалтуудыг УБ хот төдийгүй орон нутгийн эрүүл мэндийн салбарынхандаа удаа дараа зохион байгуулж, мэргэжил арга зүйгээр хангаж ажилласан. Мөн УБ хотдоо төрөлжсөн тусламж үйлчилгээний төвүүдийн хүсэлтээр энэ чиглэлийн сургалтыг давтан явуулсан. Гарын авлага, тараах материал, эмч, мэргэжилтнүүдэд зориулсан видео бичлэгүүдийг бэлтгэн төвийн сайт, фэйсбүүк хуудас, ЭМЯ, УОК-ын шуурхай штаб, ОБЕГ-ын холбогдох сайт, фэйсбүүк хуудсаар түгээж ажилласан. Түүнчлэн зарим төрөлжсөн тусламж үйлчилгээний төвийн хүсэлтээр эмч, мэргэжилтнүүд маань тухайн эмнэлэгт хавсран ажиллах үүргийг ч гүйцэтгэж байна. Дээр дурдсан сургалтууд энэ өдрүүдэд ч үргэлжилж байна. Цар тахлын халдварын эхэн үед сургалтууд танхимаар зохион байгуулагдаж байсан бол одоо цахим хэлбэрээр түлхүү зохион байгуулагдаж байна. Цахим сургалтаар нэгэн зэрэг олон хүнийг хамруулах боломжтой учраас илүү үр дүнтэй байна. Харин танхимын сургалтаар нэг бүрчлэн эмч, мэргэжилтэн бүртэй тулж сэтгэл зүйн зөвлөгөө өгөх боломж хомс, хүн хүчний нөөц, цаг хугацаа ч хүрэлцэхгүй. Цахимаар сургалтыг явуулахын давуу тал нь голомтод улаан бүсэд ажиллагсад болон орон нутгийн салбарынхан ч хамрагдах боломжийг олгодог.

-Хариу арга хэмжээ хэр үр дүнтэй байна вэ?

-Үр дүнгийн тухайд шууд дүгнэх боломжгүй хэдий ч сургалтад хамрагдсан эмч мэргэжилтэн, ажилтнууд сургалт, мэдээлэл зөвлөгөө авах нь хэрэгтэй, үр дүнтэй байгаа талаар хэлэхээс гадна сургалтыг давтамжтай зохион байгуулах талаар ч санал ирүүлж байсан. Мөн судалгаанд хамрагдсан оролцогчдын 44 хувь нь халдварын голомтод тусламж үйлчилгээ үзүүлэх явцад сэтгэл зүйн дэмжлэг туслалцаа хэрэгтэй байдаг гэж мэдээлсэн.

П.БАТЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *