Categories
мэдээ улс-төр

Э.Эрдэнэжамъян: Цөөнх Ерөнхий сайдыг огцруулах санал тавих Үндсэн хуулийн боломжгүй болох нь

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъянтай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ярилцлаа.


АХНҮндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаа юу. Ямар байр суурьтай байгаа вэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ сайжруулж хийх ёстой. Сайжруулна гэдэг нь үндсэндээ ард түмэнд, сонгогчдод өгөөжтэй байхыг хэлж байгаа юм. Эсвэл ардчилал, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх ёстой. Харамсалтай нь МАН-ын хэлэлцэж байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гол агуулга аль ч сайжруулалт руу чиглэхгүй байгаа. Зөвхөн дарга нарын эрх мэдлийг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Энэ нь улс төрийн шинжлэх ухааны хэллэгээр дарангуйлал руу явж байна. Үндсэн хуульд дарга нарын сонгогдох, томилогдох хугацааг уртасгаж, өөрсдөдөө эрх мэдлийг авсан байдлаар нэмэлт, өөрчлөлт хийх юм бол үүнийг төрийн эргэлт гэж нэрлэдэг. Учир нь түмнээс асуулгүйгээр өөрсдөдөө эрх мэдлээ нэмж байна гэсэн үг. Тиймээс Монголын ардчилал бэхжих биш дарангуйллын зам руу орж байна гэж хэлж болохоор байгаа.

-Яагаад дарангуйллыг бий болгоно гэж. Энэ тухайгаа тодруулаач?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тодорхой заалтуудаар тайлбарлая л даа. Парламентад олонх болсон нам Ерөнхий сайдыг томилдог. Өнөөдөр үйлчилж байгаа Үндсэн хуулиар УИХ-ын гишүүд Ерөнхий сайд буюу Засгийн газрыг буруу үйл ажиллагаа явууллаа, улс эх оронд хор хохирол учрууллаа гэж үзвэл огцруулах нь нээлттэй. Харин одоогийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр дор хаяж 19 гишүүн огцруулах санал гаргана, гэхдээ дараагийн Ерөнхий сайдын нэрийг хамт оруулна гэж байгаа юм. Энэ нь цөөнхийн бүлгээс Ерөнхий сайдыг огцруулах санал тавих Үндсэн хуулийн боломжгүй болгож байгаа. Цөөнх буюу сөрөг хүчин дараагийн Ерөнхий сайдын нэрийг өргөн барих Үндсэн хуулийн эрхгүй болох нь. Дээрээс нь зөвхөн олонхоос Ерөнхий сайдыг томилно гэж байгаа. Цаад утгаараа 20, 30 гишүүнтэй сөрөг хүчний намын дарга Ерөнхий сайдыг томилох эрхгүй. Ерөнхий сайдын нэрийг дэвшүүлээд ороод ирэхээр Үндсэн хуулийн боломж байхгүй гэх тайлбарыг өгнө. Ерөнхий сайдын нэргүйгээр ороод ирэх юм бол “Үндсэн хуульд зааснаар дараагийн Ерөнхий сайдын нэрийг оруулах ёстой” гээд гацаачихна. Энэ зөвхөн эрх баригч намын дотоод асуудал болж хувирч байгаа. Алдаа дутагдал гаргавал сөрөг хүчин зөвхөн шүүмжилнэ. Эрх баригч намын дотоодод хөдөлгөөн гарсан ч Ерөнхий сайдыг огцруулахад хаагдмал. Эрх баригч намаасаа 19 гишүүн олоод, мөн өөрийгөө илчлээд Ерөнхий сайдыг огцруулах бөх зүрхтэй хүн энэ тогтолцоонд бараг олдохгүй. Өөрөөр хэлбэл, ялсан намын дарга парламент, Засгийн газар дээрээ байр суурьтай учраас шүүх, шүүхийн ерөнхий зөвлөлийг бүрдүүлэхэд асар хүчтэй оролцож байгаа. Цагдаа, тагнуул, шүүхийг барьж байгаа намын даргын өөдөөс “Би таныг огцруулна” гээд явах хүн байхгүй.

-Засгийн газрыг тогтвортой байлгахын тулд дээрх өөрчлөлтийг хийж байгаа гэдгийг хууль санаачлагчид хэлж байгаа л даа.

-Монгол болоод дэлхий дахины түүхэнд шударга байж байгаад огцорсон Засгийн газар гэж байдаггүй. Дандаа л ямар нэгэн алдаа гаргасан байдаг. Тэгэхээр Засгийн газар ямар нэгэн үндэслэлтэй байж огцордог юм. Гэтэл одоо үндэслэл байсан ч огцрохгүй болж байна. Монголын ард түмэн алдаа гаргасан, төрийн мөнгийг завшсан хүмүүсийг байлгаад байх сонирхолгүй. Бид аль болох сольж, хариуцлага тооцож чаддаг байхыг хүсч байгаа. Засгийн газар тогтвортой байна гэдэг даргыг нь хэмжээ хязгааргүй эрх мэдэлтэй, хаан байхыг зөвшөөрч байна л гэсэн үг. Тэгэхээр Монголын ард түмэн ийм сонголтыг хийхгүй байх гэж бодож байна. Ямар ч алдаа гаргасан хэзээ ч солигддоггүй Ерөнхий сайдтай байна гэдэг дарангуйллыг тогтоож байгаа хэрэг.

Мөн парламент дахь сөрөг хүчнийхээ эрх мэдлийг төсөв дээр хумьж байгаа. Засгийн газрын оруулж ирсэн төсөв дээр УИХ-ын гишүүд санал хэлэх эрхгүй. УИХ-ын гишүүн “Манай тойрог дээр ийм санал байна” гээд оруулаад ирэхэд “Чи цөөнхийн хүн учир санал хэлэх эрхгүй” гэчихнэ. Бүх саналаа Засгийн газар буюу олонхын бүлэг дээрээ хэлэлцэж байгаад ороод ирнэ. Цөөнх болсон намын гишүүд төсөв дээр ямар ч эрхгүй болж байна гэсэн үг. Үүгээрээ УИХ-ын гишүүний бүрэн эрхийг булааж байна. Үүнээс гадна намуудын санхүүжилт, намуудыг татан буулгах эсэхийг Үндсэн хуулиар зохицуулж байгаа юм билээ. Эрх баригч намын дарга таалагдахгүй сөрөг хүчнийг төсвөөр нь боомилох, хянан шалгах, татан буулгах эрхийг гартаа авч байна. Ингээд үзэхээр эрх баригч намын дарга Засгийн газрын, УИХ-ын бүрэн эрх, шүүхийг томилох, сөрөг хүчнээ татан буулгах, хэзээ ч огцрохгүй байх бүрэн эрхтэй болж байна. Энэ нь эргэлт буцалтгүй дарангуйлал руу орох зарчим болчихож байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийж байгаа хүмүүс “Бид парламентын засаглал руу явж байгаа” гэж тайлбарлаад байгаа юм.

Харин энэ нь парламентынхаа бүрэн эрхийг байхгүй болгочихож байгаа хэрэг юм. Дээрээс нь шүүгчээр ажиллаж байгаа хүмүүс шударгаар ажиллаж магадгүй гээд бодтол парламент дээрээ шүүхийн бүрэн эрхийг аваад ирсэн. Өөрөөр хэлбэл, нотлох баримт цуглуулах, гэрч дуудах зэрэг шүүхэд харьяалуулсан бүрэн эрхийг УИХ руу татчихаж байгаа юм. УИХ өөрөө нэгэнт шүүхийг томилж байгаа байгууллага болчихсон байдаг. Энэ тохиолдолд томилж байгаа байгууллагын аваад хэлэлцэх асуудлыг шүүгчид дур мэдэх эрхгүй болж байна гэсэн үг. Тэр утгаараа шүүхийг өөрийн бүрэн хараат болгож байна. Эрх баригч намын “Далайсан газар нь далд орж, далласан газар нь гарч ирдэг” л байгууллага болно. Энэ нь Үндсэн хуульд чимээгүй эргэлт хийж, Засаглалын эрх мэдлийг хуваарилах онолыг хөсөрдүүлж байгаа гэсэн үг. Онол, зарчим, шинжлэх ухааны ололтын эсрэг өөрчлөлт хийж байна. Энэ нь зөвхөн эрх баригч намд зориулагдсан хууль болчихжээ. Гэхдээ Үндсэн хууль үйлчилж эхлэхээс өмнө өөр нам ялчихвал яах уу. МАН-ынхан энэ үйлчиллийг хүсэх болов уу. Тиймээс үүнийг дотроо бодмоор байгаа юм. Үндсэн хуулийн шинжлэх ухаан дарангуйлагчгүй улс орныг бий болгохын төлөө хөгжиж ирсэн ухаан шүү дээ. Ардчилал манай улсад зохино, муу төр гарвал сольж байх ёстой, ард түмэн сайхан амьдрах хэрэгтэй гэж бодож байгаа бол ийм өөрчлөлт хийх ёсгүй. Гэтэл АНУ-д төгссөн гэж яриад байгаа Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ болоод Үндсэн хууль судлалаар мэргэшсэн туршлагатай парламентчид энэ өөрчлөлтийг хийж байгаа нь харамсалтай.

-МАХН-аас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд ямар санал хүргүүлсэн бэ?

-Бид саналаа илэрхийлсэн. МАХН-ын санал болгож байгаа Дээд хуулийн зарчмыг нэгэнт бүхлээр нь авч тавихад хэцүү байгаа бол тодорхой заалтуудыг өөрчлөхийг хүсч байна гэдгээ хэлсэн. Жишээ нь, дордуулсан долоон заалтыг эргээд хэвэнд нь оруулах хэрэгтэй. Хэдий өөрчилж байна гэж ярьж байгаа ч нэгийг нь өөрчлөөгүй. Байгалийн баялаг ашигт малтмалыг ард түмний өмчид байна гэж заагаад өгчих гэхээр “Түүнийг органик хуулиар шийднэ” гэчихэж байгаа юм.

Ард түмний тусын тулд Баялагийн сан үүсгэнэ гээд л толгой эргүүлж байна. Цаад санаа нь өнөөдрийг хүртэл гадныханд өгсөн баялагаа тэр чигт нь өгчихье, өөрсдөө авсан ашигт малтмалаа өөсрдөдөө үлдээчихье гэж байгаа хэрэг. Ард түмэнд өгөх ёстой биш билүү гэхэд “Бид татвараа төлж байгаа, татвар бол ард түмний сайн сайхны төлөө байна” гэсэн л зүйлийг хэлж байна. Ийм худал хуурмаг, залилан мэхлэх шинжтэй өөрчлөлтүүдийг хийж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *