Categories
мэдээ цаг-үе

Э.Дагиймаа: Бид ихийг нэхэхгүй, багыг чамлахгүй

Монголын телевизүүдийн холбооноос мэдээлэл хийхдээ Үндэсний баяр наадам, АСЕМ-ийг хамтарч үзэгчдэд хүргэнэ гэж зарлав.

Монголын телевизүүдийн холбооны гүйцэтгэх захирал Э.Дагиймаа ийнхүү мэдээллээ.

-Үндэсний баяр наадмыг манай гишүүн телевизүүд дөрвөн байрлалаас шууд дамжуулна. Долдугаар сард Монголын телевизүүдийн холбооны гишүүн 16 өргөн нэвтрүүлгийн телевиз хамтдаа Үндэсний их баяр наадам болон АСЕМ-ийг шууд дамжуулна. АСЕМ-ийн болон Үндэсний их баяр наадмын мэдээлэл бүх телевизийн эфирт ирнэ. Телевизийн залуус мэдэж байгаа. Төв цэнгэлдэхэд 40-50 камер байрлуулахгүйгээр онцгой эрхтэй арван камер ажиллаж, мэргэжлийн өндөр түвшинд хүргэнэ. 16 телевизийн найруулагчид сонголтоо хийж үзүүлнэ. Телевиз юугаа үзүүлж харуулах нь тухайн телевизийн мэдлийн хэрэг. Бид олимп хүргэж байсан шигээ мэргэжлийн өндөр түвшинд бөх, хурдан морь, сурыг тайлбартайгаар хүргэж байгаа. Бид яагаад ингэж хамтарсан гэхээр нэгдүгээрт, мэргэжлийн өндөр түвшинд, олон талаас нь мэдлэгтэй, тайлбартайгаар хүргэхгүй бол телевиз болгон ирээд бичлэг хүргэхээр дүрс нь муу, байрлал олддоггүй, тайлбарлагч нар үнэд ордог, сайн тайлбарлагч олддоггүй. Энэ мэтээс болоод үзэгчид сэтгэл дундуур үлддэг. Өнгөрсөн жил Үндэсний баяр наадмыг хамтдаа дамжуулахад үзэгчид янз бүрээр үнэлсэн. Гэхдээ сэтгэл хангалуун үлдсэн хүн илүү олон байх аа. Энэ удаа бид технологийн шинэ шийдлүүдийг гаргаж тавих юм. Бид ноднин тав, зургаан нисдэг дрон нисгэхээр бэлтгээд, хууль тогтоомжоос шалтгаалаад чадаагүй. Энэ технологийг ашиглах боломж нээгээч гэж наадам болохоос гурван сарын өмнө зарлаж байна. Урьд нь наадмын өмнө хамтрах гэж байгаагаа зарлаж байсан. Одоо ингэж эрт зарлаж байгаа учраас цагдаа, хүчний байгууллага, наадмын комиссынхон анхааралдаа аваасай гэж хүсч байна. АСЕМ-ийн хувьд Ерөнхийлөгчийн Тамгын газар, АСЕМ-ийг зохион байгуулах ажлын хэсэгтэй хуралдаад, ойлголцолд хүрсэн. Мэдээж АСЕМ олон улсын хурал учраас олон улсын том телевизүүдийн зөвлөхүүд ирж зөвлөсөн. АСЕМ-ийг олон талаас нь хүргэх боломж нээлттэй байгаа. Дэлхийн улс орнуудын төрийн өндөр дээд түвшний хүмүүс Олон улсын нисэх онгоцны буудалд бууж байгаагаас авахуулаад, АСЕМ-ийн салбар хуралдаануудыг сонголттойгоор үзэх боломжийг бид үзэгчдэдээ олгох юм гэж ярилаа. Үүнийхээ дараа тэрбээр үзэгчдээс авдаг хураамжийн асуудлаар ярьсан юм. Энэ тухай түүнээс тодрууллаа.

-Үзэгчдээс авдаг хураамжийн тодорхой хэсгийг Монголын телевизүүдийн холбоо авах талаар Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчидтэй хэлэлцээ хийж байгаа юм байна. Энэ яриа хэр амжилттай өрнөж байгаа вэ?

-Монголд чөлөөт хэвлэл, телевиз үүсч хөгжөөд 25 жил болсон байна. Энэ хугацаанд үзэгчээс хураамж авч байсангүй. Харин бидний дунд гүүр болсон Олон сувгийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд хэрэглэгчдээс мөнгө авдаг. Энэ мөнгийг бидэнд ирдэг гэж хэрэглэгчид ойлгодог. Ийм юм байхгүй. АйПи ТВ буюу олон сувгийн үйлчилгээ эрхэлдэг компаниудыг үзэгчдээс авдаг хураамжаасаа тодорхой хэсгийг манай холбооны гишүүн телевизүүдэд өгөх шаардлага тавьж байгаа. Одоо хэлэлцээрийн шатанд авах хувиа ярилцаж байна. АйПи ТВ бас бизнес хийж байгаа компани. Бид бусдын бизнест оролцох гээгүй. Бидний контентыг хүмүүст хүргэж мөнгө олж байгаа учраас тодорхой хэмжээний хувь авъя л гэсэн юм. Ихийг нэхээгүй, бага гэж чамлахгүй, эхний алхмаа хийе гэсэн юм. Та бүхэн мэдэж байгаа, МҮОНТ төрөөс татаас авдаг, үзэгчдээс хураамж авдаг, тодорхой хэмжээгээр зар сурталчилгаа явуулдаг. Чөлөөт өрсөлдөөний зах зээлд манай телевизүүд зөвхөн зар сурталчилгаагаар мөнгө олоод өрсөлдөөд явна гэдэг хүнд байна. АйПи ТВ ч гэсэн нааштай хандаж байгаа. Хэлэлцээрийн үр дүнгээс шалтгаалаад асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэсэн байр суурьтай байгаа.

-Бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа үйлдвэрлэгчид бага мөнгө очоод, орлогынх нь багагүй хувь түүнийг нь зарж борлуулж байгаа дэлгүүрт очдог гаж гэхээр тогтолцоо Монголд бий. Энэ асуудлыг яаж шийдэх бололцоо байна вэ?

-Хамгийн гол нь бидний контентыг тэд зарж байна. Бид нэг контент хийхэд зардал өндөр гардаг. Тухайлбал сониныхон та бүхэн мэдээ бэлтгэх явцад унаа тэрэг, хоол унд, утасны зардал, хэвлэлтэд ороход цааснаас авахуулаад зардал их гардгийг мэдэж байгаа. Гэтэл сонин борлуулагч нар сониноо 500-гаар зарсан мөртлөө та бүхэнд зууг нь өгөөд, өөрсдөө 400-г нь авч таарахгүй шүү дээ. Олон сувгийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд өнөөдөр монгол контентыг үнэгүй гэж үздэг. Тэгсэн мөртлөө HBO ч юм уу дэлхийд алдартай сувгуудад үнэ төлдөг. Үзэгчдийн судалгааг харахад гадны сувгийг үздэг ч монгол хүн юм чинь монгол сувгаа үздэг, Монголд болж байгаа үйл явдлаа сонирхдог, мэдээгээ үздэг. БНСУ-д нэг ийм жишиг байдаг юм билээ. Хэрэв АйПи ТВ бидний контентыг борлуулчихаад мөнгө өгөхгүй бол бид өөрсдийн сувгаа татдаг. Өөрөөр хэлбэл бид АйПи ТВ-гээс 16 өргөн нэвтрүүлгийн сувгаа татаж болно. Бидэнд тийм эрх бий. Ай Пи ТВ бидний сувгийг холбож байгаа, үнэгүй явуулж байгаа гэж эрх авдаг. МҮОНТ-ийг үздэг гээд манай үзэгчид мөнгө төлдөг. “Та нарт их мөнгө төлдөг” гээд биднийг бас загнаад байдаг. Гэтэл бидэнд нэг ч төгрөгийн хураамж ирж үзээгүй юм. Тэгэхээр бид Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчидтэй хэлэлцээд, тодорхой хэмжээний мөнгө төл гэж байгаа. Бид дааж давшгүй ихийг нэхэхгүй байгаа. Том мөнгө яриад яахав 500, мянгаар эхэлье. Телевизүүдийн хөгжилд шинэ үеийг авчиръя гэсэн юм. Тэгэхгүй бол 16 телевиз бор зүрхээрээ явж байгаа. Төрөөс ямар ч мөнгө авахгүй байна. Зар сурталчилгаа хийж байна. Олон хүнийг ажлын байраар хангаж, үнэтэй контент үйлдвэрлэдэг. Тэрийг зарим нь зарж мөнгө олж байна.

-Арилжааны телевизүүдийг зар сурталчилгаа хангалттай олж байгаа. Зар сурталчилгаагаараа амьдрах боломжтой гэж олон хүн боддог байх?

– Угаасаа бүх телевиз зар сурталчилгааны орлогоор амьдардаг. Телевизийн салбарын зохицуулалт нь муу учраас иргэд телевиз, кабель, суваг, сумын студи, продакшныг хүртэл ялгахын аргагүй болгож байна. Телевизийн зах зээлийн менежмент нь буруу байгаа учраас тэр л дээ. Яагаад бид өргөн нэвтрүүлгийн суваг гэдгээ онцолж байна гэхээр бид кабелийн суваг биш ээ. Өргөн нэвтрүүлгийн гэдэг нь Олон нийтийн телевиз шиг статустай, үйл ажиллагаа явуулдаг, түүн шиг чиг үүрэг хариуцлагыг бид дүрэм журам хууль тогтоолоор хүлээдэг. Танин мэдэхүйн нэвтрүүлэг хийх ёстой гэх мэтээр олон үүрэг хүлээж авдаг. Олон нийтийн телевизтэй адилхан шаардлага тавьдаг мөртлөө тэрэнтэй адилхан эдийн засгийн механизм бидэнд үйлчлэхгүй байна шүү дээ. Үнэхээр шаардлага тавьж байгаа бол бид ч бас үзэгчийн хураамж авмаар байна, төрөөс мөнгө авмаар байна. Шаардлага, эдийн засгийн хөшүүрэг хоёр нь зохицолдохгүй байна.

Ямар ч нөхцөлд бид контент үйлдвэрлээд, миний барааг дундаас нь бусдад зараад мөнгө олоод байна гэдэг системийн хувьд байж таарахгүй. Олон суваг дамжуулах үйлчилгээ ч бас шинэ бизнес.

-Олон шинэ телевиз адилхан мэдээ, нэвтрүүлэг хийдэг гэсэн шүүмжлэл явдаг. Ялгарал бий болгоход Монголын телевизүүдийн холбоо ямар нэг үүрэг гүйцэтгэх үү?

-Ялгаатай байж болно. Гэхдээ Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан журамд чи заавал хүүхэлдэйн кино хий, өв соёлыг сурталчилсан нэвтрүүлэг хий гэх мэтээр хувь тогтоосон заалтууд тулгадаг. Энэ нэгдсэн стандарт чинь ялгарах аргагүй юм тулгаад байгаа биз дээ. Бод доо, ТВ-5 телевиз өөр уриатай, өөр менежменттэй явах гэж байсныг МҮОНТ-ийн стандартыг тулгахаар ялгарах аргагүй. Одоо биднийг “Цагийн хүрд” шиг мэдээ хий гэдэг шаардлагыг бараг тавиад байна шүү дээ. Энэ стандарт буруу байна гэж бид яриад байгаа.

-Арилжааны гэгддэг телевизүүдийн хувьд төрөөс, олон нийтээс тодорхой хэмжээгээр дэмжлэг авах өөр ямар боломжит хувилбар байж болох вэ?

-Бид өрсөлдөөнөөр гарч ирнэ. Гэхдээ зөв менежмент бол үзэгчдээсээ хураамж авах юм. Төрөөс мөнгө авахгүй. Төрөөс мөнгө авна гэхээр төрөөс хараат болчихно. Цензурт орчихно. Төрөөс мөнгө авахгүй байх нь зөв. Үзэгчид, гүүр болоод явж байгаа дамжуулагч компани бидэнд мөнгө төлдөг энэ менежмент зөв. Ийм тогтолцоо руу Монголын телевизүүд орох ёстой.

-Сонгуулийн үеэр мэдээллийн хэрэгслүүд мөнгө олдог гэж хүмүүс хардаг. Гэхдээ Сонгуулийн хуулиар энэ боломж олгогдсон уу?

-Хүмүүс тэгж хардаг. Гэхдээ энэ бол боломж биш. Өнөөдр Монгол Улсын Сонгуулийн хуулиар 60 минутын сурталчилгааны цаг телевизүүдэд гаргасан. Нэг телевиз 12-24 цагийн эфиртэй. Түүний нэг цаг нь сурталчилгааны цаг. Тэр цагт хүн ярилцлаганд орно. Тарифийг нь Харилцаа холбооны зохицуулах хороо журмаар заачихсан. Миний өмнөх хуушуурын үнийг, хэнд өгөхийг маань зааж өгөхөөр сонгуулийн үеэр ялангуяа 18 хоногийн сурталчилгаагаар телевизүүд мөнгөтэй болно гэсэн ойлголт байхгүй. Нэр дэвшигчид телевизэд л их мөнгө төлдөг мэтээр ярьдаг. Үнэндээ иргэнд санал худалдаж авах гэж тараадаг мөнгө нь их байдаг байх гэж боддог.

-Монгол контентыг ихэсгэх агуулгатай хууль та бүхэнд дэмжлэг болж байна уу, дарамт болдог уу?

-Монгол контент ойлголтын зөрүүтэй байна. Салбарын нэг агентлагт очоод монгол контентын тухай ярихад клип монгол контентод орохгүй гээд байгаа юм. Тэр клипийг монгол оператор зургийг нь аваад, монгол дуучин дуулсан. Энэ монгол контент мөн үү, мөн. Монгол уран бүтээлч, монгол сэтгүүлч, найруулагч ажилласан бүх юм монгол контент мөн. Нөгөө хэсэг нь контент гэдгээ уран сайхны кино, шоу нэвтрүүлэг, сериал гэж ойлгодог. Клип, жижиг мэдээнээс авахуулаад бүх юм монгол контент. Мэдээ бол контент шүү дээ. Өнөөдөр бид дэлхийн 40 оронтой мэдээ солилцож байна. Контентоо солилцож байгаа хэрэг. Гэтэл манайхан мэдээг контент гэж үзэхгүй үйл явдал гэж хардаг. Монгол контент гэж нэгдсэн ойлголттой болмоор байна. Уран сайхны нэвтрүүлэг, нийтлэлийн нэвтрүүлгээ ялгахгүйгээр хууль дүрэм журам хийхээрээ бидэнд саад болоод байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *