Categories
гадаад мэдээ

​Э.Макрон тэтгэврээсээ татгалзжээ ​

Францын Засгийн газрын тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудлаар хэрэгжүүлж буй бодлогыг эсэргүүцсэн жагсаал гурав дахь долоо хоногтоо үргэлжилж байна.

Тус улсын төрийн тэргүүн Э.Макрон тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг эсэргүүцсэн энэ жагсаалын үеэр хийсэн мэдэгдэл нь дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг татаад буй. Тэрбээр Францын хуульд заасны дагуу бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болсны дараа өөрт нь ногдох сар бүрийн тэтгэвэр болох 6220 еврогийн тэтгэврийг авахгүй гэдгээ мэдэгджээ. Учир нь ард иргэдийн бухимдлыг хүргээд буй тэтгэврийн хуулийг стандартчилах ёстой гэж үзэн ийм арга хэмжээ авсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр Э.Макрон шагналын тусгай горим эдэлдэг тус улсын цорын ганц эрх мэдэлтэн болох талаар онцолжээ. 1955 оны хуулиар төрийн тэргүүнүүд бүрэн эрх нь дуусгавар болсны дараа бүх насаараа сард 6220 еврогийн тэтгэвэр авдаг аж. Э.Макроны хувьд бүрэн эрхийн хугацаа нь 2022 онд дуусгавар болно. Үүний дараа тэрээр тэтгэвэр авахаас татгалзсанаар бусдад үлгэр дуурайл болох гэнэ.

1955 онд баталгаажуулсан энэхүү хуулийг цаашид Францын ямар ч ерөнхийлөгч ашиглахгүй байхыг тэрээр хүсч байгаа аж. Дашрамд дурдахад, энэ сарын эхнээс Францад тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн давалгаа өрнөх болсон. Эрх баригчид зарим нь буулт хийж, тэтгэврийн насыг 62-оос 64 болгон нэмэгдүүлэхийг 2027 он болгон хойшлуулсан ч эсэргүүцэл намжихгүй хэвээр буй юм.

Үйлдвэрчний эвлэлүүд эрх баригчид тэтгэврийн шинэчлэлийн төслөөс нэг мөр татгалзах хүртэл эсэргүүцлээ үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *